
Үндэсний аудитын газрын удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Санхүүгийн
зохицуулах хороо болон Хөрөнгийн биржийн 2009 оны тайланд хийсэн
аудитын тайланг баталлаа. Санхүүгийн зохицуулах хороонд хийсэн аудитын
шалгалтаар тус хороо арилжааны банкинд харилцах данс нээж, Сангийн
яамны дүрмийг зөрчсөн болон харилцагч байгууллагууддаа хийсэн судалгаа,
хяналт нь хангалтгүй гарсан байна. Үүнээс гадна шаардлага хангаагүй үнэт
цаасны компаниудад арга хэмжээ аваагүй зэрэг үйл ажиллагааны зөрчлүүд,
дотоод хяналтын чиг үүрэг давхацсан дутагдал тус байгууллагад
илэрснийг ахлах аудитор Ц.Одгэрэл тайландаа тусгасан юм. Тайлан дээр
үндэслэн Үндэсний аудитын газрын дарга М.Раднаа СЗХ-нд харилцагчдынхаа
тухай мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах, газар
хэлтсийн албадын давхардсан чиг үүргийг арилгах даалгавар өгч, ирэх оны
эхний хагаст энэхүү дутагдлаа арилгасан байхыг даалгасан юм. СЗХ-ны
төсөв зохицуулалтын үйл ажиллагааны хөлс болон төсөвлөж өгсөн
хөрөнгөнөөс бүрддэг нь шалгалт хийхэд нэлээд “толгой эргүүлдэг” тухай
аудиторууд шүүмжилж, УИХ СЗХ-ны төсвийг нэг тийш болгох шаардлагатайг
тайландаа дурджээ.
СЗХ-ны дарга Д.Баярсайханаас Үндэсний аудитын газрын шалгалтын дүнтэй санал нийлж байгаа эсэхийг нь сонирхлоо.
-Танай байгууллага зохицуулалт хийх байгууллагууддаа тавих хяналт сул байна гэсэн дүн гарсан. Ямар тайлбар өгөх вэ?
-СЗХ нь арилжааны банкуудаас бусад санхүүгийн байгууллагад зохицуулалт
хийдэг. 2009 онд санхүүгийн хямрал тохиосон учир үнэт цаасны ихэнх
компаниудын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, 100 тэрбум төгрөгийн
арилжаа хийдэг байсан бол 20 тэрбум төгрөгийн гүйлгээ л хийх болсон.
Тиймээс хорооны хурлаар оруулж, компаниудын эрсдэлийн санг нь
бууруулсан. Үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа ч санхүүгийн үйл
ажиллагаа нь муу байгаа компаниудын эрхийг түдгэлзүүлэх гэхээр иргэд
хохирох болчихоод байсан. Тиймээс харж үзсэн тал бий.
-Арилжааны банкинд харилцах данс нээсэн, дотоод хэлтсүүдийн ажил давхардсан гэсэн дүгнэлт гарсан байна билээ?
-2008 онд Голомт банкинд харилцах данс нээсэн байсан ч одоо бүх дансаа
төрийн санд төвлөрүүлсэн байгаа. Энэ зөрчлийг аль эрт арилгасан. Харин
зарим ажилтны чиг үүрэг давхардсан гээд байгаа нь давхар шалгалт хийх
шаардлага байдагтай холбоотой байх. Үүнтэй санал нийлэхгүй байгаа.
Шалгалтын бусад дүнтэй ерөнхийдөө санал нэг байна. Харин Хөрөнгийн биржийн 2009 оны тайланд аудит хийсэн ахлах аудитор
С.Оюунгэрэл “Хөрөнгийн бирж хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлсэн нь буруу”
хэмээн тайландаа дурдсан юм. Түүний хийсэн шалгалтаар Хөрөнгийн
биржээс үүссэн хуримтлалыг компанийн удирдлага үндсэн үйл ажиллагааг
хөгжүүлэхэд бус, туслах аж ахуйн чиглэлээр зарцуулж байхад ТУЗ нь хяналт
тавиагүй нь илэрчээ. Тухайлбал, Хөрөнгийн бирж нь 2007-2009 онд газар
тариалангийн 304 га газрын төлбөрт 19.8 сая төгрөг, ХАА-н тоног
төхөөрөмж, мал худалдан авах зэрэгт 200 гаруй сая төгрөг зарцуулсан
байна. Улмаар интернэт кафе, ХАА-н үйлчилгээг нэгтгэж, “Эм Эс И Кей”
хэмээх охин компани байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай
хуулийн холбогдох заалтуудыг зөрчжээ. Үүнээс гадна хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үндсэн бодлого
үгүйлэгдэж байгаа бөгөөд Хөрөнгийн биржийг энэхүү үйл ажиллагааг
явуулахад хангалтгүй ажиллаж байна гэсэн дүгнэлт гарчээ. Хөрөнгийн бирж
эрсдэлийн сангийн журмыг боловсруулж мөрдөөгүй, компанийн 2009, 2010
оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангийн эргэлтийн хөрөнгө нь нийт
хөрөнгийн 17.3 хувьтай байгаа нь СЗХ-ноос баталсан 30 хувь байх гэсэн
журмын шалгуурыг хангахгүй байгаа юм.
Аудитын дүнгийн талаар МХБ-ийн захирал Р.Содхүүгийн байр суурийг сонслоо.
-Хууль зөрчин компани байгуулсан гэж Хөрөнгийн биржийг шүүмжилж байна. Та санал нэг байна уу?
-Монголын хөрөнгийн бирж хуулийн этгээдийн статустай. Монголын
хөрөнгийн бирж хувьцаат компани шүү дээ. Харин компанийн хуулийн
дагуу өөр үйл ажиллагаа явуулж болно гэсэн заалт бий. МХБ хувьцаат
компани нь ашиг олох ямар ч үйл ажиллагаа явуулах эрхтэй. Гэтэл 51 хувь
нь төрийн статустай компани өөр үйл ажиллагаа эрхэлбэл Засгийн газраас
тухайн компанийг нь байгуулна гэсэн байдаг. Тэгэхээр энэ хоёр хуулийн
хооронд зөрчил гараад байгаа юм. Үүнд эрх зүйн зохицуулалт хэрэгтэй.
Тэгээд ч энэхүү яриад байгаа “Эм Эс И Кей” компани аль эрт татан
буугдсан. Хөрөнгийн зах зээл Монголд одоо л хөгжиж эхлэх гэж байна.
Тиймээс энэ чиглэлээр аудиторууд маань мэргэших хэрэгтэй байна.
Шалгалтаар очиж байгаа хүмүүс үнэндээ юу ч мэдэхгүй байна шүү дээ.
-ТӨХ-ноос гаргасан төлөвлөгөөг биелүүлж ажиллаагүй, орлогоо төвлөрүүлж чадахгүй байна гэсэн. Үүний шалтгаан нь юунд байна?
-Хөрөнгийн биржийн үйл ажиллагааны тухайн оны эдийн засгийн үндэслэл,
төлөвлөгөөг гаргана гэдэг том асуудал. Төлөвлөсөн орлогыг давуулан
биелүүлж ч болно, бууруулж ч болно. Тухайлбал, одоо л гэхэд “Эрдэнэс
Тавантолгой” ХК-ийн хувьцаа гаргах эсэхийг шийдсэний дараа ирэх оны
төлөвлөгөөг нь батлах шаардлагатай байгаа юм. Ер нь эдийн засагтай
уялдуулж байх хэрэгтэй.
Үндэсний аудитын газрын дарга М.Раднаа Монгол Улсын Ерөнхний сайдад
Хөрөнгийн биржийн менежментийн бодлогын баримт бичгийг цогцоор нь
бүрдүүлэх санал хүргүүлэхээр болжээ.