Засгийн газар бизнесийн чанартай хөтөлбөр оруулж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Засгийн газар бизнесийн чанартай хөтөлбөр оруулж байна

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцсэн юм. Хөтөлбөрт 1.8 их наяд төгрөгт тусгахаар заажээ. Түүгээр Монгол орны байгаль орчны экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад, тэр дундаа уул уурхайн нөхөн сэргээлт хийхэд энэхүү хөрөнгийн нэлээд хувийг зарцуулна гэж үзсэн байв. Харин УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Ерөөсөө энэ хөтөлбөр байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжих хөтөлбөр биш байна. Цэвэр бизнесийн хөтөлбөр” байна. Өмнө нь ийм төрлийн 500 гаруй хөтөлбөр манайд хэрэгжихээр батлуулж байсан, үр дүнтэй хэрэгжсэн нь цөөн, ихэнх нь хөрөнгө мөнгөгүй гэдэг шалтгаанаар эзэнгүйдчихсэн. Тиймээс төслийг буцаах шаардлагатай хэмээн үзсэн юм. Гэхдээ олонхи гишүүн эл төслийг “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон. Иймд бид цөөнх болсон УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлээс дараах тодруулгыг авлаа.

-Хөтөлбөрт тусгасан 1.8 их наяд төгрөгөөр яг юуг хийнэ гэж тусгасныг та эсэргүүцээд байна вэ?

-Сүүлийн үед Засгийн газрын сайдууд УИХ-д асуудал оруулж ирэхдээ жижүүрийн хэдэн зорилтуудыг, янз бүрийн хувилбараар хэлхэж оруулж ирдэг болчихоод байгаа. Жишээ нь энэ хөтөлбөрт 1.8 их наяд төгрөг тусгасан, нэг тэрбум гаруй ам.доллар гэсэн үг. Түүгээр юу хийх нь вэ гээд үзэхээр жагсаалт нь байхгүй. Тэгсэн хэрнээ мөнгө батлуулах гээд гүрийгээд байхгүй юу. Жишээ нь би сайд Л.Гансүхээс  асуулаа. Ойрын үед маш их мөнгөтэй зүйл баталж байна. Гэтэл бид хүүхдийн мөнгөө өгч чадах уу, үгүй юу гээд сууж байдаг. Нөгөө талдаа бид мөнгө хүрэхгүй байна гээд татвараа нэмээд сууж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг талаараа мөнгөтэй гэж яриад, нөгөө талаараа мөнгөгүй гэж аашлаад. Энэ чинь олон түмнийг хүнд байдалд оруулаад байна. Ямар ч баримжаагүй болгоод байна, энэ нийгмийг. Судалгаагаа хийсэн үү, хийгээгүй. Ойрын үеийн эдийн засгийн судалгаа ямар байна. Ирэх оны хоёрдугаар хагасаас нийт дэлхийн эдийн засгийн эрэлт буурна гэж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэн ялангуяа уул уурхайн баялгаар амиа зогоодог орны түүхий эдийн үнэ унана. Унахаар манайх шууд хомсдолд орно. Монгол Улс дэлхийн эдийн засгийн төлөв байдлаас шууд хамаардаг. Лондонгийн бирж дээр алт, зэсийн үнэ уначихвал бид дагаад унана. Ноолуурын үнэ унаа л бол, бид дагаад л унадаг.

Бид чинь өөрөө өөрийгөө хангаж чадахуйц хүрэлцэхүйц эдийн засагтай улс биш байхгүй юу. Бидний бүх юм импортынх. Тиймээс л асуугаад байна.

-Асуултад ямар хариулт өгч байх юм?

-Судалгаа байна уу, байхгүй, судалгаа тооцоогоо зөв хийсэн юм алга. Бид бас ард түмэндээ бодит байдлыг хэлмээр байна шүү дээ. Энэ бол олон жилийн хөтөлбөр. Тооцоо бол ойролцоогоор гаргасан. Хямрал болбол ийм алдагдал үүснэ гэдгийг тодорхой болгох ёстой. Мөнгө л ярьж байгаа юм бол. Сүүлийн үед  Засгийн газар УИХ-д маш их хэмжээний мөнгийг багц багцаар оруулж ирдэг боллоо. Харахаар хувийн хэвшил, төрийн ажлуудыг хольсон, бизнесийн шинжтэй хөтөлбөрүүд.

-Жишээ татвал?

-Тухайлбал, “Утаагүй улаанбаатар” хөтөлбөрийг батлахад хэчнээн хэллээ.  Түүнд 18.2 их наяд төгрөг шаардана. “Иргэдэд орон сууцаа барих мөнгийг нь өгөөч ээ, тэд өөрсдөө сонголтоо хийг ээ” гэж хэлсээр байтал барилгын компаниуд мөнгө авч,  барилга барихаар хийчихсэн. Ингээд болж өгөхгүй юм. Хамгийн гол нь хөтөлбөр гэдэг бол хүрэх зорилт нь ард иргэдэд хамгийн энгийнээр ойлгогдсон байх ёстой. Жишээ нь, 2025 он гэхэд Улаанбаатар хотод Азийн өвлийн олимп зохион байгуулах төвшинд очсон байх ёстой. Зохион байгуулъя гэж зорьж болно ш дээ. Бид чинь олимпийн хорооны гишүүн орон байхгүй юу. Хэдийгээр Азийн олимпийн наадмыг зохион байгуулах уралдаанд шалгарч чаддаггүй юм аа гэхэд Европынхон шиг цэвэр хотуудын стандартад оччихсон л байх ёстой. Хүрэх зорилтоо тодорхой болгомоор байна шүү дээ.

-“Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн ажил хэзээ эхлэх ёстой байлаа? 

-“Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрт заасан ажлууд эхлээгүй байна. Энэ оны хоёрдугаар хагасаас ажил эхлэх ёстой байсан. Хэн нь хэнийгээ хуураад байгаа юм бүү мэд. Ажил хийсэн дүр үзүүлээд байгаа юм уу, эсвэл. Нийгэм чинь иймэрхүү хууралт, мэхлэлт, утга учиргүй яриа хөөрөөнд түүртээд байна шүү дээ. Сонгогчид УИХ-аар аймаар,  аймаар их мөнгө баталж байна. Бид чинь их наяд гэдэг үгийг хэлж сураагүй байсан. Одоо бол жирийн үг болж хувирсан. Мөнгө чинь байгаа юм уу тэгээд гээд асуухаар би бүр байдалд орж байгаа байхгүй юу.

-Та сонгогчдод юу гэж хариулдаг юм. Мөнгө нь байхгүй ээ гэх үү?

-Би хөтөлбөр баталчихсан юм чинь “Байгаа” гэж хэлэхээс яах юм. Байхгүй гэвэл “Яах гэж мөнгө нь байхгүй байхад тийм их мөнгөтэй хөтөлбөр баталчихсан юм бэ” гээд загнаад байна шүү дээ.

-Гэхдээ худлаа хэлсэн болох юм биш үү?

-Харин маш хүнд байдалд орж байна. Сонгогчид хэлж байна. “Байгаа юм бол яагаад хүүхдийн мөнгө өгч болдоггүй юм бэ. Хөдөөд яагаад ажлын байр бий болгож чаддаггүй юм бэ. Энэ олон залуучуудад. Яагаад өнөөдөр хүн бүр ядуурлаа гайхуулж явахад хүрэх ёстой юм. Та нар тэр их мөнгийг нийлээд идэж байгаа юм байна шүү дээ, Э.Бат-Үүл ээ” гээд маш төвөгтэй байдалд оруулж байна. Энэ нь улстөрийн их хортой үр дагавартай байхгүй юу. Хүлээлтэд автсан олон түмэнд зургаан сарын дараа “Тэр мөнгө алга аа” гэх юм бол  “Та нар тэрийг мэдээгүй юм уу, тооцоогүй юм уу, судлаагүй юм уу. Өө хөөрхий мөнгө дутаа юу гэж хэлдэггүй л байхгүй юу”. Тэгэхээр их ухаалаг, тооцоолог яриа хөөрөөг бид ярьж баймаар байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж