XIX дүгээр зууны Испанийн их сэтгэгч Ортег И Гассет “Үймсэн олны тэсрэлт” нэртэй номдоо манай өнөөдрийн амьдралд болоод байгаа үйл явцтай ихээхэн ойролцоо зүйлийг өгүүлжээ. Боловсролгүй, өмчгүй, амьдралдаа хариуцлага хүлээж сураагүй олон түмэн нийгмийн өмнө тулгамдаад байгаа бүх асуудалд оролцож, шийдэхээр оролдох нь юунд хүргэдэг тухай. Тэр үед Европын ард олон харанхуй, бодит үнэнийг мэдээлдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж байхгүй, амьдралынхаа өдөр тутмын мэдээллийг зөвхөн хов жив, цуурхлаар авдаг байсан үе. Тийм нийгэмд хүмүүс бухимдаж, хорссон үедээ нөхцөл байдлыг эргэцүүлж, бодитой дүгнэлт хийхийн оронд хэн илүү чанга, уран гоё ярина, түүний үгэнд үнэмшиж, зөвхөн сэтгэл хөөрлөөр бүхнийг шийддэг тухай. Ингэж хөөрсөн олон боломж л гарвал гудамжинд гарч, жагсаж, бухимдлаа тайлахын тулд жирийн үед хийхийг ч бодоогүй зүйлээ хийхэд хүрдэг тухай. Энэ тухай нийгмийн шинжлэх ухаанд нэлээдгүй судлагдсан зүйл, “хөөрсөн олны гэмт хэрэг” хэмээх нэр томьёо, бодит түүх ч хүртэл байдаг байна.
Хэдхэн жилийн өмнө Киргизэд гарсан өнгөт хувьсгалын үеэр жагсагчид эрх баригчидтай тооцоо бодохоор төрийн ордон руу дайрч ороход тэнд хэн ч байсангүй. Гайхсан, үймсэн олон яахаа мэдэхгүй мэл гайхаж зогстол ордны нөгөө хаалгаар нэгэн эмэгтэй орж иржээ. Жагсаалын толгойлогчид дагалдагчдаа тайвшруулахын тулд эрх мэдэлтнүүдийн нэгнийх нь нэрийг хэлээд “Түүний нууц амраг нь явж байна” хэмээн хашгирахад уурлаж бухимдсан хүмүүс ямар ч эргэлзээгүйгээр гэмгүй эмэгтэйг хөнөөсөн байна. Тэдэнд хэн буруутай байх нь чухал биш, ямар нэг аргаар бухимдлаа тайлах нь л чухал байж.
Саяхнаас “Амлалтаа нэхэх ард түмний хөдөлгөөн” хэмээх Төрийн бус байгууллагыг улс төрийн нэгэн жижиг намаас санхүүжүүлэн гаргаж ирсэн нь сүүлийн үед нэлээд хүчээ авах янзтай. Хөдөлгөөний тэргүүнүүд өдөр дараалан хэвлэлийн бага хурал зарлаж, иргэний хөдөлгөөнүүдийг үүндээ нэгтгэхээр уриалж байгаа. Иргэний хөдөлгөөнууд эхнээсээ үүнд нь нэгдэн, бие биенээсээ урвахгүй байх гэрээг бичгээр байгуулаад зогсохгүй, цусан тангараг тавих юм болов. Тэднийг ингэж нэгтгэх болсон гол шалтгаан нь өнгөрсөн сонгуулийн үеэр намуудын амласан нэг сая, 1,5 саяын бэлэн мөнгөний амлалт. Сонгууль болсноос хойш хоёр жил өнгөрөөгүй байхад иргэний хөдөлгөөнийхөн амлалтаа биелүүлээгүй эрх баригчдыг огцруулах, УИХ-ыг тараах, Оюутолгойн гэрээг цуцлахыг шаардаж, иргэдийг үүндээ нэгтгэхээр уриалж байна. Эх орноо харьд худалдагсад, Хятадын гар хөл бологсдыг төрийн сэнтийгээс буулгаж, түмний өмнө бөхийлгөх тухай уриа лоозонгууд сонсогдож, олигархиудын өмч хөрөнгийг хураан ард түмэнд тарааж өгөх тухай ч чих дэлсэж эхлэв. Өөрийнх нь халаас хоосон байгаа учраас хэн нэгнийг “хагалж идэх” тухай ойлголт өнөөгийн соёлтой ертөнцөд лав хүлээн зөвшөөрөгдөх зүйл биш. Юм бүхэнд хуулийн дагуу үндэслэл, нотолгоо хэрэгтэй. Хэрэв тэрэндээ хүрвэл Өнгөрсөн зууны хориод оны большевик хувьсгалаас юугаараа ялгаатай гэж. Нэг үгээр хэлбэл Киргизэд болсон эмгэнэлт явдалтай адил зүйл манайд болохгүй гэх газаргүй болов.
