Зах зээлээ нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Зах зээлээ нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна

Агаарын тээврийн зах зээл тухайн орны
эдийн засгийн өсөлт, бууралттай шууд холбоотой байдаг. Харин манай эдийн
засгийн үзүүлэлт сүүлийн жилүүдэд нэлээд өсөх хандлагатай байгаа тул
агаарын тээврийнхэн үүнд бэлтгэх, гадаад зах зээл дэх өрсөлдөх чадвараа
нэмэгдүүлэх шаардлагатай. Иргэний нисэхийн салбарын удирдах ажилтны
зөвлөлгөөн өчигдөр боллоо. Зөвлөлгөөнд холбогдох яамны дэд сайд,
мэргэжилтнүүд болон салбарын төлөөллүүд оролцсон юм. Энэ үеэр нислэгийн
аюулгүй байдлын өнөөгийн түвшин, цаашдын төлөв, орон нутгийн нислэгийн
орчин зэрэг олон асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.  
ИНЕГ-ын дарга С.Батмөнхөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Иргэний нисэхийн салбар өнөөдөр ямар түвшинд байгаа гэж дүгнэх вэ?

-Ерөнхийдөө иргэний нисэхийн салбарын ойрын болон хэтийн төлөвийг
ярилцаж, алдаа, оноог нь дүгнэн, ирэх жилүүдэд төлөвлөсөн зорилтуудын
талаар зөвлөлдөж байна. Энэ онд бид олон улсын иргэний агаарын тээврийн
байгууллагаас хийсэн хоёр аудитын шалгалтад хамрагдсан. Нийт 170 орчим
орноос аудитын дүнгээр эхний аравт багтаад байна. Энэ юуг хэлж байна вэ
гэхээр, бидэнд боломж, нөөц их байна. Их юм хийсэн гэдгийг харуулж
байгаа юм. Агаарын тээвэр эрхлэгчдийн үйл ажиллагаа  сүүлийн жилүүдэд
сайжирч байна. МИАТ тодорхой зорилго тавьж ирэх онд үйл ажиллагаагаа
нэлээд өргөжүүлэхээр боллоо. Бусад жижиг компаниуд ч нислэгийн аюулгүй
байдал зэрэг чухал асуудлууддаа анхаарч ажиллаж байна.

-170 орноос эхний аравт багтсан нь сайн үзүүлэлт байна. Ер нь
дэлхийн стандартыг нэвтрүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ямар
ажил хийж байгаа вэ?

-Олон улсад ашиглаж буй сүүлийн үеийн шинэ технологийг нэвтрүүлэх
шаардлагатай. Жишээ нь, нисч байгаа онгоцны зай, цуваа, өндрийг
нарийвчлах зэрэг олон зүйлд шинэ технологи нэвтрүүлж, аюулгүй байдлыг
хангахад анхаарах ёстой. Ингэснээр агаарын шинэ зам, хаалга нээгдэхээс
илүү чухал асуудлыг шийдвэрлэж байна гэсэн үг. Энэ тал дээр бид хоёр
хөрштэйгээ хамтран ажиллаж байна.

-Орон нутгийн нислэгийн үнэ өндөр гэсэн шүүмжлэл гардаг шүү дээ?

-Нэг үеэ бодвол орон нутгийн нислэгт өрсөлдөөн бий болж байна. Энэ нь
үнэ хямдрах нөхцөл бүрдлээ гэсэн үг л дээ. Өрсөлдөөн бий болж байгаа нь
өнөөдөр, маргааш биш юм гэхэд ойрын хугацаанд хямдрах боломж харагдаж
байгааг хэлээд байна. Нөгөө талаар манай улсад шатахууны үнэ нэлээд
өндөр. Энэ нь нэг талаар хүндрэл дагуулж байгааг үгүйсгэхгүй.

Зөвлөлгөөний үеэр Агаарын тээвэрлэгчдийн холбоо болон МИАТ компанийн
зүгээс гадаад зах зээлд нислэг үйлдэх боломжийн талаар түлхүү ярьж
байлаа. Тэдний үзэж буйгаар ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлттэй уялдан
гадаад орнууд руу хийх нислэгээ нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар МИАТ ХК нь Бээжин, Сөүл, Токио, Москва, Берлин гэсэн
таван хот руу агаарын тээврийн үйлчилгээг үзүүлдэг. Цаашид өөр улсуудад
нислэг үйлдэх, тэр дундаа АНУ руу Монголын далбаатай онгоцоор шууд
нислэг хийхийг эрмэлзэж байгаа аж.
“МИАТ” ХК-ийн захирал Ц.Орхонтой энэ сэдвээр ярилцлаа.

