
Монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан Америкийн судлаач Рой Чапмэн Эндрюс Монгол орноор аялсан тухайгаа “Эртний хүний мөрөөр” номондоо тодорхой өгүүлсэн байдаг. Тэрбээр 1922-23, 1925 онд манай орноор аялан, эртний хүний ул мөрийг хайх явцдаа монгол орны ан амьтны талаар багагүй судалгаа хийжээ. Ингэж явахдаа Монголын говийн хэвлийд өлгийдөгдөн үлдсэн үлэг гүрвэлийн ховор олдворуудыг нээж, энэ тухайгаа өрнийхөнд анх танилцуулж байсан юм. Энэ тухай өгүүлэх “Эртний хүний мөрөөр” ном монгол хэлнээ орчуулагдан уншигчдын гарт хүрч байна. “Цагаан гэр дээгүүр нь хөөрөн нисдэг элээ шиг эрх чөлөөтэй монголчууд Чингэс хааны үед дэлхийг донсолгож байсан” хэмээн Эндрюс аян замын тэмдэглэлдээ бичжээ.