Нөөцийн махыг маргаашнаас худалдаална

Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

Нөөцийн махыг маргаашнаас худалдаална

Хаврын цагт махны үнийн хөөрөгдлийг зохицуулахаар төрөөс нөөцийн махыг худалдаанд гаргадаг ч иргэдээс тэр бүр чанарын шаардлагыг хангадаггүй гэсэн гомдол жилийн жилд гарч байдаг. Өнөөдрийн байдлаар ямааны мах нэг кг нь 2300-2500, хонины цул мах нэг кг нь 3400-3500, үхрийн цул болон жижиглэнгийн мах 3500-3800, харин адууных 2700-3000 төгрөгийн ханштай байна. Энэ сарын 5-наас буюу маргаашнаас нөөцийн махыг худалдаанд гаргах бөгөөд “Боса”,”Миний дэлгүүр”-ийн сүлжээ дэлгүүрийн 132 салбарт худалдаалагдах юм байна. "Одоогоор нөөцөд бэлтгэсэн нийт 3000 тонн махнаас  1325 тонныг энэ сард, үлдсэн 1475 тонн тавдугаар сард худалдаалахаар төлөвлөөд байна. Энэ удаад хэрэглэгчдээс нөөцийн мах яс ихтэй байдаг гэсэн гомдлын дагуу хонь, ямааны махыг нөөцөд бэлтгэсэн байгаа. Махны нийлүүлэлтийг "Багахангай махны үйлдвэр", "ТӨХК" болон есөн компани бэлтгэн нийлүүлсэн бөгөөд нөөцийн махыг нэг килограммыг 1900-2900 төгрөгөөр борлуулна” гэж нийслэлийн Захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Батсүх мэдээллээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж