Хөгжлийн банкны тендерт Япончууд шанстай байна

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны тендерт Япончууд шанстай байна

Засгийн газраас даалгаснаар хоёр хоногийн дараа Хөгжлийн банкны удирдлагын тендерийн дүгнэлт гарна. Урьдчилсан байдлаар, Өмнөд Солонгос, Японы багаас ялагч тодрох нь гэсэн таамаглал бий. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцлээ. Уг хуралдааны өмнөх өдөр ТӨХ-ны дарга Д.Сугар хэлэхдээ “Тендерийн дүгнэлт энэ сарын 25-нд гарна. ТӨХ-ны дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар заавал хэлэлцүүлэх шаардлагагүй. Тендерийн дүгнэлт гармагц ялсан баг ажилдаа орно” хэмээсэн юм. Гэвч тендерийн дүгнэлт гарахаас урьтаж Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар уг асуудлыг  удтал хэлэлцсэн боловч ямар нэг шийдвэр гаргасангүй, дахин хэлэлцэхээр хойшлуулжээ.

Ажиглагчдын үзэж байгаагаар, хамгийн шанстай нь япончууд. Тендер зарлахаас өмнө Хөгжлийн банкийг хамгийн их сонирхож, эхний саналыг Японы “Жайка” олон улсын байгууллага ирүүлж байсан түүхтэй. Тэд Хөгжлийн банкийг бусдын дарамтанд орохооргүй хүчирхэг хүмүүсээр удирдуулдаг туршлагаа хуваалцаж байснаас нь харахад анхнаасаа л тендерт ялна гэсэн итгэлтэй байгаа нь мэдрэгдсэн.

Түүнчлэн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, USAID зэрэг байгууллага хамтран ажиллах талаар санал солилцсон байдаг.

Засгийн газар “гоё” төсөл, хөтөлбөрүүд бодож олоод түүнийг нь Хөгжлийн банк тодорхой шалгуураар сонгон таалагдвал санхүүжүүлдэг болох тухай гурван жил ярьсан. Энэ ондоо багтаж, Хөгжлийн банкийг байгуулан үйл ажиллагааг нь эхлүү­лэхийг  Засгийн газраас ТӨХ, Үндэс­ний хөгжил, шинэтгэлийн хо­роонд үүрэг болгосон. Үндэсний хөгжил, шинэт­гэ­лийн хорооны дарга Ч.Хаш­чулуун өөрөө л Хөгжлийн банкийг удирдах байх гэсэн таамаглал ч батлагдаж тэрбээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар томилогдоод байгаа.  Төрөөс “орох орон” ч үгүй  банкны ТУЗ-ийн  даргад УИХ-аас эхний ээлжинд ба­талж өгсөн 16 тэрбум төгрөгийг “халааслуулаад” холын замд үдсэн. Ма­найд арилжааны банкны дүрмийн сангийн доод хязгаар найман тэрбум төгрөг байдагтай харьцуулан дуу алдан гайхшрах, хардаж сэрдэх хүн цөөнгүй байлаа. Гэвч Хөгжлийн банк бол арилжааны банктай харьцуулшгүй тэс өөр үйл ажиллагаатай, шаардах хөрөнгийн урсгал ч үлэмж их байх нь ойлгомжтой. Тиймээс хэдэн зуун тэрбум төгрөг хэрэгтэй шүү гэдгийг нь урьдчилан анхааруулж байсан юм. Ч.Хашчулуун бол Засгийн газрын түшмэл. Японд боловсрол эзэмшсэн түүний хувьд “Хэрэв япончууд тендерт ялбал…” гэсэн өөриймсөг санаа байж болох талтай. Учир нь Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга тендерт ялсан менежментийн багтай гэрээ байгуулан хамтарч ажиллах болно. Түүнчлэн ТӨХ-ны дарга Д.Сугар нэгэнтээ “Засгийн газар хөгжлийн бодлогыг шийдвэрлэж байгаа. Энэ банк түүний санхүүгийн асуудлыг шийдэх учраас Засгийн газар, тэнд байр суурь эзэлж буй улс төрийн албан тушаалтнуудын сонирхол мөнхийн байж таарна. Үүнийг л зөв шийдвэрлэж цаашаа ява­хаас өөр аргагүй” хэмээсэн. Засгийн газар, улстөрчдөөс хараат бусаар ажиллаж чадах эсэхэд эргэлзэх, олон тэр­бумын хөрөнгөтэй холбоотой уч­раас хардаж харамлах, мөн өмнө нь тө­рийн мэдлийн банкууд хэрхэн дам­пуурч байснаас хашрах, энэ бү­хэн давхцаж Хөгжлийн банк олны ан­хаарлын төвд байна.
Хөгжлийн банктай холбоотой хууль эрх зүйн орчин хангалтгүй байгаа учир Төсвийн хариуцлагын хууль Хөгжлийн банкинд үйлчлэх үү, хөрөнгө оруулалтын хөтөлбөрөө яаж батлах вэ гэхчлэн олон асуулт хариу нэхэж байна. Тус банкны дүрмийн санг Монгол Улсыг хөгжүүлэх сан, хөрөнгө оруулагчдаас босгоно гэсэн үндсэн зарчим дээр тогтсон. Харин сүүлийн үед Монголбанкны гадаад валютын нөөцөөс Хөгжлийн банкны эх үүсвэрийг гаргаж болох юм гэсэн санал зарим улстөрч, эдийн засагчид дэвшүүлэх боллоо. Үүнд Монголбанкны Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн дарга Ж.Батаа “Хөгжлийн банкны хувьд Засгийн газрын мөнгөн хуримтлал, зээлийн эх үүсвэрийг ашиглан нийгэм, эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилготой банк. Тэгэхээр гадаад валютын нөөцийн удирдлагын зорилт нь Хөгжлийн банкны зорилго, үйл ажиллагаатай нийцэхгүй. Тиймээс Хөгжлийн банкны эх үүсвэр буюу өөрийн хөрөнгийг гадаад валютын улсын нөөцөөс гаргах боломжгүй” гэсэн хариулт өгч байсан.

Хөгжиж байгаа болон өндөр хөгжилтэй орнууд дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлснээ  “амжил­тын үндэс” гэж тодорхойлдог. Хамгийн ойрын жишээ Хятад улс  Хөгжлийн банкаа 1994 онд байгуулснаар өнөөдрийг хүртэл дэд бүтэц, аж үйлдвэр, харилцаа холбооны салбарт 1.6 их наяд юаний үнэ бүхий нийт 4000 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Ингэснээр Хөгжлийн банкны олон талт үйл ажиллагаанаас олсон ашгаараа улсдаа төдийгүй тивдээ тэргүүлснээ хүлээн зөвшөөрүүлээд байна. Мөн ийм жишээг ОХУ, Герман, Солонгос, Энэтхэг, Япон, Сингапур, Испани, Бразиль зэрэг орноос харж болох аж.

Хөгжлийн банкны санхүүгийн эх үүсвэр нь уул уурхайн салбарын орлого, олон улсын хөрөнгө оруулалтыг татах гэсэн үндсэн хоёр суваг бөгөөд бусад төрлийн сан­хүүжилт орж болохуйцаар төлөв­лөгдсөн байдаг.  Харин хяналтын тогтолцооны хувьд их хэмжээний аш­гийн төлөө бус төслүүдийг үр өгөөжтэй байхад голлон анхаарах юм байна гэсэн эхний төсөөлөл буй. Мөн Хөгжлийн банк арилжааны банкуудтай хамтран сүлжээгээр дамжуулан зээл олгож болох бөгөөд ингэснээр арилжааны банкуудад санхүүгийн шинэ боломжууд бий болох аж. Тэгвэл ашиггүй ажиллавал яах вэ. Үүнд төрийн болон олон улсын, мөн олон нийтийн байгууллагууд хамтран хяналт тавина гэж байгаа. Тус банкийг байгуулах, үйл ажиллагааг зохион байгуулах эрх мэдэл бүхий хүмүүсийн тайлбарласнаар бол “Олон улсын санхүүгийн байгууллагын туршлагатай мэргэжилтнүүдийг ажиллуулна. Мөн олон улсын санхүүгийн өөрийн хөрөнгийг татан төвлөрүүлэх зарчмаар ажиллах ажээ.

Ямартай ч асар том төслийг санхүүжүүлэх чадавхи бүхий банкийг хэрхэн зохион байгуулах талаар монголчуудын хувьд анхны алхмаа маш болгоомжтойгоор хийлээ. Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн манай эдийн засаг өсч л байгаа юм бол түүнийг гүйцэх бодлого, менежментийн хурд шаардлагатай болж байна. Үндэсний хөгжил, ши­нэт­гэлийн хороо, Хөгжлийн банк, хөгжлийн стратегитэй холбоотой бүх бай­гууллага цогц болж ажиллахыг нөхцөл байдал шаардаж байна. Хоёр хоногийн дараа Хөгжлийн банкны менежментийн баг тодорч, та бид нэгэн шинэ үйл явдлын гарааны гэрч болох нь. 

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж