Б.Анхцэцэг: Гунигаас илүү жаргалыг урлаж амьдрахсан гэж боддог

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Б.Анхцэцэг: Гунигаас илүү жаргалыг урлаж амьдрахсан гэж боддог

Сэтгүүлч  Б.Анхцэцэг “Хос тавилан” нэртэй хоёр дахь номоо өлгийдөн авчээ.  Тэрбээр хэдхэн сарын өмнө олны танил эрхмүүдийн ярилцлагаас бүтсэн “Гэгээн уянга” номоо уншигчдадаа хүргэсэн юм. Түүнтэй уулзан шинэхэн номынх нь талаар ярилцлаа.

-Та “Гэгээн уянга” маань удахгүй дүүтэй болно” хэмээн ярьж байсан шүү дээ. Үнэхээр удаагүй дүүтэй болжээ. Баяр хүргэе?

-Баярлалаа. Анхны минь оюуны бүтээл “Гэгээн уянга” ном маань мэндлээд гурван сар гаруй болж байна. Энэ хугацаанд чамлахааргүй олон уншигчийн гарт очсон. Урам хийгээд шүүмжийн үг аль алийг нь л сонсох юм. Гэхдээ урмын үг илүү сонссон шүү.  Ном цагаан мөртэй гэдэг үнэхээр үнэн юм. “Хос тавилан”  маань шүлэг, өдрийн тэмдэглэлээс бүтсэн.

-“Хос тавилан” номынхоо талаар сонирхуулахгүй юу?

-Амьдралын минь хос баганын нэг болсон ханьдаа зориулсан нь нэрнээс нь л харагдаж байгаа байх аа /инээв/. Гунигаас илүү жаргалыг урлаж амьдрахсан гэж боддог. Ардын уран зохиолч, Төрийн шагналт  Б.Лхагвасүрэн гуай “Хос тавилан” номын маань өмнөтгөлд
 “… Эмээл  дээр ургасан  уул атлаа
Элгэнд чинь багтсан толгод
Эр хүнийг  л хайрлаж яваарай
Ертөнц-Өдөр шөнөөс
Амьдрал-Эр эм хоёроос бүрэлдэнэ… юутай үнэн…” гэж сайхан үг бичиж өгсөн.

-Хань тань баярлах байх даа. Өөрт нь зориулж ном бүтээж байгаа гэж мэдэх байгаа болов уу?

-Баярлах байх аа. Ханиасаа  илүү би их догдолж байна. Одоо ингээд сонин хэвлэл дээр гараад ирэхээр мэдэх байх /инээв/.  Миний ханийн төрсөн өдөр нэгдүгээр сарын 5-нд тохиодог. Эл өдөр номоо өргөн барина даа.

-Гурав дахь номоо хэзээ гаргах вэ?

-Сайн хэлж мэдэхгүй нь. Ямар ч байсан бодолдоо тээгээд л явж байна.
 
Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж