Орчуулгийн уран зохиолын шилдэг 10 ном

Хуучирсан мэдээ: 2010.12.26-нд нийтлэгдсэн

Орчуулгийн уран зохиолын шилдэг 10 ном

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Интерном” номын их дэлгүүр уншигчдын хүсэн хүлээдэг “Grand book” уламжлалт ёслолын ажиллагааг жил бүр зохион байгуулдаг билээ. Тус номын дэлгүүрээс 2010 онд борлуулалтаараа тэргүүлсэн 100-н шилдэг номыг арван төрөл зүйлээр шалгаруулан жагсаалтыг гаргажээ. Үүний орчуулгийн уран зохиолын төрөлд шилдгээр шалгарсан 10 номыг танилцуулж байна.  

    Монте Кристо гүн
     
    Зохиогч: А.Дюма
    Эрхлэн гаргасан: “Монсудар” хэвлэлийн газар  

     
    Францын аугаа их бичгийн хүн А.Дюмагийн /1802-1870/ уран бүтээлийн хамгийн эрчимтэй үе нь 1840-1870 он хэмээн судлаачид тэмдэглэсэн байдаг. Үнэхээр ч энэ хугацаанд “Монте Кристо гүн”, “Шадар гурван цэрэг”, “Хорин жилийн хойно”, “Бражелон бээл” зэрэг романууд болон бусад олон туурь, жүжиг, замын тэмдэглэл гэх мэт даян дэлхийд алдар нь түгсэн бүтээлүүдээ туурвисан байдаг. Дюмаг 1892 онд Эльба арлаас холгүй байдаг Полонез арал дээр ан хийж явахад нь “Монте Кристо гүн“ романы санаа анх төрсөн гэдэг. Хажууханд нь байсан “Монте Кристо” гэдэг арлын нэр зохиолчийн санаанаас гаралгүй явсаар Парист буцаж ирээд чухам юуны тухай бичихээ товлоогүй атлаа хэвлэлийн газартай “ийм нэртэй зохиол бичнэ” хэмээн гэрээ хийчихжээ. Ингэж байтал Парисын цагдаагийн газрын архивын ажилтан Жак Пешегийн дурсамжаас энэ зохиолын гол утга санаа, зангилааг санамсаргүй олж авсан байна.
     
    Зуун жилийн ганцаардал
     
    Зохиогч:  Габриэл Гарсиа Маркес
    Эрхлэн гаргасан: “Монсудар” хэвлэлийн газар

     
    Колумбын алдарт зохиолч Габриэл Гарсиа Маркесийн 1967 онд бичсэн “Зуун жилийн ганцаардал” бол Латин Америкийн орнуудын шилдэг романы нэг бөгөөд Маркес энэ бүтээлийг туурвисны учир утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн билээ. Зохиолын үйл явдал Макондо хэмээх нэгэн жижигхэн хотод өрнөх бөгөөд энэ нь Колумбын түүхэн үйл явдалтай салшгүй холбоотой юм. Энэ зохиолд хотыг үндэслэгч чөлөөт удирдагч Хосе Аркадио Буэндиагийн нууц үйл ажиллагааны тухай хийгээд түүний гэр бүлийнхний ганцаардмал амьдралыг өгүүлдэг.
     
    Чонон сүлд
     
    Зохиогч: Зян Рун
    Эрхлэн гаргасан: “Монсудар” хэвлэлийн газар
     
     
    Хятадад гарсан даруйдаа л тус улсад ойрын жилүүдэд хэвлэгдээгүй гүйлгээтэй номын нэг болсон юм. Улмаар өрнөдийн уншигчид эл номыг олноор шимтэн унших болж, Англи, Франц, Герман, Итали, Испани гээд 30 гаруй орны хэл дээр аль хэдийн гараад байна. “Чонон сүлд” романыг Монгол хэлнээ орчуулагч Д.Болдбаатар хөрвүүлэн, Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаснаар манайх эх хэл дээрээ хэвлэсэн 32 дахь орон болсон билээ. Энэхүү оюуны бүтээлийг гаргаж, уншигчдын хүртээл болгоход Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, Байгаль орчныг хамгаалах төслийн баг хамтарч ажилласан юм. Зян Рун гуай номынхоо өмнөтгөлд “Үзэмж төгөлдөр, эрх чөлөөт байдлаа хадгалсаар байгаа Монгол Улсын их тал нутагт энэ номыг зориулав” гэж бичжээ. Мөн тэрээр Монголын тал болон чононд хайртай болсноо “зөвхөн байгалийн гайхалтай үзэмжид нь автаад зогсоогүй, нүүдэлчний амьдралд түүнээс ч илүү үнэ цэнэтэй маш их зүйл байгааг би ойлгосон юм” хэмээн тодотгосон байна. Түүнд “Чонон сүлд” номоо бичихэд нь Өвөр Монголын тал нутагт 11 жил амьдарч, монгол малчидтай ойр дотно харилцаж явсан нь ихэд тус болжээ. Дашрамд дурдахад, Зян Руны энэхүү гайхамшигтай зохиолоос сэдэвлэн Оскарын шагналт Францын кино найруулагч Жан Жак Аннойдын “Чонон сүлд” хэмээх дэлхийн хэмжээний кино бүтээхээр зураг авалтын ажлаа аль хэдийн эхлүүлжээ.
     
