
Цаг агаарын таагүй байдал, тэр тусмаа Англи төдийгүй Британи даяар орсон их хэмжээний цасны улмаас хойшлогдсон Английн Премьер лигийн хамгийн шилдэг тулаануудын нэг болох “Манчестер Юнайтед” болон “Челси” багуудын тоглолт ирэх оны гуравдугаар сарын 1-нд болохоор товлогджээ. Энэ сарын 19-нд Стэмфорд Бриж цэнгэлдэхэд болох ёстой байсан хоёр багийн тоглолтыг их хэмжээний цасны улмаас, тоглогчид болоод мянга мянган хөгжөөн дэмжигчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Английн хөлбөмбөгийн холбооноос цуцалсан билээ. Премьер лигийн аваргын цом булаалдах гол өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор багтах хоёр багийн тоглолтыг ямартай ч гуравдугаар сарын нэгэн гэж товлосон ч хэрэв хоёр баг хоёул FA Cup-ын тавдугаар тойрогт шалгарч үлдвэл лигийн тоглолтыг дахин хойшлуулахаас өөр аргагүй гэнэ. Мөн энэ сарын 18-нд болох байсан “Блэкпуль”, “Тоттенхэм” багуудын тоглолт хоёрдугаар сарын 22-нд болох аж.
Дашрамд сонирхуулахад, Испанийн “Барселона” клуб өөрийн вэбсайтдаа Вашингтон хотноо долдугаар сарын 30-нд “МанЮ”-тай нөхөрсөг тоглолт хийнэ хэмээн мэдээлжээ. Хэдийгээр “Юнайтед”-ын зүгээс ирэх улирлын өмнөх төлөвлөгөөгөө зарлаагүй байгаа боловч “Улаан чөтгөрүүд” дахин нэг удаа АНУ-аар аялан тоглохыг үгүйсгэх аргагүй юм.
С.Цэлмэг