-Оросын “Аэрофлот” тэргүүтэй нэлээд хүчтэй өрсөлдөгчид манай улсад
үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнтэй холбоотойгоор зах зээлээ нэмэгдүүлэхэд
ямар асуудлыг анхаарч ажиллах хэрэгтэй вэ?

-Манай орны эдийн засгийн чадавхитай холбоотойгоор агаарын тээвэрлэгчид
олон улсын зах зээлд гарахад эдийн засаг, аюулгүй байдал, онгоцны
паркийн хувьд  шаардлага хангаж чадахгүй байгаа. Дотоодын агаарын
тээвэрлэгчдийг эдийн засгийн хувьд маш нарийн зохион байгуулалттайгаар
олон улсын шаардлагад нийцүүлсний дараа зах зээлээ тэлэх ёстой. “МИАТ”
ХК өнөөдөр “Аэрофлот”, ”Кorean air”, “Air Сhina” зэрэг гадаадын гурван
компанитай өрсөлдөж байна. Эхний ээлжинд энэ өрсөлдөөн байхын хажуугаар
шаардлагагүй өрсөлдөөнийг оруулахгүй байх хэрэгтэй л дээ. Өрсөлдөөн
нэмэгдэхэд зорчих үнэ тариф буурах нь гарцаагүй. Гэхдээ Монголын талын
тээвэрлэгчид өрсөлдөөний орчныг дийлэхгүй, үйл ажиллагаа нь доголдох, 
дампуурах хэмжээнд хүрч болзошгүй. Үүнээс болж гадаадын тээвэрлэгчид
манай зах зээлд ноёрхох, гартаа авах хэмжээнд очиж мэднэ. Тухайлбал,
өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр “МИАТ” компанийн нислэгийн үйл
ажиллагаа гурав хоног зогссон. Тэр үеэр гадны тээвэрлэгчид тарифаа нэмэх
явдал богино хугацаанд ч гэсэн цухалзсан шүү дээ.

-Тэгэхээр эдийн засгийн ямар зохицуулалт хийх шаардлагатай бол?

-Монголын тал зохицуулалт­тай­гаар өрсөлдөөнд орж боловсрох хэрэгтэй.
Энэ нь цаашид зах зээлээ хамгаалахад хэрэгтэй. Өнөөдөр орон нутгийн
нислэгийн салбарт чөлөөт өрсөлдөөний зарчим явагдаж, хэдэн ч тээвэрлэгч
нислэгийн үйл ажиллагаа явуулах бололцоо бүрдэж байгаа. Мэдээж, Монголын
компани, аж ахуйн нэгжүүд өөр хоорондоо өрсөлдөж байгаа болохоор манай
улсын эрх ашигт хохиролгүй. Харин гадаад зах зээл дээр үндэсний агаарын
тээвэрлэгч МИАТ компани гадны олон компанитай үйл ажиллагаагаараа
өрсөлдөх нь эрсдэлтэй. Нэгээс хоёр компани байхад өрсөлдөөнөөсөө
суралцаад үйл ажиллагаагаа явуулаад байж болно. Жишээ нь, АНУ руу бид
нислэг хийнэ. Тэгэхэд АНУ-ын талаас манайхтай өрсөлдөх нэг л компани
байх хэрэгтэй гэсэн үг. Хоёр болон түүнээс дээш өрсөлдөгчтэй болбол
хэцүү шүү дээ. Энэ асуудал үндэсний эрх ашигт шууд хамаатай.

-Тэгвэл өнөөдөр танайх олон улсын чөлөөт зах зээлд бэлтгэх талаар юу хийж байна вэ?

-Нэлээд зүйл хийж байгаа. Эхний ээлжинд онгоцны паркийг шинэчлэх,
ялангуяа шинэ онгоц авч ашиглахад нэлээд анхаарал хандуулж ажиллаж
байна. Бид 2013 оноос шинэ онгоц авахаар болсон. Тэр үед зах зээл, эдийн
засаг, бизнесийн харилцаа өнөөдрийнхөөс өргөжсөн байх учир гадаад зах
зээлд хүч үзэх, АНУ руу шууд нислэг хийх боломжтой болно. Гэхдээ бэлтгэл
хангах зүйл маш их байна.

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж