4000 айлын орон сууц хөтөлбөр гацаанаас гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.03-нд нийтлэгдсэн

4000 айлын орон сууц хөтөлбөр гацаанаас гарлаа

Төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах “4000 айлын орон сууц” хөтөлбөр нь төрд алба хашиж байгаа мянга мянган албан хаагчдыг баярлуулсан үйл явдал болж байсан ч бодит амьдрал дээр ам метрийг нь 650 мянган төгрөгийн үнэтэй орон сууц байгаагүй нь иргэдийг бухимдахад хүргэж уг хөтөлбөр ч үндсэндээ зогсонги байдалд ороод байсан билээ. Тэгвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Орон сууц 4000”  хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал болон хөтөлбөрт хамрагдах барилгын компаниудын орон сууцны үнийг хэр үндэслэлтэй болохыг судалжээ. Судалгаагаар барилгын компаниудын орон сууцны талбайн үнийг ам метрийг нь 650.0 мянган төгрөгөөс доош байхаар тооцож, тусгуулахдаа барилгын компаниудын борлуулалтын ашгийг тодорхой хэмжээгээр тооцож оруулаагүй нь аж ахуйн нэгжүүдийг уг хөтөлбөрт хамрагдахгүй байх гол хүчин зүйл болсон байна. Мөн уг хөтөлбөрт зөвхөн банкны барьцаанд байгаа аж ахуйн нэгжүүдийн шинэ орон сууц хамрагдахаар хязгаарласан нь өрсөлдөөнийг хязгаарласан төдийгүй хэрэглэгчийн сонголт хийх боломжийг хязгаарласан байжээ.
Энэ ч үүднээс Засгийн газрын хуралдаанаар “Төрийн албан хаагчдын болон иргэдийг орон сууцаар хангах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын 2-р зүйлийн “арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа орон сууцын талбайн үнийг ам метр тутамд нь 650,000 төгрөгөөс хямд байх /нийслэлд/ зарчим баримтлан….” гэснийг “орон сууцыг” гэж, “…арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа…” гэснийг “ашиглалтанд орсон” гэж өөрчлөн найруулсан байна. Ийнхүү Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хийсэн хяналт шалгалтын үр дүнд 4000 айлын орон сууны хөтөлбөр гацаанаас гарч төрийн албан хаагчид орон сууцандаа орох нөхцөл бүрдлээ.
Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж