Улстөрчдийн “Имидж”-ийг өөрчлөх үү?

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Улстөрчдийн “Имидж”-ийг өөрчлөх үү?

Монголчуудыг хүү­хэд шиг гэнэн цайл­ган ард түмэн хэ­мээн дэлхий нийтээрээ өрөвд­дөг нь үнэний ортой бо­лол­той юм. Тэр нь бидний улстөрчиддөө хандаж байгаа байдлаас бүр их хараг­дах болсон байна. Та өнгө­рөгч 2008 оны УИХ-ын сон­гуу­лийн өмнө, түүнээс өм­нөх ч бүх сонгуулиудын Мон­голын нийгмийг нөмөрч бай­сан мэдээллийн давалгаа, нэр дэвшигчдэд тавьсан шалгуу­рууд, өөрсдийнхөө тэдэнд өгч байсан үнэлэлт, дүгнэлтүүдээ эргээд нэг санаарай л даа.

Сонгууль бүхнээр хамгийн мун­даг бөх, хамгийн сай­хан дуучин, хамгийн баян бизнесмэн, хамгийн сайн улстөрчдийг намууд нэр дэв­шүүлж, хоорондоо өрсөлд­дөг байв. Тэдгээр “шедевр”-үүд нь тэгээд сонгогчдоос итгэл хүлээж санал авахын тулд хурдан морь цуглуулж, хөөрөг даалин өвөртлөн дээ­лэн­дээ орооцолдсон нөхөр хө­дөөг зорьж, харин хотод бол сонгогчидтойгоо адилхан кэт өшиглөж, жийнс өмсөөд гэр хорооллыг хогийг ачуулж, орон сууцны дээвэр засахад ха­маг цагаа зарцуулна даа. Тэ­гээд нөгөө гэнэн итгэмтгий “са­налын хуудсууд”-тайгаа уул­захаараа аавынх нь аав хэр­хэн хэлмэгдсэн тухай сэт­гэл өвтгөм түүхийг ярьж, түү­ний аав нь ван, гүн, ноён хүн байс­наар бахархаж, тэгээд ураг­ш­лах тусам Чингисийн алтан ураг руу дөхнө дөө. За­рим нь бүр ард түмэнтэйгээ адил хомстохын тулд тавагтай хоолоо хуруугаараа сэрээдэж, алгандаа кофе ууна гэсэн ч билүү. Тэр ч харин дэмий…

МАХН-ын нэлээд ахмад улстөрч бүр одоо бол УИХ-д гурвантаа сонгогдож, дол цохиод байгаа намынхаа нэг залуугийн нэрийг аймгийнханд анх хоног­шуулахын тулд “Та нар ма­най хэн гуайг танина шүү дээ. Тэр гуайн хү­рэн морь бол…” гээд л ха­вар­жин зусан хурдан морь ярьсан гэж байгаа. Гур­ван удаа сонгогдсон гээд бо­до­хоор тэдгээр морьд ч бас муугүй “улстөрийн мэд­рэмжтэй” морьд байгаа биз. Ингээд л бид хамгийн сайн уяач, хамгийн шударга биз­несмэн /ингэхэд шудрага гэ­дэг  үг ч бас их олон салаа ут­га­тай шүү/, хамгийн бяр­тай бөх, хамгийн шилдэг хуул­чийг сонгосоор 20 оныг үдэв. Харамсалтай нь, сонгогдсон нөхдийн амьд­рал л суга дээшилснээс бус сонгосон бидний амьдрал сай­жир­сан­гүй. Яаж ч сайжрах вэ дээ. Тэр гуайн хур­дан адууг тууж ирээд ний­тийн тээвэрт явуулахгүй, Ш.Сай­хансамбуу гишүүний “На­рантуул” зах руу бүгдээрээ нүү­лээ ч үсрээд 3000 айл л идэх хоолтой болно. Цаана нь 240 мянган ажлын байр сох дутаж байна. Албан ёсны тоо­гоор хөдөлмөрийн захад бүрт­гэлтэй ажилгүйчүүд 43 мян­га, харин бүртгэлгүй бол баг­цаагаар 200-гаад мянган ажил­гүйчүүд байдаг юм гэсэн шүү. 

Ингээд бодохоор бидний өнгөрсөн 20 жил улстөрчдөд тавьж ирсэн шаардлага, өг­дөг үнэлэмж л анхнаасаа бу­руу тавигдсан бололтой. Эх­­ний үедээ ч энэ сайн, тэр нь шударга хүн, эцэг эхийг нь таньдаг, нутаг нугын юм гэ­дэг үнэлэмж түлхүү явдаг бай­сан бол сүүлдээ “Ядахдаа өмч хөрөнгөтэй баян хүн, төс­вийн мөнгө рүү гараа дү­рэхгүй байлгүй” гээд илүү чи­­нээлэг хэсгээс сонголтоо хий­дэг болсон. Ядруухан нэг нь ч бас аль илүү гурил бу­даа, тамхи тариа тараасанд нь саналаа худалддаг л байх. Гэвч сонгуулийн өмнөх нэг сар л гэдэс цатгалан байна. Үлдсэн гурван жил 11 сарыг яаж туулах вэ.

