УИХ-ын даргын эрх мэдлийг нэмэгдүүлэхийг хүсэв

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргын эрх мэдлийг нэмэгдүүлэхийг хүсэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Дээр нэр дурдсан дөрвөн төсөлд агуулгын хувьд давхацсан, зарим нь биенээ нөхөх боломжтой заалтууд нэлээд туссан учир тэдгээрийг хасах, заримыг нь нэмэх замаар өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулсан ажлын хэсэг ажиллажээ. Энэхүү ажлын хэсгээс гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцсэн юм. Ажлын хэсгийн хувьд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэвсгэрээ болгон бусад хуулийн төслүүдэд орсон заалтуудыг нэгтгэн нэгдсэн нэг хуулийн төсөл гаргах бололцоо байна гэж үзжээ. Гэвч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь шинэчилсэн найруулгын төслөөр УИХ-д орж ирсэн учраас дээрх гурван төрлийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй нэгтгэхээр “Шинэчилсэн найруулга хэлбэрээр хууль батлагдах уу, эсвэл нэмэлт, өөрчлөлтөөр батлагдах уу” гэдэг нь эргэлзээтэй болж буй аж. Хуульд зааснаар шинэчилсэн найруулгаар оруулж ирсэн хуулийн төсөл анхны хэлэлцүүлэгт хүрчихсэн нөхцөлд ажлын хэсгээс хассан тодорхой саналуудыг хэлэлцүүлгийн шатанд нэмж оруулах бололцоогүй. Харин нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан нөхцөлд боломжтой аж. Тиймээс УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хуулийн төслөө хойшлуулах санал гаргаж, улмаар түүнийг жичэд нь авч хэлэлцэхээр болов. Хууль санаачлагчийн хувьд өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийнхэнтэй уулзан, тодорхой саналыг гаргасан ч хүлээж аваагүйгээс өнөөдрийн энэ эргэлзээтэй төвөгтэй байдалд хүргэж, асуудлыг хойшлуулахаас аргагүй нөхцөл рүү аваачлаа гэдгийг энэ үеэр сануулсан юм. Учир нь дээрх гурван хуулийн төсөлтэй хамтатган төслөө нийлүүлчихээр үндсэндээ түүнд заасан чухал заалтуудыг хасах болж буй юм.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан: -2006 онд баталсан УИХ-ын тухай хууль бол маш их зөвшилцлөөр бүтсэн. Алдаа оноо аль аль нь бий, Э.Бат-Үүл гишүүн бид их юм болж баталсныг санаж  буй болов уу. Хэрвээ Х.Тэмүүжин гишүүн энэхүү хуулийн төслөө нэмэлт, өөрчлөлтөөр оруулаад ирсэн бол өнөөгийн энэ будилаан үүсэхгүй байсан. УИХ-д анх орж ирж тангараг өргөчихөөд тэр даруй шинэчилсэн найруулгаар УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг оруулж ирж, будилуулаад гэв. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Нэртэйгээр нь гишүүдээ шинэ, хуучнаар нь ялгачихаач… УИХ, Засгийн газарт хууччуул нь эзэн суучихаад байсан учраас би шинэчилсэн найруулгаар хуулийн төслийг өргөн барьсан юм. УИХ нь Засгийн газраа хянаж чадахгүй, хамар дороосоо өчнөөн мөнгөө алдчихаад сууж байгаа. Гэтэл Ц.Нямдорж та хоёр энэ мэтээр гацаагаад байгаа биз дээ” гэлээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Д.Энхбатын тайлбарласнаар хууль санаачлагчдаас хэнийг нь ч ажлын хэсэгт багтаагаагүй. Энэ нь эргээд ажлын хэсгийнхэнд ч хүндрэл учруулсан. Нэг үгээр хэлбэл, тэд давхардсан заалтуудыг нь хасах байдлаар төслүүдийг үндсэнд нь нэгтгэх ажлыг хийжээ. Түүнээс энэ заалт чухал, үлдээе гээгүй бололтой юм.

Мөн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл ажлын хэсэгт багтсан. Түүний хувьд онцгой тохиолдолд УИХ ямар үүрэг хүлээж ажиллах ёстой вэ гэдгийг түлхүү хуульчилж өгөх шаардлагатай байсан гэж байр сууриа илэрхийлэв. Жишээлбэл бусад орны парламентад гишүүдээ хуралдааны танхимд дэггүйтвэл үг хэлэх эрхийг нь нэг сараар хасдаг, эс бөгөөс чуулганы танхимд орж ирэхийг нь 30 хоногоор хорих зэргээр арга хэмжээ авдаг. Монгол Улсад өнөөдөр ийм хууль эрх зүйн заалт үйлчилдэггүй учраас дураараа дургидаг. Нөгөөтэйгүүр, УИХ Үндсэн хуулиа сахиулах үүрэгтэй. Гэтэл нэг улстөрийн нам ирэх оны гуравдугаар сард сум бүр дээр сонгууль явуулах гэж байна. Энэ тохиолдолд УИХ яах ёстойг хуульчлах юм гээд, надад яавал ашигтай байх вэ гэдэг өнцгөөр асуудлыг хардгаа болих хэрэгтэйг гишүүдэд анхаарууллаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж