
Монгол Улсын Батлан хамгаалах яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам сүүлийн үед нийгмийн халамжийн чиглэлд хамтран ажиллах болсон нь үр дүнтэй хэрэгжиж байна. УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд “Хүүхдийн хөгжилд-хөгжим” төслийн өнчин өрөөсөн хүүхдүүдэд өвлийн хуьцас бэлэглэнэ гэж амлаж байсан билээ. НХХЯ-ны “Хүүхдийн хөгжилд-хөгжим” төсөлд хамрагдсан орон гэрээсээ алслагдмал 40 хүүхдэд цэргийн дүрэмт хувцасны “Бөртэ” үйлдвэрийн оёдолчдын урласан дулаан хувцсыг БХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ш.Сүхбаатар, Бодлогын хэрэгжилтийн газрын дарга, хурандаа Х.Батсайхан нар уржигдар гардуулан өглөө. НХХЯ-ны сайд Т.Ганди эл буянт үйлд талархаж буйгаа илэрхийлж “Өнчин өрөөсөн эдгээр хүүхдүүд хожмын өдөр Монгол орны хөгжилд өөрсдийн нэмэр хандиваа оруулах нь ойлгомжтой. Монголын батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинд ч зүтгэх хүүхдүүд эдний дотор байгаа. Хүүхдийн сайн сайхны төлөө бодитой хувь нэмэр оруулж байгаа БХЯ-ны удирдлагуудад баярлалаа” гэж байлаа. Өвлийн тэсгим жавраас хаацайлах дулаан хувцастай болсон хүүхдүүд морин хуурын тоглолт сонирхуулахаас гадна дурсгалын зураг татуулж баяр хөөр дүүрэн байлаа.