Уг нь бидний амьдарч байгаа өнөөгийн нийгэм маань хувь хүний эрх чөлөөн дээр суурилсан, зах зээлийн ардчилсан нийгэм. Сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, амь амьжиргаагаа өөд татах бүх эрхийг хувь хүн буюу иргэнд өгсөн. Хувь хүн өөрөө амьдралаа мэдэх эрх чөлөөтэй, би өөрөө юуг нь хийх вэ, төр засаг юу хийх вэ, иргэний нийгэмд бид юуг нь найдах вэ, зах зээлээс юу олж авах вэ гэдэг нь тодорхой болчихсон нийгэм. Харин төр засаг үүнд нь чиглэсэн бодлогыг гаргаж өгөх ёстой. Гэхдээ энэ бол нэг хоёрхон жилд хийчихдэг зүйл биш. Нийгмийн шал өөр шатанд гарч байна гэдгээ зарласан 20 жилийн өмнөөс энэ бодлого тодорхой харагдах ёстой байлаа. Гэтэл энэ урт хугацааны бодлогыг гаргаагүй, хуучин социалист системийнх шиг төр бүхнийг мэдэгч, бүхнийг чадагчийн дүрд тоглож ирснийхээ горыг өнөөдөр амсаж байгаа нь энэ.
Дээр нь Монголын хүн амын бараг 95 хувь нь дунд боловсролтой, үүний тэн хагасаас илүү нь дээд боловсролын дипломтой гээд бодохоор XIX дүгээр зууны Европын нийгэмтэй харьцуулах аргагүй. Гэвч хамгийн чухал боловсрол болох иргэний боловсрол, хувь хүний боловсрол гээч юмыг арван жилийн сургууль байтугай их дээд сургуулиудын сургалтын программд ч байхгүй. Тийм учраас иргэд амьдралынхаа бүх хэрэгцээг төр засагт даатгадаг хэвээрээ. Төр хэзээ ч баялгийг бүтээдэггүй, Засгийн газар ч бас буяны байгууллага биш. Харин иргэдийн амгалан тайван амьдрах, хөдөлмөрлөх, түүнийхээ үр шимийг хуулийн дагуу шударгаар хүртэх боломжийг олгох, хууль эрх зүйн зохицуулалтыг нь хийж өгөх ёстой. Энэ үүднээсээ Засгийн газраас хувь хишиг нэхнэ гэдэг нь байж боломгүй зүйл. Өөрөөр хэлбэл иргэд УИХ, Засгийн газраас 1,5 сая төгрөг биш, үүнтэй дүйцэхүүц цалин орлогыг бий болгох ажлын байр, бүтээн байгуулалт, үйлдвэржилтийн бодлого, эсвэл эрүүл мэндийн чанартай үйлчилгээ, даатгалын шударга системийг нэхэх ёстой. Гэвч манай төрийн эрх барилцаж байгаа эрхмүүд ч гэсэн үүнийг ямар нэг хэмжээгээр ялгаж салгадаггүй учраас эрх мэдэлд хүрэхийн тулд элдэв материаллаг амлалтуудыг авсаар ирсэн нь иргэдийг ингэж төөрөлдөхөд хүргэсэн хэрэг.
Нэгэнт төрийн зүгээс бодлогоо зөв гаргаж, иргэдийн амар тайван амьдрах, ажиллах бололцоо нөхцлийг нь бүрдүүлж чадаагүй учраас иргэдийн амьдрал доройтож, баян хоосны ялгаа хэт их холдож байгаа нь иргэдийг ингэтэл бухимдуулж байна хэрэг. Бухимдсан хүмүүс дээр хэлсэнчлэн бухимдлаа тайлахын тулд юу ч хийхээс буцахгүй. Ялангуяа өмч хөрөнгөгүй, “гинжнээсээ өөр алдах юмгүй” хүмүүс хорслоо тайлахын тулд юу ч хийхээс буцахгүй, хувьсгал хийхэд хэзээд бэлэн байдаг учир ихэнхдээ популист удирдагчид тэдний энэ байдлыг ашиглан өөрсдийн хүсэл сонирхлоо гүйцэлдүүлэх зорилго тавьдаг. Тэдний хувьд нийгэмд бий болоод байгаа дээрх асуудлуудыг шийдэх гэхээсээ илүү үүгээр дамжуулан төрийн эрх мэдэлд хүрэх, ажил, албан тушаалд л шунасан байх нь элбэг.
Гэхдээ иймэрхүү тэмцлээс ихэнхдээ ямар нэг эерэг үр дүн гардаггүй. Сэтгэлийн хөөрлөө барьж чадаагүй хүмүүс гай болж байшин сав шатаалаа гэхэд өнгөрсөн долдугаар сарын 1-ний үймээнийхтэй адил баахан залуус гэмт хэрэгтэн болж, хөдөлгөөний удирдагчид хариуцлагаас мултарна биз. Эсвэл иргэний хөдөлгөөнүүдийн энэ тэмцэл ямар нэг үр дүнд хүрч, Засгийн газар огцорлоо ч гэсэн олон нийтийн хувьд бол нэг их хожоод байх зүйл байхгүй гэсэн үг. Үсрээд л арай гэж тогтож байгаа ардчиллын элементүүд, чөлөөт сонгуулийг үгүй хийх биз. Харин өнгөрсөн долдугаар сарын 1-ний жагсаал бол хий өдөөгдсөн шалтгаан болоод тавьсан зорилго нь илүү тодорхой байсан зүйл.
Б.СЭМҮҮН. 2010.04.02