Шударга хүн гэж бай­даг­гүй, хууль мөрддөг хүн л гэж бий гэж нэг үг бай­даг. Угаасаа шударга гэдэг үг өөрөө их зөрчилтэй үг гэж өмнө хэлсэн дээ, ба­рих барьцгүй. Асуудлыг га­цааж, шүүмжилж, ард түм­ний нэрийг их олон удаа барь­сан, чангаар ярьсан нь л “шу­дарга” болж харагдчих гээд байгаа. Үнэндээ бол цаад асуудлаа ойлгосон эсэх, эсвэл санаатайгаар муш­гин гуйвуулаад байгаа эсэх нь чухал биш болж байна. Тий­мээс бүх хүнд нэг л шалгуур тавья. Хуулийн дор амьдарч чадаж байна уу, үгүй юу гэдэг нэг л шалгуур. Баян байна уу, ядуу байна уу, хэний танил, хурдан моринд дуртай эсэх нь хамаагүй. Монгол хүний зарчмын нэг саналын цаана заавал хувийнх нь муу эрх ашиг явдаг гэдэг дээ. Баян хүнд ч, ядуу хүнд ч хувийн эрх ашиг байж л таарна. Түүнийг нь харин хуулиар хазаарлаж өгөх хэрэгтэй. Улс­төрчдийг сайн хүн, сайн зүйл авчирна гэж харахаасаа илүү хэрэв муу хүн гараад ир­вэл систем өөрөө яаж аюул­гүй, хамгаалагдсан байх вэ гэд­гийг бодох ёстой болж байна.

Бүх хүн сонгох, сонгогдох тэгш эрхтэй учраас хэн ч сонгогдоод гараад ирсэн төрийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй, хууль ёсны байхыг зөвхөн хуулиар л зохицуулж өгөх хэрэгтэй. Санхүүгийн том луйварчин сонгогдоод га­раад ирсэн байлаа ч тө­рийн эрх мэдлийг өөртөө ашиг­тайгаар, нийгэмд хор­той­гоор ашиглахгүй байх тэр хязгаарлалт нь хуульд сууж өгсөн байх хэрэгтэй гэ­сэн үг. Үүн дээр УИХ дээр одоо яригдаж байгаа Со­нирх­лын зөрчлийн тухай хууль нэг хэсэгтээ явах биз. Тө­рийн өндөр албан ту­шаал­­тан, албан хаагч юуг хийж болохгүй, юу хийж бо­лох вэ гэдгийг нэг бүрчлэн хуу­лиар зааж өгөх ёстой. Энэ нь л төрийн цэвэр тун­га­лаг байлгах ганц арга зам. Түүнээс биш хэн нэг “тэнгэрийн бошго”-той хүн төрөхийг хүлээх ч юм уу, тийм ид шид бидэнд тусалж чадахгүй нь л дээ.   

Улстөрчдөд тавьдаг нийт­лэг ийм шалгуур байхгүй уч­раас янз янзын хүсэл сонир­хол, эсэн бусын эрх ашигтай, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг алаг цоог нөхдүүд гарч ирээд нэгдсэн бодлого ч байхгүй, нэгнийхээ гаргаж ирсэн санал санаачлагыг тал тал тийш нь чирч дав­хиад, тасчиж хаяад юу ч биш болгодог үзэгдэл га­зар авчихсан. 2008 онд Ардчилсан намын санаа­чил­сан Эрдэнийн хувь, “Баян­монгол” хөтөлбөр МАХН-ын гаргаж ирсэн 1,5 сая төг­рөгийн бэлэн мөнгөний амлалтаас болж хэрхэн дам­пуурсныг, эдийн засгаа хэрхэн дампууруулж байгааг бид бэлээхэн харж байна.

Зүй зохистой байх, сайн тооцоо хийхээс илүү ёс сур­тахуун гэж байхгүй. Инф­ляцид захирагдсан бүх ний­тийн сайн сайханд уриалах ид шидэд итгэсэн уриалгаас илүү ёс журамгүй зүйл байх­гүй” гэж 60 жилийн өм­нө өрнөдийн иргэншлийг өөрийг нь хамгаалахын тулд эсэргүүцэн боссон Аме­ри­кийн нэрт зохиолч, фило­со­фич Айн Рэнд “Атлантын мөр тэнийв” номдоо бич­сэн байна. Бас аливаа даран­гуйлагч ид шидэд итгэгч, али­ваа ид шидэд итгэгч жин­хэнэ дарангуйлагч байдаг гэж. Өнгөрсөн 20 жил бид­ний сонгосон, сонгогдсон улс­төр яг л ийм “ид шидэнд” ит­гэ­сэн, гэнэн, тооцоогүй байд­­лаар явж ирсэн бай­на. Тэгээд нөгөө гэнэн, тоо­цоогүй мөрөөдөл нь бие­лэхгүй болохоор учиргүй тачаа­даж, хууртсандаа эм­зэг­лэн сонгосон хэдийгээ идээ­чин, уугаачин, хужаа, сог­туу­гаар нь дуудаад эхэлдэг. Анхнаасаа шалгуураа зөв тавиад, сонголтоо тооцоотой хийсэн бол ийм зүйл давтагдахгүй шүү дээ. Харин тэр шалгуур, киритерүүдийг л зөв, аль болох хурдхан гар­гаж тавих нь бидний хам­гийн түрүүнд хийх ёстой ажил болж байна.  

Б.СЭМҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж