
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын ээлжит хуралдаан Хангарьд ордонд үргэлжилж байна. Хуралдаан дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр энэ онд нийслэлийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, ирэх оны төлөвлөгөөг танилцуулсан юм. Ирэх 2011 онд Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээг нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшин, ядуурлын түвшинг улсын дундаж түвшингээс бууруулахгүй байх, гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд орон сууцны долдугаар хорооллын газар чөлөөлөх, инженерийн шугам, сүлжээг байгуулах, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 60 км автозам болон хотын зүүн хэсэгт үерийн хамгаалалтын барилга, байгууламж барих, Туул, Сэлбэ голыг хамгаалж, голын урсацыг тогтворжуулах зэрэг зорилтуудыг дэвшүүлж байгаагаа НИТХ-ын төлөөлөгчдөд дуулгалаа. Түүнчлэн ирэх онд Улаанбаатар хотын үйлдвэржилтийн түвшинг дээшлүүлэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажээ. Төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх улмаар эдийн засгийн бодит секторт чиглэсэн мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх чиглэлийг нийслэлийн зүгээс баримтлах юм байна.
Д.Цээнэ