Алтныхны үймээн банкуудыг донсолгох нь

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Алтныхны үймээн банкуудыг донсолгох нь

Дарга ууртай байна гэдэг шиг уул уурхайнхан стресстэй байна. Арил­жаа­ны банкууд алтныхнаас болоод бүр ч айдастай байгаа. Уртаас урт гэгчийн нэртэй, нэрийг нь тог­тооход бэрх нэгэн хуулийг хэсэг гишүүд санаачлан, батлуулсан нь хэрүүлийн алим болоод байна. Уг нь санаа сайхан ч, арга нь буруу болохоор уг хууль алтныханд гэлтгүй арилжааны банкуудад балаг тариад буй.

Гол мөрний урсац бүрдэх эх, усны сан, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, олборлохыг хориглох тухай хуулийг өнгөрсөн жилийн өдийд сүр дуулиантайхан баталсан хэдий ч хэрэгжиж чадахгүй явсаар он улирахын даваан дээр Засгийн газар гэнэт сэхээ авсан аятай “том” дуугарсан нь алтны компаниудыг дампууруулахад хүргээд байгаа юм.  Хэцүү нэртэй дээрх хуулийг хэрэгжүүлэхийн тулд гол мөрний урсац бүрдэх эх, ойн сан, усны сан газрын хил хязгаарын координатыг нарийвчлан тогтоох ёстой гэнэ. Үүнийг эцэслэн тогтоогоогүйгээс хууль хэрэгжүүлэхэд хүндэрч байна хэмээн Ашигт малтмалын газрынхан тайлбарлаж буй ч үнэн хэрэгтээ энэ хуулийг хэрэгжүүлэх аваас Монгол Улсын эдийн засаг асар их хохирол амсах болно. Тиймээс наашаа ч үгүй, цаашаа үгүй гүрдийчихээд байгаа дээрх хуулийг яах гэж баталсаныг нь ч зарим хүмүүс ойлгохгүй байна.   Уул ус, гол горхины хил хязгаарын координатыг баталсны дараа эхний ээлжинд гол мөрний урсац бүрдэх эх, ойн сан, усны сан газарт үйл ажиллагаа явуулж байгаа алтны шороон ордуудын лицензийг цуцлахаар шийдвэрлэсэн.

Нийтдээ 390 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дээрх хуулийн нэрээр хаах ч эхний ээлжинд 254 алтны шороон ордын тусгай зөвшөөрлийг цуцлахаар болсон. Засгийн газар шийдвэрээ баталгаажуулахын тулд хуульд заасан заалтын дагуу тодорхой нөхөн олговор уул уурхайнханд өгнө. Хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшиж байгаа компаниудын нөхөн төлбөрт найман их наяд төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо нэгэнтээ гарчээ. Жилийнх нь төсөв гурван их наяд гаруйхнаар хэмжигддэг манай улсад дээрх мөнгийг хаанаас олох нь нэгдүгээрт тун бүрхэг. Энэ мөнгийг олохын тулд бусад татвар  төлөгчид нуруун дээрээ бас нэгэн хүнд ачааг хэчнээн жил үүрэх нь тодорхойгүй. Нөгөөтэйгүүр тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан  алтны гэх тодотголтой 254 компаниас улсад өгдөг татвар нь байхгүй болно.  Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ашигт малтмалын газраас  зөвхөн геологи, маркшейдер, байгаль орчны үнэлгээ хийлгэхэд 14 тэрбум төгрөгийн зардал гарах гэнэ. “Байгууллага нь зардлаа даа” гээд Засгийн газар гүрийчихэж магадгүй. Засгийн газар нь байна уу, байгууллага нь байна уу, хамаагүй. Хамгийн гол нь энэ бүх зарлага, гарлага төсвийн мөнгөнөөс шимэгдэх нь тодорхой. Энэ бүхнээс илүү Монгол Улсын эдийн засгийг уналтад оруулж болзошгүй асуудал бол 160 тэрбум төгрөг. Засгийн газрын шийдвэрээр хаалгаа бариулахад хүрээд байгаа 254 компаниуд арилжааны банкуудад 160 тэрбум төгрөгийн зээлтэй байгаа гэсэн судалгааг “Уул уурхайгаа аварья” хөдөлгөөнөөс гаргасан. Зээлийн гэх 160 тэрбум төгрөгийг хэн төлөх нь ойлгомжгүй байгаа юм. Хамаг хөрөнгөө үйл ажиллагаандаа зарцуулчихаад алт үгүй, мөнгө ч үгүй хаалгаа бариулсан хоосон компанийн эзний хоёр чихийг нь  огтлоод авалтай нь биш. Тэгэхээр хэргийн эзэн хэнгэргийн дохиор хууль санаачилсан нөхдүүд төлөх үү. Байгаль, экологио хамгаалсан хууль санаачилсан гээд тэдгээр гишүүд 20 сая төгрөгөө хуваагаад  өвөртлөхдөө дараа нь бөөн асуудал үүсгэж, бөөн мөнгөний өрөнд Засгийн газрыг унагана хэмээн тооцоологүй нь харамсалтай. Манай хууль санаачлагчид судалгаатай, тооцоотой хуулийн төсөл боловсруулдаггүйн нэг илрэл энэ. Нэг талыг хэт барилгүй, олон талаас нь бодож, боловсруулж хууль санаачилсан бол алтынхан ч, арилжааны банкууд нь ч мөрөө мөрөө хөөгөөд явцгаах байсан биз.  Төсвийнхөө алдагдлыг хаанаас нөхөхөө мэдэхгүй шаналж суугаа эрхбаригчдад энэ хуулийг хэрэгжүүлэх найман их наяд+14тэрбум+160 тэрбум төгрөгийг олох бас нэгэн шаналгаа нэмэгдэх бололтой. Хийрхэл ихтэй хэсэг улстөрчдийн амбицаас үүдэлтэй алтныхны үймээн арилжааны банкуудыг донсолговол энэ улсад ирэх жил дампуурал бас дахин дампуурал нүүрлэх нь дамжиггүй.

Ж.НЯМСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж