Ерөнхийлөгч “Чөлөөт хэвлэлийн төлөө тэмцэгч” болов

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч “Чөлөөт хэвлэлийн төлөө тэмцэгч” болов

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл жил бүрийн эцэст хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, тэдэнтэй үнэнчээр хамтран ажилладаг Монгол Улсын шилдэг улстөрч, шилдэг бизнесч, байгууллага, хамт олныг шалгаруулдаг сайхан уламжлалтай билээ. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн энэ жил ч уг уламжлалаа хадгалж монголын сэтгүүлчдийн шинэ жилийн үдэшлэг цэнгүүн дээр өөрийн дээд өргөмжлөлөө шилдгүүддээ гардуулж уншигч, сонсогч, үзэгчиддээ зарлан мэдээлэв.

ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨ ЦОГТОЙ ТЭМЦЭГЧЭЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

Монголд чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхийн төлөө цогтой тэмцэж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангахад чиглэсэн хууль, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэхэд үнэлж баршгүй үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ нийт сэтгүүлчид, сэтгүүлзүйн судлаачдын үнэлэлт дүгнэлтийг үндэслэж МСНЭ-ийн Гүйцэтгэх Хорооны шийдвэрээр “ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙГ ДЭЭДЛЭН ХҮНДЭТГЭГЧ ЕРӨНХИЙЛӨГЧ”-өөр өргөмжилж, ард түмэндээ энэ тухай нэн хүндэтгэлтэйгээр зарлан мэдээлж тунхаглан бичиглэж үлдээсэн байна.

ШИЛДЭГ УЛСТӨРЧӨӨР ГОМБОСҮРЭНГИЙН МӨНХБАЯР

Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, Монгол Улсад “Дөрөвдэх засаглал”-ыг бэхжүүлэхэд гарамгай гавъяа байгуулсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч ГОМБОСҮРЭНГИЙН МӨНХБАЯРЫГ олон нийт, сэтгүүлчид, сэтгүүл зүйн судлаачдын санал дүгнэлтийг үндэслэн МСНЭ-ийн Гүйцэтгэх Хорооны шийдвэрээр “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙГ ДЭМЖИГЧ 2010 ОНЫ ШИЛДЭГ УЛСТӨРЧ”-өөр шалгаруулж нийт уншигч, сонсогч, үзэгчдэд хүндэтгэлтэйгээр өргөмжлөн мэдээлэв.  

ШИЛДЭГ БИЗНЕСЧЭЭР ЦАГААЧИЙН БААТАРСАЙХАН

Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн үйл ажиллагааг байнга дэмжиж, чөлөөт, ардчилсан, хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл зүйн хөгжилд анхаарал халамж тавьж “дөрөвдэх засаглал”-ын төлөөлөгчидтэй нягт хамтран ажиллаж ирсэн Монгол Улсын нэрд гарсан бизнесч “Говь” ХХК-ийн корпорацийн ерөнхийлөгч ЦАГААЧ овогтой БААТАРСАЙХАНЫГ МСНЭ-ийн Гүйцэтгэх Хорооны гишүүдийн санал, дүгнэлтийг үндэслэн “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙГ ДЭМЖИГЧ 2010 ОНЫ ШИЛДЭГ БИЗНЕСЧ”-ээр шалгаруулж өргөмжилсөн байна.  

ШИЛДЭГ ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГААР “ХААН БАНК”

Монголын нийгмийн харилцаанд “дөрөвдэх засаглал”-ын үүрэг гүйцэтгэгч хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийг идэвхтэй, бодитойгоор дэмжин, ёс зүйтэй нийгмийн хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулж байгааг нь тэмдэглэн талархаж “ХААН БАНК”-ыг МСНЭ-ийн Гүйцэтгэх Хорооны гишүүдийн санал дүгнэлтийг үндэслэн “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙГ ДЭМЖИГЧ 2010 ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-аар шалгаруулж өргөмжилсөн байна.

Д.Цэцэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж