”Мак Махон”, ”Лейтон” хоёрын аль нь хүчтэй вэ

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

”Мак Махон”, ”Лейтон” хоёрын аль нь хүчтэй вэ

Монгол, Австрали улс Хятадын ирээдүйн нүүрсний зах зээл дээр хүч тэнцүү өрсөлдөгч болох нь аль хэдийнэ тодорхой болсон үзүүлэлт. Гэхдээ хятадууд цаг хугацааны алдагдал хийгээд үнэ төлбөрийн хямдаас  үүдээд энэ өрсөлдөөнд Монголыг сонгох нь гарцаагүй. Харин өдгөө тэрхүү нүүрсийг хэн нь “хүрздэж”, дэлхийн зах зээл рүү хүргэх вэ гэдэг сонгон шалгаруулалтыг “Эрдэнэс МГЛ” компанийнхан олон улсад зарласан. Сонгон шалгаруулалтын хариу өдийд аль хэдийнэ задарчихсан байх ёстой ч Төрийн өмчийн хорооноос гэнэт цуцалчихсан. Улмаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлыг сонгох ёстой байсан ч ирэх оныг хүлээнэ гэдэг шийдвэрийг Төрийн өмчийн хороо гаргасан. Гэхдээ Төлөөлөн удирдах зөвлөлийг шинэ онтой уралдаж зарласан нь “Эрдэнэс Тавантолгой”-н бодлогыг хэн хянах вэ, үндсэн шийдвэрийг хэн гаргах вэ гэдгийг тодорхой болгосон юм.

Гэвч Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар “Операторт өрсөлдөгчдөөс “Мак Махон” бүх үзүүлэлтээрээ илүү” гэж зарласан нь өдгөө олны анхаарлын төвд орлоо. Төрийн өмчийн хорооны даргын хувьд ч, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албыг нь бодсон ч өөрсдийн хүчингүй болгосон тендерийнхээ өрсөлдөгчдийн саналыг зарлаж, хэн нь хамгийн хүчтэй болохыг зарлана гэдэг бол анхаарал татам үйлдэл. Үнэхээр тус компани илүүрхэх чадалтай бол тэднийг шууд сонгоход алдаад байх зүйл үгүй. Хэдийгээр энэ шийдвэрээ “Мак Махон”-ы 19 хувийг эзэмшдэг “Лейтон” компани тусдаа санал ирүүлснээс үүдээд сонирхлын зөрчилтэй байж магадгүй” гэдэг дүгнэлтээр хаацайлж байгаа ч дараагийн тендерт “Мак Махон” шалгарвал Д.Сугар дарга жинхэнэ утгаар нь сонирхлын зөрчилгүй гэдгийг нь баталж чадах болов уу.

“Мак Махон” компанийн тухайд Австралийн “Лейтон” компанийн хамтрагч. Өнгөрсөн жилээс хамтарч ажиллаж байгаа. Үйл ажиллагааны хувьд “Лейтон” компанийнх хамаагүй илүү. Хамтрагч компаниуд нэг ордын оператор болохын тулд өрсөлдөх нь хэн нэгнийхээ саналыг дөвийлгөх, аль эсвэл үйлчилгээний хөлсийг бууруулах сонирхол агуулсан байхыг үгүйсгэх аргагүй. Энэ талаар тендерт оролцогч зарим компани ч байр сууриа илэрхийлсэн удаатай. Ийм үед “Мак Махон” хамгийн шилдэг нь байсан гэж зарласнаараа тус компанийг дараагийн ээлжинд шууд ялалтад хүрэх боломжтой гэдгийг нь ил тодоор баталчихсан хэрэг биш үү.