    “Бүрэнхий” зохиол
     
    Зохиогч:  Стефини Мэйер
    Эрхлэн гаргасан: “Монсудар” хэвлэлийн газар

     
    Орчин цагийн дэлхийн утга зохиолд цахиур хагалж буй Америкийн зохиолч Стефини Мэйерийн “Бүрэнхий” хэмээх зохиолыг монгол хэлнээ хөрвүүлэн Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаад байна. Мэйерийн “Бүрэнхий” бүтээл нь англи хэл дээр анх хэвлэгдсэн даруйдаа сая сая уншигчдыг байлдан дагуулж, нэр нөлөө бүхий сэтгүүлүүдээс гаргадаг хамгийн өндөр борлуулалтай номын жагсаалтыг тэргүүлжээ. Тухайлбал, “Нью-Йорк Таймс” сонины бестселлер ном, “Teen People” сэтгүүлийн “Hot list” жагсаалтад багтсан байна. Түүнчлэн “Amazon”-аас хүртэл “Одоогоо сүүлийн арван жилд гарсан хамгийн сайн бүтээл” хэмээн тодорхойлоод байгаа юм. Бүрэнхий зохиолынхоо санааг зохиолч тун санамсаргүйгээр олж авчээ. Тэрээр зүүдэндээ залуухан хос бяцхан довцог дээр гараад суучихсан чухал сэдвээр хөөрөлдөж байхыг үзсэн байна. Бүсгүй нь энгийн нэгэн харин залуу нь ер бусын үзэсгэлэнтэй цус сорогч байсан гэнэ. Стефини Мэйер сэрэнгүүтээ л энэхүү этгээд зүүдээ ноороглосон байна. Ингээд өдөр алгасалгүй бичсээр гурван сарын дараа “Бүрэнхий” зохиол дуусгажээ. “Бүрэнхий” зохиолд төсөөлөмгүй, итгэмээргүй зөгнөлт нөхцөл байдал дээр хүний гүн гүнзгий мөн чанарыг агуулсан баатруудыг амилуулсан нь дэлхийн уншигчдын хорхойг гижигдэж байгаа нь нууц биш билээ. Үүгээр зогсохгүй дээрх зохиолоос сэдэвлэн кино хийгдэж сая сая үзэгчийг кино театр руу “зүглүүлж” чадсан юм. “Бүрэнхий” нь араасаа олон цуврал зохиол төрүүлж байгаа бөгөөд тэдгээр нь ч гайхам амжилтыг эзэндээ авчирсаар байна. Одоогоор тус цуврал зохиолын хэвлэх эрхийг дэлхийн тавь орчим орон авсан хийгээд нийтдээ 85 сая хувь борлогдоод байгаа аж.
     
    Сургамжит өгүүллэгүүд 1,2,3
     
    Эрхлэн гаргасан: Эмпати төв

     
    Хэдэн жилийн хөдөлмөрөөр бүтсэн энэхүү энгүүн номын цувралд хүмүүсийн зан чанар, хүний мөс, сэтгэл санаа, хоорондын харилцаа, амьдарч буй орчны нөлөөг өгүүлдэг. Утга агуулгаараа хүнд нэгийг бодогдуулсан энэхүү өгүүллэгүүдээр бяцхан мэдлэг бага зэрэг дурсамж, хэсэгхэн аз жаргал хүртээхийг зорьсон. Зүгээр нэг уншаад өнгөрөх өөр. Харин өгүүллэг болгоныг тогтон уншиж сэтгэлдээ амилуулах аваас таны сэтгэлийн гүндэх чавхдасыг хөглөхөөс гадна ерөнхий мэдлэгийн санд өөрийн хувь нэмрээ оруулна.
     
    Огиудас
     
    Зохиолч: Жан Поль Сатр
    Орчуулсан: Б.Баттогтох

     
    "Огиудас" роман бол хүний эрхийг тунхагласан, эрхчөлөөтөй байх эрхийг тунхагласан бүтээл юм. "Огиудас"-аа бичиж бай үед Сартрын хувьд эрх чөлөө гэдэг нийгмээс бүх л харилцаагаа таслах, даяанчлан харьших байдлаар туйлын ганцаардлыг олох явдал байв. Тэгээд ч тухайн үедээ роман цагаа олоогүй мэт санагдсан биз. Цаг үеэсээ ангид, цаг хугацаанаас ангид санагдаа биз. Аргагүй юм. Харин өнөөдөр. Хорьдугаар зууны төдийгүй өнөөдрийн оюун санааны хамгийн зангилаа асуудлуудын нэгийг хөндсөн ном. Сартрын дүрсэлсэн, хөгц идсэн нийгэмд буюу түүний тодорхой төлөөлөл болсон хөдөөх Бувиль хотод гэгээлэг сайхан хүмүүст орон зай үлдсэнгүй. Хиймэл ёсорхолын хаанчлалд умбасан нүүр царайгүй олон түмний хоосон цэцэрхэлд ямар их гашуун үнэн байнам. Залуу эр Антуан Рокантены үзэл бодол хийгээд үйл хөдлөл нь энэ бүхний эсрэг. Тэрбээрт юу ч байхгүй. Гэхдээ оюун санааны хүчирхэгжпийг олох замаар хувь хүнийхээ үнэ цэнийг олох гэж Рокантен махарна.
     
    Атлантын нуруу тэнийв
     
    Зохиолч: Айн Ренд
    Эрхлэн гаргасан: Монголын Либертари сан

     
    Жон Галт гэж хэн бэ? Эвдэн сүйтгэгч үү, аль эсвэл чөлөөлөгч үү? Энэ хүн яагаад өстөн дайснуудтайгаа биш, өөрөөр нь дутагдаж байгаа хүмүүсийн эсрэг тэмцах болов? Яагаад тэр хамгийн хатуу ширүүн тулааныг хартай эмэгтэйгийнхээ эсрэг хийнэ вэ? Зохиогч Айн Рэндийн энэхүү гайхамшигт номонд гэрч буй хачирхалтай эрэгтэй, эмэгтэй хүмүүс, тэдний амьдралыг сүйрүүлсэн толгой эргэм үйл явдлуудын цаад учир олж мэдсэнээр эдгээр асуултын хариултыг олж авах болно. Нэгэн бүтээгч суут оюутан яагаад зугаа цэнгэл хөөсөн баян залуу болон хувирч байгааг, гангийн үйлдвэрийн эзэн агуу оюунлаг бизнесмен яанаад өөрийгөө сүйрүүлэхийн төлөө ажиллаж багааг… та энэ номоос олж мэднэ.
     
    Якуза
     
    Орчуулсан: Д.Бадрал
    Эрхлэн гаргасан: Монголын Либертари сан

     
    Дэлхийн хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризм, тагнуул судлаач Америкийн профессор Девид Е.Каплан, сэтгүүл зүйн зүтгэлтэн Алек Дубро нарын "Якуза" бүтээл Монгол хэлээр хэвлэгдэн гарлаа. Танин мэдэхүйн, сургалт судалгааны, мэргэжлийн сурах бичиг болох энэ номонд Японы нийгэм, улс төр, эдийн засаг, гэмт хэргийн ертөнцийн үйл явдлыг баримтаар өгүүлсэн тул нэлээд маргаантай асуудлыг үүсгэж хэвлэлтэд оруулж чадал гүй олон жил болсны эцэст гаргасан юм байна. Зохиогчдын хориод жилийн судалгааны үр дүнд дэлхийн хоёр дахь том улс төр, эдийн засгийн нөлөөллийн тайзны ар талын хэсгийг "Якуза" номонд өгүүлсэн байна. Зохиогч Девид Е.Каплан Монголчуудад ирүүлсэн захидалдаа "Хэрэв би хэт их сэрэмжлүүлсэн бол өршөөгөөрэй, гэхдээ аюул хаа нэгтээ байж л таарна" гэжээ.
     
    Өвгөд
     
    Зохиолч: Улиьям Фолкнер
    Орчуулсан: Г. Аюурзана  

     
    АНУ-ын зохиолч Улиьям Фолкнерын энэхүү номоос та Америкийн Өмнөд нутгийнханы тухай Фолкнерын цуврал бүтээлүүдээс нэлээд алдартай заримыг нь олж унших боломжтой юм. Чухамхүү эл садвийг хөндсөнөөрөө зохиогч утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртжээ.Энэхүү номын цөм болсон “Баавгай” тууж бол ХХ зууны хүүрнэл зохиолын нэгээхэн гайхамшиг болж short novel хэмээх төрөл зүйлийн оргил бүтээл хэмээн судлаачид үнэлсэн байна. Мөн “Өвгөд” өгүүллэг нь “Америкийн аугаа их 50 өгүүллэг” антологд сонгогдсон билээ.
     
    Хятадын сонгодог утга зохиолын дээж бичиг, Их суртахуй,
    Сүнзийн дайтахуй ухаан, Шүүмжлэл өгүүлэл
     
    Орчуулагч: М.Чимэдцэеэ
     
    Эртний Хятадын гүн ухааны сэтгэлгээ, дайтахуйн эрдэм ухааны сонгодог судар болох эдгээр гурван сод бүтээлүүд нь өндөр дээдэс Күнзийн “Дөрвөн ном”, “Таван бичиг” цуврал номнууд болой. Нангиадын гүн ухааны сэтгэлгээний охь болох Күнзийн дэг суртаалын “Таван ном дөрвөн бичиг” хэмээх нь “Шүүмжлэл өгүүлэл”, “Ер думд бичиг”, “Их суртахуй бичиг” “Мэнз бичиг” энэ дөрөв бөгөөд дэлхийн 60 гаруй хэлээр орчуулагдаж, монголд анх удаа шинэ монгол үсгээр орчуулагдсан нь энэхүү гурван ном ажээ.
     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж