Алтны үнэ ирэх онд ямар байх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Алтны үнэ ирэх онд ямар байх вэ?

Алт бол хүндрэлтэй байгаа эдийн засаг, улс төр бүхий орнуудад авралын гарц. Хямралаас дархлаатай энэ бүтээгдэхүүнийг стратегийн нөөц хэлбэрээр улс орнууд бүрдүүлдэг бол хөрөнгө оруулагчид мөнгөө найдвартай хадгалах зорилгоор ихээр худалдан авдаг билээ. Харин алтны үнэ ирэх онд ямар байх вэ?

2011 оны алтны үнийн төлвийг гаргахын тулд шинжээчид дэлхийн эдийн засгийн байдал, ам.долларын ханш, том гүрнүүдийн бодлогын өөрчлөлт болон инфляцийн асуудлыг цогцоор нь харж үзэх хэрэгтэй. Шар металлын үнэ ихэвчлэн зах зээлд үүссэн сандралаас болж нэмэгддэг. Одоогийн байдлаар унц алтны үнэ дунджаар 1390 ам.долларын үнэтэй байна. Харин энэ үнэ боломжийн хэмжээ мөн үү? Зарим эдийн засагч үүнийг алтны үнэ өсч байгаа бус, ам.долларын ханш унаж байгаа гэдэг.

Унц алт хэсэгтээ л 1000 ам.доллараас дээгүүр үнээр зарагдана гэж зарим хүмүүс үзэж байгаа бол зарим нь 1500 тэр бүү хэл 2000 ам.доллар болох боломжтой гэдэг юм. Түүнчлэн 2011 оны эхээр үнийн хөөрөгдөл арилж, 800 ам.доллар хүртэл ч унах боломжтой гэх нэгэн байна. Хэт дэврүүн үзэлтэй зарим нэг нь 5000 ам.доллар болж ч магад гэж байна. Ямартай ч шар металлын ханш валютын ханшийг тогтоох шинэ стандарт болно гэж байгаа юм.

Алтны үнэ ирэх онд одоогийн төвшнөөс давах, эсвэл огцом унах эсэхийг таахад хэцүү. Баррель газрын тосны үнэ хоёр жилийн өмнөх дэлхийг хамарсан эдийн засгийн хямралын үеэр 147 ам.доллар болтол өссөнөөс ердөө тавхан сарын дараа 40 ам.доллараас ч бага болсныг та бүхэн санаж байгаа байх. Тэгэхээр хөрөнгө оруулагчид 2010 оны төгсгөлд алтыг шууд худалдан авах бус хэдэн сарын дараах урьдчилсан гэрээт арилжааг хийх нь илүү оновчтой юм. Энэ тохиолдолд цаашдын үнийн хөөрөгдлөөс сэргийлж чадах аж. Хэрэвзээ хөрөнгө оруулагч үнэ цаашид өснө гэж бодож байгаа тохиолдолд энэ аргыг хэрэглэх нь зүйтэй.

Гэхдээ ирэх оны алтны үнийг яг таг тодорхойлох боломжгүй байна. Хамгийн зөв арга нь түүхэн замналыг харж үзэх юм. 1980 оны нэгдүгээр сарын 21-нд нэг унц алтны үнэ 850 ам.доллар болж байсан юм. Одоогийн ханшаар бол 2250 ам.доллар гэсэн үг. Энэ нь ам.долларын ханшийн уналттай холбоотой байсан. Үүний дараа бараг тал хувиар унасан. Хэрэв ирэх санхүүгийн жилд энэ явдал давтагдвал унц алтны үнэ 600-700 ам.доллар болж болох юм. Харин энэ жил ам.долларын ханш гол мөнгөн тэмдэгтүүдийн эсрэг унасаар байсан ч АНУ-ын сүүлийн үеийн статистик тайлан мэдээллүүд тус улсын эдийн засгийг сэргэж байгааг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл ам.долларын ханш цаашид ч чангарах тул алтны үнэ унаж болзошгүй.

Ирэх оны төлвийг зөв гаргахын тулд худалдан авалт, хангамжийн асуудлыг харж үзэх хэрэгтэй. Дэлхийн алтны зөвлөлийн гаргасан хамгийн сүүлийн судалгаанаас харахад арванхоёрдугаар сарын дунд үеийн байдлаар дэлхийн хамгийн их алтны хуримтлалтай улс нь АНУ хэвээр байжээ. Харин БНХАУ 1054 тонн алтны нөөцтэйгөөр зургадугаарт бичигдсэн байна.     ОХУ-ын нөөц 167,5 тонноор нэмэгдэж наймдугаар байр руу өгссөн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад эхний арван улс жагсаалтад тэргүүлсэн хэвээр байгаа юм. Харин Саудын Араб эхний 20 руу орж иржээ. Саудын Араб, Өмнөд Африк зэрэг хөгжиж буй орнууд алтны хуримтлалаа нэмэгдүүлж байгаа билээ. Эхний 100-д орсон орнуудын 67 нь хөгжиж буй орнууд байгаа нь 2009 оны 62-оос хавьгүй ихэссэн гэсэн үг юм.  ОУВС болон Европын төв банк алт худалдаалагч хамгийн том байгууллагууд билээ. Харин ОУВС-гийн алтны хуримтлал 158,6  тонноор буурсан байгааг судалгаа харуулав. Хятадын хувьд хэдийгээр асар их хэмжээний алтны хуримтлалтай ч нийт хуримтлалын 1,7-хон хувьтай тэнцдэг нь чамлахаар тоо юм. Өөрөөр хэлбэл эхний 20 байрт орсон орнуудаас хамгийн бага нь БНХАУ болж байгаа аж. Хөгжиж буй орнуудын хувьд байдал өөр байдаг. АНУ-ын хувьд 74 хувь, харин Германых 70 хувь байдаг билээ.

Алтны үйлдвэрлэлтээр дэлхийд тэргүүлэгч Хятад улс ойрын гурван жилийн дотор хамгийн том импортлогч орон болох төлөвтэй байна. Энэ нь хэрэглэгчдийн орлого нэмэгдэхийн хэрээр үнэт эдлэлийн хэрэгцээ нэмэгдэж, алтны зах зээлд их хэмжээний хөрөнгө оруулж эхэлсэнтэй холбоотой. Тус улсын алтны зах зээл арван жилийн дотор хоёр дахин нэмэгдэнэ гэж Дэлхийн алтны зөвлөл арваннэгдүгээр сард мэдэгдсэн. 2009 онд Хятадын алтны хэрэглээ 428 тонн байсан бол арван жилийн дараа л гэхэд 900 тонн болно гэж Шанхайд болсон Дэлхийн алтны зөвлөлийн хурлын үеэр тус байгууллага хэлжээ. Дэлхийн эдийн засгийн байдал тогтворгүй байгаагаас хөрөнгө оруулагчид алтыг их хэмжээгээр худалдан авч байгаа. Унц шар металлын үнэ саяхан 1400 ам.доллараас давж, одоо цагийн рекорд тогтоосон. Цаашид ч энэ байдал үргэлжлэх төлөвтэй байна.
“Сүүлийн жилүүдэд Хятадын алтны жижиглэнгийн хөрөнгө оруулалт жил бүр ойролцоогоор 50 хувиар нэмэгдэж байна. Харин хэрэглэгчдийн дунд үнэт эдлэлийн хэрэгцээ жилд 8-10 хувиар өсөх төлөв харагдаж байна” гэж Дэлхийн алтны зөвлөлийн Хятадыг хариуцсан ерөнхий менежер хэлсэн байна. Энэ оны хувьд алтны үйлдвэрлэлт 340 тонн болж, өмнөх оныхоос 26 тонноор илүү гарах төлөв харагдаж байна.

Дээрхээс харахад алтны хэрэгцээ ирэх онд нэмэгдэхээр байгаа юм. Хэрэгцээг дагаад үнэ нэмэгддэг нь хамгийн түгээмэл жишээ гэдгийг санууштай.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж