Хуучирсан мэдээ: 2010.12.24-нд нийтлэгдсэн

Цалин нэмбэл ядуурна

“Дарга нь цэргийн цалинг нэмжээ. Нэмсэн нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ. Баярлан өөрийн гэр рүүгээ чавхдана. Дутах байлгүй санаснаа авахад нь…”

Ноднинхон ийм үгтэй нэг шинэ дуу гарч хүмүүсийн сэтгэлд айхтар хүрсэн санагдана. Өдгөө ч хааяа микронд чихэлдэж явахад энэ дуу байнга хангинаж, хүмүүс даган бувтнаж харагддаг. Зарим караокед стрессээ тайлахаар очсон хүмүүс мөн л энэ дууг захиалчихсан хоолой мэдэн дуулж байдаг. Байгууллагууд шинэ жилийнхээ баярт “Дэндүү давчуу”-г дуулсан хамтлагийг урьж, заавал тэр дууг нь сонсохыг хүсч байхтай ч цөөнгүй таарлаа. Ер нь энэ дуу хүмүүст яагаад ингэтлээ их таалагдсан юм бол. Хариулт нь тун энгийн. Үнэн үг үнэ цэнэтэй байдаг болохоор тэр ажээ. Ажилчин ангийнхны цалин хэдий нэмэгдлээ ч худалдан авах чадвар нь өсөхгүй байгаа болохоор арга ч үгүй биз. Өнгөрсөн аравдугаар сараас эхлэн төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Гэвч үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өдөр ирэх бүр нэмэгдсээр байна. Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн лхагва гарагт танилцуулсан судалгааны дүнгээс харахад нийслэлийн хүнсний зах, дэлгүүрүүдэд худалдаалж байгаа гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх сарынхаасаа 10.2 хувиар өсчээ. Энэ юу гэсэн үг вэ. Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл гуравхан сарын дотор эргээд үгүй болж байна гэсэн үг. Хайран 300 тэрбум төгрөг зүгээр л салхинд хийсчихлээ. “Энэ мөнгөөр бүхэл бүтэн сургууль юм уу, эмнэлэг барьж болох л байсан…” гээд ярьж болно. Даанч бороо ордгоо ороод арилсан болохоор цув нөмрөөд ч яах билээ.

Одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ гээд л яриад байгаа. 2010-2011 оны гурван талт хэлэлцээрт энэ талаар тусгачихсан. Тодруулбал, ирэх онд багтааж хөдөлмөрийн хөлсний хэмжээг өөрчилнө хэмээн Засгийн газар, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо тохирсон. Зөвхөн доод хэмжээнд өөрчлөлт оруулаад зогсохгүй салбар тус бүрээр цалинг дахин нэмэх тухай ч хэлэлцээрт тусгасан юм. Энэ удаад төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийн “үр дүн”-г бид дээр дурдсан үнийн өсөлтөөр хүртээд байгаа. Харин Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдүүлэх юм бол хувийн хэвшлийнхэн цалингаа нэмэхээс аргагүй болно. Тэр үед төрөөс цалингийн нэмэгдлийг эдийн засгийн өсөлт, инфляцийн түвшинтэй уялдуулах бодлого баримталж чадахгүй бол дахин хэдэн зуун тэрбум төгрөг салхинд хийснэ. Засгийн газар “Хэрэглэгч талд бус, нийлүүлэгч, үйлдвэрлэгчдэд нь хөрөнгө оруулж байж зах зээл хөгждөг” гэсэн алтан дүрмийг огт мэдэхгүй байна. Тэд “Цалин нэмбэл бидний нэр хүнд өснө” гэсэн өнцгөөс асуудалд ханддаг. Нэмэх шаардлага байсан уу гэвэл байсан. Гэхдээ эрэлт, нийлүүлэлтийн балансыг барихгүйгээр нэмэх юм бол инфляци гаардаг гэдгийг бодож үзсэнгүй. Уг нь Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж саяхан УИХ, Засгийн газрын гишүүдэд энэ талаар их л тодорхой тайлбарлаж байсан. Тэр үед “Манай улсын мөнгөний бодлогыг зангидаж буй газрын тэргүүн дээрх алтан зарчмыг ямар ч байсан мэддэг юм байна. Ашгүй дээ” хэмээн баярлаж байлаа. Гэтэл нөгөөдүүл нь тэс хөндлөн юм ярьж давхиад бүгдийг орвонгоор нь эргүүлээд хаячихаж байгаа юм. “Нөгөөдүүл” гэж ухаалаг төрийн түшээдээ хэлж байгаа юм шүү. Тэд шинэ он гарахаас өмнө иргэдийнхээ цалинг нэмж буян үйлдэхийн зэрэгцээ инфляцийг хөөрөгдөж  том “гавьяа” байгууллаа. Энэхүү сайн үйлсэд чинь талархаж байна аа. Гэхдээ ирэх онд дахин цалин нэмэх тухай яриад хэрэггүй шүү. Тэгвэл хүмүүс улам ядуурах гээд байна. Уг нь “Иргэн баян бол улс баян” гэдэг. Харин УИХ, Засгийн газар нь ийм түвшинд ажиллаж байгаа үед цалин орлого нэмэгдүүлэх тухай ярих нь хамгийн хортой зүйл болчихоод байна.

Өндөр цалин, өндөр албан тушаалтай эрхмүүд ч яах вэ. Нэмнэ үү, хасна уу тэдэнд огт падгүй. Харин жирийн ажилчдын хувьд цалингаа өрөндөө дандаа цавчуулаад, эсвэл өдөр тутмынхаа хоол ундыг хагас дутуу залгуулаад л таарч байна.


Ч.Дашдэлэг.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж