Ардын намд дөрвөн байнгын хороо харьяалагддаг. Үүнд Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо. Энэ долоо хоногт багтаж байнгын хороодын даргыг сонгоно. Мөн байнгын хорооны дарга нарыг улираан сонгохгүй гэсэн яриа байгаа аж. Тэгэхээр даргын албанд өрсөлдөх гэж байгаа гишүүдэд сайхан боломж нээгдэж байгаа юм. Гэхдээ Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нар ямартай ч нэрээ дэвшүүлж байгаа гэсэн. Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр нарын нэрс сонсогдож байгаа. Ж.Сүхбаатар гишүүн хуулийн асуудлаар сайд Ц.Нямдоржтой мэтгэлцдэг, СЕХ-ны нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар цөөнгүй жил ажилласан нь түүний давуу тал гэнэ. Мөн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын томилгоонд бас өрсөлдөх нь. Түүнээс гадна УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Д.Загджав нар бий. Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Д.Хаянхярваа нар өрсөлдөхөөр нэрсээ өгчээ. Харин УИХ-ын гишүүн Д.Очирбат, А.Тлейхан нар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргад зүтгэж байгаа аж. Тухайн байнгын хорооны дарга нь салбарынхаа мэргэжлийн хүн байх ёстой хэмээн зарим гишүүн үздэг. А.Тлейхан гишүүн эрчим хүчний салбарын хүн. Харин УИХ-ын гишүүн Д.Очирбат эмч учир даргын суудалд сонгогдох магадлал өндөр байгаа сурагтай. Гишүүдийн байнгын хорооны даргад өрсөлдөж байгаа гол шалтгаан нь ирэх сонгууль. Түүнээс бус байнгын хорооны дарга цалин, хангамжаараа жирийн гишүүдээс гойд илүү эрх мэдэл эдлэхгүй юм байна. Байнгын хорооны дарга хорооныхоо өдөр тутмын ажлыг удирдаж, хуралдааныг даргалах үүрэгтэй. Гишүүд үүргээ ухамсарлахаас илүүтэйгээр карьераа өсгөх боломжоо хайж буй бололтой.
"Улс төрийн тойм" сонин