Төлөөлөн удирдах зөвлөлдөө салбар, салбарын яамнаас төлөөлөгч оруулсан ч иргэний хөдөлгөөний төлөө­лөгчөөр Ж.Батзанданг оруулсан нь олон     нийт  төдийгүй  улс тө­рийнх­ний эг­дүүцлийг төрүүлэх болжээ. Аль хэдийнэ иргэний нийгмийн талбараас улс төрийн нам түшиж, улстөрчийн замналыг Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний суудлаас үргэлжлүүлж буй тэрбээр жинхэнэ утгаараа иргэний нийгмийн хамгаалагч байж чадах уу. Ах нь хүртэл саяхан тушаал дэвшсэн. Улс төрд нэр нөлөө бүхий, нам, намд өөрийн “овоо”-той гэр бүлийн хувьд ийнхүү “Эрдэнэс Тавантолгой”-г удирдах эрхийг ч бас харьяандаа авч чадлаа. Үүнд итгэх нэг нь байхад үл итгэх нь олонхи болж буй гэвэл дэгсдүүлсэн болохгүй л болов уу.

Хамгийн чухал асуудал нь төрийн эзэмшлийн  Тавантолгой урагш­лахгүй. Урагшлуу­лах гэж гүй­цэтгэх захирал, Төлөөлөн удирдах зөвлөл, оператор компанийн сонгон шалгаруулалтын тухай зарлал нийтлүүлсээр байтал “Энержи ресурс” зэргэлдээ талбайд нь нүүрс угаах үйлдвэрээ барьж, замаа засч, цахилгаан станц суурилуулж байна. Тэд Европын сэргээн босголтын банкийг нэг том санхүүгийн хөрөнгө оруулагчаар нэрлэж, урт удаан хугацааны олборлолтын ажлаа эхлүүлж, мэргэжлийн оюутнууд нь “Ухаа худаг”-т орон сууцны захиалга өгөөд дэгдэж байна. Энэ бол төрийн ажилд урагшлах хүч дутаад байна уу, сэтгэл дутаад байна уу гэдгийг бодитоор нь харьцуулж асуух жишээ. Тэр ч бүү хэл “Эрдэнэс Тавантолгой” компани дээр төвлөрөх ёстой стратегийн ач холбогдол бүхий орд газрын төрийн мэдлийн хувийг ашиглаж хөрөнгийн зах зээлээс санхүүжилт олох ёстой гэсэн Засгийн газрын зорилтыг “Энержи ресурс” цөөхөн сарын дотор Хонконгийн Хөрөнгийн биржээс чулуу болгон атгаж чадсан.

Тэгэхэд манай төр “Уг нь “Мак Махон” хамгийн шилдэг нь байсан. Одоохондоо гүйцэтгэх захирлын албыг Б.Энэбиш дарга түр хашина” гэсэн тайлбар тавьсаар л. Энэ бүхэн төрийн албаны бодит нүүр царай. Яг үнэндээ иргэдэд Тавантолгойн нүүрсийг Австралийн хөрөнгө оруулагч “хүрздэх үү”,үгүй юү гэдэг нь сонин биш. Гол нь энэ ажил урагшлах ёстой. Үүний дараа жинхэнэ утгаараа хамгийн том өрсөлдөөн эхэлнэ. Тэр нь  Тавантолгойн 49 хувийг хэн эзэмшиж, “Эрдэнэс МГЛ”-ийн стратегийн түншлэгч болох вэ гэдгийг сонгох шалгуур. Тэр шалгуур нь дахиад л цаг хугацааг үнэгүйдүүлж, ийм удаан үргэлжлэх үү. Энэ тохиолдолд юу яасан хөрөнгө оруулагч, юу яасан эдийн засгийн эргэлтэд орох Тавантолгой. Ядаж сонгуулийн амлалтаа бодоод хурдалчихвал яасан юм бэ, улстөрчид өө. Ажил хийнэ гэчихээд ажлаа хийхгүй. Хийсэн ажлынх нь хурд хувийн хэвшлээ гүйцэж хурдлахгүй энэ янзаараа унтаад байвал Тавантолгойг та бид ирэх онд бус, бүр түүний дараа жилээс л ашиглалтад орж эхэлсэн гэж дуулах бололтой.

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж