Махны үнэ бага багаар нэмэгдсээр байна

Хуучирсан мэдээ: 2010.12.24-нд нийтлэгдсэн

Махны үнэ бага багаар нэмэгдсээр байна

Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Арванхоёрдугаар сарын 22-ны байдлаар хүнсний брааны үнийн дүн өмнөх арваннэгдүгээр  сарын дундаж үнэтэй харьцуулахад 10.2 хувь, өмнөх долоо хоногийнхоос 1.8 хувиар тус тус өссөн байна.
Үнэ ханшийн хувьд өсөлттэй байгаа хүнсний нэгэнд мах оржээ. Хонины махны үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 21.5-22. хувь, үхрийн махны үнэ 19.6-19.8 хувь, адууны махны үнэ 10.6 хувь, ямааны махны үнэ 6.5  хувиар тус тус өсчээ. Өмнөх долоо хоногоос хонины махны үнэ 3.9-6.2 хувь, үхрийн махны үнэ 2.4-5.4 хувь, адууны махны үнэ 4.4 хувь, ямааны махны үнэ 0.7 хувиар тус тус өсчээ. Арванхоёрдугаар сарын 22-ны байдлаар нэг кг хонины ястай махны үнэ дунджаар 3875 төгрөг, үхрийн мах 4240 төгрөг, ямааны мах  2635 төгрөг, адууны мах  2820 төгрөг, хонины цул мах  4157 төгрөг, үхрийн цул мах  4915 төгрөгийн үнэтэй байгааг Үндэсний статистикийн хорооныхон онцолжээ.
Хөдөө орон нутгаас Архангай, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Дархан-Уул аймагт махны үнэ нийслэлийн нэгэн адил  100-700 төгрөгөөр өсчээ. Харин бусад 11 аймагт хонины махны үнэ тогтвортой байна. Хонины махны үнэ Өмнөговь, Төв, Хөвсгөл аймагт хамгийн өндөр буюу 3500 төгрөг байхад Дорнод аймагт 2500 төгрөг байгаа нь хамгийн хямд үнэ ажээ. Харин үхрийн махны үнэ өмнөх долоо хоногийнхоос Баянхонгор, Булган, Говь-Алтай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон аймагт 100-800 төгрөгөөр өсч, Өвөрхангай, Говьсүмбэр аймагт 200-600 төгрөгөөр буурчээ. Бусад найман аймагт үхрийн махны үнэ харьцангуй тогтвортой байв. Дундговь, Өмнөговь аймагт үхрийн мах худалдаанд байхгүй байгаа гэнэ. Үхрийн махны үнэ Төв аймагт 4200 төгрөг буюу хамгийн өндөр үнэтэй байхад Дорнод аймагт 2900 төгрөг байгаа нь хамгийн хямд үнэ юм байна.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж