“Байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” өнөөдөр уул уурхайн компаниудыг усны хэрэглээний тайлангаа тавихыг шаардлаа. Тус эвслийн зохицуулагч Г.Чагнаадорж өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд хэвлэлийн бага хурал зохион байгуулж энэ тухай сэтгүүлчдэд мэдээлсэн юм.
Уул уурхайн компаниуд, ялангуяа алтны компаниуд маш их хэмжээний ус хэрэглэдэг мөртлөө ус ашигласны төлбөрийг маш багаар төлдөг. Тухайлбал нэг литрийг 10-15 мөнгөөр тооцож төлбөрөө төлдөг гэнэ. Харин энгийн иргэд ундны усаа өндөр үнээр буюу нэг литрийг нь нэг төгрөгөөр худалдан авдаг байна. Тиймээс тэгш бус усны тарифын дээрх зөрүүг арилгахаар тус хөдөлгөөн санаачлага гаргаж уул уурхайн компаниудыг усны хэрэглээний тайлангаа гаргахыг шаардаж байгаа юм. Хөдөлгөөнд 10 аймгийн 11 хөдөлгөөн нэгдсэн бөгөөд аймаг тус бүрт ус ашиглалтын судалгаа хийж эхлүүлээд байгаа аж.
Б.СҮРЭН