ОХУ-ын банкууд хадгаламж, зээлийн хүүгээ өсгөж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.24-нд нийтлэгдсэн

ОХУ-ын банкууд хадгаламж, зээлийн хүүгээ өсгөж магадгүй

ОХУ-д ган гачигаас үүдэн хүнсний барааны үнэ өсч эхэлсэн ба энэ оны инфляци зорилтот төвшнээс хэтрэх төлөвтэй байна. Эдийн засгийн хөгжлийн яамны таамаглалаар инфляци зорилтот түвшин 7-8 хувиас даван 8.3-8.5 хувьд хүрэх ажээ. Энэ оны 12 дугаар сарын 20-ны байдлаар инфляци нэгэнт 8.4 хувь хүрээд байна. Инфляци хурдацтай өсч буй тул 2011 оны хавраас банкуудын хадгаламж зээлийн хүү өсч магадгүй байдал үүсчээ. Өнөөдрийн байдлаар хадгаламжийн хэмжээ олгосон зээлтэй харьцуулахад хоёр дахин хурдтай өссөөр байгаа ба хүүний өсөлт энэхүү тэнцвэргүй байдлыг улам даамжруулж болох талтай ажээ.
Энэ тухай Сбербанкийн тэргүүн Герман Греф хэлэхдээ,“Ирэх онд хүү өснө гэж бодож байна. Инфляцийн хандлагаас бүх зүйл хамаарна. Мэдээж оны эхний саруудад биш. Гэхдээ нэгдүгээр улирлын эцэст ийм шийдвэр гарахыг үгүйсгэхгүй. Инфляци нэмэгдээд эхлэх л юм бол Төв банкны хүү өснө, банкуудын хадгаламж, зээлийн хүү өснө” гэжээ.
ОХУ-ын арилжааны банкуудын хадгаламж, зээлийн хүү Төв банкны хүүг даган 2010 оны турш буурч байжээ. 2010 оны 1 дүгээр сард Төв банкны дахин санхүүжилтийн хүү 8.75 хувь байсан бол одоо 7.75 хувь буюу хамгийн бага төвшинд хүрээд байна. Рублийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү оны эхэнд 10.8 хувь байсан бол, аравдугаар сард 7.1 хувьд хүрч буурчээ.
Төв банкны мэдээлж байгаагаар, хамгийн том 10 банкны хадгаламжийн хамгийн өндөр хүү нь 8.75 хувь байгаа аж. «Кредитмарт»-ын мэдээлж байгаагаар хэрэглээний зээлийн хүү нэгдүгээр сард 30.78 хувь байсан бол аравдугаар сард 25.75 хувь болж буурсан байна. Бодит секторт олгож байсан зээлийн хүү ч мөн ялгаагүй буурчээ. Тухайлбал, аравдугаар сар гэхэд зээлийн хүү оны эхнээс 4.9 нэгж хувиар буурч 8.9 хувьд хүрээд байна.
Оросын Төв банкны дарга Сергей Игнатьев он дуусахаас наана Төв банкны дахин санхүүжилтийн хүү нэмэгдэж магадгүй тухай анхааруулж байсан. Төв банкны бодлогын шийдвэр өнөөдөр гарах юм.

“Хэрвээ Сбербанк хүүгээ өсгөвөл бид ч гэсэн хүүгээ өсгөх боломжтой болно, гэхдээ дотоод нөөц боломж, зах зээлийн өрсөлдөөнийг харгалзан үзэж байж шийдээ гаргана” хэмээн Первый республиканский банкны ерөнхийлөгч Дмитрий Орлов хэлж байна. “Хүүг тогтоохдоо бид юуны түрүүнд зах зээлийн төлөв байдлыг ажигладаг”-хэмээн Росевробанкны Сергей Гордейко онцолсон байна.
Зарим банкууд хадгаламжийн хүүгээ нэмэхэд нэгэнт бэлэн болжээ. “Бид хадгаламжийн хүүгээ өсгөж байгаа. Байнгын үйлчлүүлэгчид маань энэ долоо хоногоос эхлэн урамшуулалд хамрагдана. Хувь хүмүүсээс татах хадгаламж бол зээлийг нэмэгдүүлэх хамгийн тогтвортой эх үүсвэр юм. Хадгаламжийн хүү цаашид өснө” хэмээн Промсвязьбанкны зээлийн хорооны захирал Егор Шкерин хэлсэн байна.
Гэхдээ хадгаламж ийнхүү зээлээс илүү хурдацтай өсөх нь эргээд банкны секторыг эрсдэлд оруулна хэмээн Moody"s агентлаг анхаарууллаа. Moody"s агентлагийн ахлах шинжээч Евгений Тарзиманов “Цөөн хэдэн зээлдэгчдэд томоохон зээл олгох нь зээлийн эрсдлийг нэмэгдүүлнэ. Ийм зээл чанаргүй болбол активын чанар, ашигт ажиллагаа, банкны хөрөнгөжүүлэлтэд шууд сөргөөр нөлөөлөх болно” хэмээн сэрэмжлүүлсэн тухай “газеты ру” мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж