Эсэргүүцэл илэрхийлсэн прокурорууд ажлаа хүлээн авчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Эсэргүүцэл илэрхийлсэн прокурорууд ажлаа хүлээн авчээ

Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжавын тушаалаар  Про­ку­­рорын байгууллагын  ал­бан хаагчдын  бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөн. Эл гэнэтийн томилгоог зарим албан хаагчид эсэргүүцэн ажлаа өгөх тухай мэдээ ч чих дэлсээд буй. Тухайлбал,  Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Жаргалсайхан Сүхбаатар дүүргийн прокурорын албан тушаалд томилогдсоноо эсэргүүцсэн бол Улсын Ерөнхий Прокуорын  Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Оюунчимэг ажлыг өөрчилж Баянзүрх дүүргийн прокуророор ажиллах болсонд тэрбээр  эсэргүүцэн албан тушаалаа өгөх хүсэлт гаргасан гэсэн мэдээлэл гараад байгаа.  Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээллээр дээрх хоёр албан хаагч тус бүр өөрсдийн томилогдсон албан тушаалаа хүлээн авч ажлаа эхлүүлжээ. Шинэ томилгоонд хамгийн их өөрчлөлт орсон нь нийслэлийн Прокурорын газар юм байна. Тухайлбал, НПГ-ын хяналтын прокурор, гавьяат хуульч Т.Жадамбааг тус газрын  Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар томилсон юм.

Нийслэлийн прокурорын газ­рын прокурор Ш.Сүхбатыг УЕПГ-т хяналтын прокуророор томилж, харин түүний оронд тус газрын  Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Б.Бат-Оршихыг томилсон. Чингэлтэй дүүргийн прокуророор УЕПГ-ын хяналтын прокурор Д.Энхтөр томилогдож, тус дүүргийн прокурор  Г.Бадамхандыг НПГ-ын хяналтын прокуророор томилжээ. Харин УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх Мөрдөн байцаах болон Хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийг нэгтгэж Улсын ерөнхий прокурорын туслах, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Л.Болд толгойлох болжээ.

Цагдаагийн байгууллагаас нэгэн дэд хурандаа Улсын ерөнхий прокурорын туслахаар томилогдсон байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн дэд даргаар ажиллаж байгаад Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Хүүхдийн халамж, үйлчилгээний төвд ажиллах болсон дэд хурандаа О.Чулуунбаатар Улсын ерөнхий прокурорын туслах, гүйцэтгэх ажилд хяналт тавих албаны дарга болсон.

Одоогоор аймаг орон нутаг, дүүргийн 150 гаруй прокурор халгаа сэлгээнд орсноос нийс­лэлийн Прокурорын газ­раас   22 прокурор солигдсон бай­на.  Тус газрын Мөрдөн бай­цаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга байсан Н.Алтангэрэлийг Баян-Зүрх дүүргийн прокуророор томилсон байна. Зарим прокуроруудыг орон нутагт ажиллах томилгоо хийсэн нь нэлээд олон хүнийг бухимдуулсан гэгдэж байсан. Гэхдээ тэд томилогдсон ажлаа хүлээн авч эхэлжээ. Хамт ажиллагсад болон олон нийтэд нэр хүндтэй гавьяат хуульч Т.Жадамбаад нийслэлийн Прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар томилсон нь нүдээ олсон томилгоо гэдгийг ч хамт ажиллагсад нь хүлээн зөвшөөрч буй. Харин тус газрын хоёрдугаар албаны хяналтын прокурор Ё.Сагсайг орлогчоор томилж нийслэлийн Прокурорын газрын нэг, хоёрдугаар албыг нэгтгэжээ. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр алба нэгдэж Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс болгосон аж. Албан бус мэдээллээр нийслэлийн прокурорын газрын орон нутагт томилогдсон зарим прокурорууд сэтгэл дундуур буйгаа  удирдлагадаа илэрхийлсэн байна. Мөн Улсын ерөнхий прокурорын орлогч  Мөнхбат ч он гараад халгаа сэлгээнд өртөх бололтой. Гэвч тэрбээр сайн дураараа ажлаа өгөх болсон тухай өргөдлийг удирдлагадаа өгөөгүй гэсэн мэдээллийг сонин хэвлэлд өгсөн билээ. Харин учир мэдэх хүмүүсийн яриагаар тэрбээр удахгүй албан тушаал нь өөрчлөгдөж магадгүй гэж буй аж.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж