
-Сүүлийн саруудад томуу, томуу төст өвчин, халдварт өвчин ихэсч намжихгүй байгаа. Зарим сургууль цэцэрлэгийг хаагаад байсан. Одоо байдал ямар байна?
-Өвчлөлийн гол нөлөөлөл нь гар, хөл, амны өвчин 2320 буюу 10 дахин нэмэгдсэн, хоолны хордлого 505 буюу 4.5 дахин нэмэгдсэн, вирүст гепатит А 6004 буюу 15.7 хувиар нэмэгдсэнтэй холбоотой байна. Вирүст гепатит өвчний 86.8 хувь нь А хэлбэрийн вирүсээр үүсгэгдсэн бөгөөд өвчилсөн хүмүүсийн 61.2 хувь нь 0-9 насны хүүхдүүд, бүртгэгдсэн өвчлөлийн 71.8 хувь нь сургууль, цэцэрлэгээс гарсан. Зарим сургууль цэцэрлэгээс 3-47 тохиолдол голомтлон гарсан байна. Орон нутгийн хувьд өвчлөл улсын дунджаас өндөр гарсан Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь, Дорнод, Хэнтий, Дархан-Уул, Өвөрхангай, Баян-Өлгий аймгууд өвчлөл илүү их байна. Аймаг, нийслэл, сум орон нутагт хүн амын унд, ахуйн хэрэгцээний усны хэрэгцээ, хангамж дутмаг байна. Хүнсний аюулгүй байдал алдагдаж байгаагаас үүдэж байна.
-Өвчин намжихгүй газар аваад байгаа шалтгаан нь юу байна?
-Хөрс, ус, агаар орчны болон гэр сууц орон байрны, ясли, цэцэрлэг, сургууль, хоолны газар, дэлгүүр, зах, ажлын байр зэрэгт ахуйн бохирдолт их байна. Гараа угаах, усыг буцалгаж уух, ханиаж найтаахдаа ам хамраа дарах, ил задгай бие засахгүй, хогоо ил хаяхгүй байх зэрэг хүн амын эрүүл амьдрах наад захын дадал хэвшил, хандлага дорой байна.Сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдийн байгууллагын ачаалал норм хэмжээнээс 2-4 дахин ихсэснээс хүүхдүүдийн бие засах газар, гар угаах нөхцөл, ус, саван, ариутгах, цэвэрлэх бодис, материал зэрэг ариун цэврийн наад захын хэрэгслэлийн хүрэлцээ хангамж хангалтгүй болсон.
-Иргэд өөрсдөө яаж сэргийлэх хэрэгтэй вэ?
-Иргэд дор бүрнээ өөрсдийн ариун цэврийг сахиж, амин дэмээр баялаг бүтээгдэхүүн хэрэглэх. Мөн хүнс, хүүхэд, ус хангамж, хог хаягдал цэвэрлэх зэрэг үйлчилгээний байгууллагууд болон зохицуулж зохион байгуулах, хяналт тавих төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн хэмжээнд явагдахгүй байна. Урьдчилан сэргийлэх, халдварт өвчний тандалт, эрт сэрэмжлүүлэх, илрүүлэн оношлох, тусгаарлах, голомтонд авах хариу арга хэмжээ, эмчлэх, диспансерийн хяналт тавих нь хангалтгүй гэсэн дүгнэлтүүд гарсан байна. Эдгээр байдлаас санаа авч цаашид бүх төвшинд бодлого боловсруулах, шийдвэр гаргах, төлөвлөх, бүтэц тогтолцоо, зохицуулалт, зохион байгуулалт, хяналт, үйл ажиллагаандаа анхаарч ажиллах хэрэгцээ шаардлага гарч байна.