Чөлөөт бүсэд дөрвөн тэрбум төгрөг хуваарилсан

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Чөлөөт бүсэд дөрвөн тэрбум төгрөг хуваарилсан

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн сургалт өчигдөр Төрийн ордонд болсон юм. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжавтай уулзаж ярилцлаа.

-Ирэх онд Сэлэнгэ аймгийн төсөвт төвлөрүүлэх хөрөнгө нэлээн нэмэгдсэн. Тэгвэл танай аймагт хөрөнгө оруулалтад хэдэн төгрөг хуваарилж байгаа вэ?

– Манай аймаг арванхоёрдугаар сарын 9-нд хурлаа хийж төсөв төлөвлөгөөгөө баталсан. Аймгийн орлогын төлөвлөгөөг 17 тэрбумаар баталсан. Өмнөх жилийн орлогын  төлөвлөгөө урьдчилсан байдлаар биелж байна. Энэ жил бидэнд нэмэлт даалгавар ирж байгаа. Улсын хэмжээнд донор аймгийн хувьд 10 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр боллоо. Өнгөрсөн жил зургаан тэрбум төгрөг өгч байсан. Хөрөнгө оруулалтад зориулж манай аймагт 700 саяыг өгч байгаа. Нэг аймаг 700 сая төгрөгөөр хөгжинө гэж байхгүй. 700-800 сая гэдэг чинь одоогийн ханшаар бол  2 км хар замын л мөнгө. Энэ мөнгөөр манай аймаг 17 сум, таван тосгоноо хөгжүүлэх ажлыг шийднэ гэвэл хэцүү л дээ.

-Төсвийн тухай хуулийн төслийг удахгүй УИХ-аар хэлэлцэнэ.  Энэ хуулиар орон нутагт эрх мэдэл олгоно гэж байгаа. Та хуулийн төсөлтэй танилцсан уу?

-Ирэх оны төсөв дээр яг ийм зүйл харагдахгүй байгаа.  Саяын баталсан төсөв бол хуучин хуулиар баталсан төсөв. Төр засаг томоохон төслийг өөр дээрээ авч үлдээд, сум орон нутгийн сургууль цэцэрлэгийг орон нутаг,  яамдтайгаа харилцаад шийдэх бололцоо олговол зүгээр байна. Энэ талаар л яриад байгаа л даа.  Ний нуугүй хэлэхэд сайдууд, төсвийг ерөнхийлөн захирагч нар энэ эрх мэдлийг шилжүүлэх дургүй байгаа юм. Хуулийн төслийг харж байхад аймгийн Засаг дарга нар салбарын төсвийг хуучнаараа гэрээгээр авдаг, төсвийн багцуудыг яамдуудаар, сайдуудаар хуваарилдаг энэ зарчим хэвээр хадгалагдахаар байна.  Үүнд бид их шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Энэ хэвээр явбал өмнөхөөс илүү гарах юм байхгүй.  Яг л хуучнаараа сайдууд авч үлдэх хөрөнгөө авч үлдээд, сургууль цэцэрлэгийн дээвэр салхинд хийсчихээр Засаг дарга нь  сургууль, цэцэрлэгийнхээ эрхлэгчтэй хот руу харайлгадаг байдал хэвээрээ л үлдэнэ. Яагаад гэвэл урсгал төсвийг засаг дарга нарт дамжуулж өгөөд, хөрөнгө оруулалтын шинжтэй магадгүй болзошгүй ажилд зориулагдсан хөрөнгийг яам аваад үлдэхээр байгаа.  Энэ утгаараа байдал ерөөсөө өөрчлөгдөхгүй. Дахиад л яамны үүдэнд дугаарладаг байдал хэвээрээ үргэжилнэ.

-Тэгэхээр орон нутагт эрх мэдэл очихгүй нь гэж ойлгож болох уу?

-Ямар нөхцөл байдалд  орон нутгийн эрх мэдэл нэмэгдээд байгааг бид олж харахгүй байна. Харин тэр Тендерийн хууль нэг аймаг руу шилжих юм билээ. Гэхдээ эцсийн дүндээ хариуцлага нь л шилжиж байгаа юм. Яг бичиг баримтаа бүрдүүлээд ирэхэд санхүүжилтын асуудал дахиад л яам дамжаад явна. Өнөөдөр манайд худаг гаргана гэхэд тендерээ аймагтаа зарлаад шийдээд, бүх баримтаа бүрдүүллээ ч гэсэн гүйцэтгэл, бүх ажил Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаар орж баталгаажуулаад, дараа нь Сангийн яам дээр орж дугаараа хүлээж байж авна.  Аймагтаа зарласан нэртэй ч санхүүгийн эрх мэдэл нь Сангийн яаманд хэвээрээ байгаа юм.

– Орон нутгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүдээр дамжуулан хуулийн төсөлд саналаа өгсөн үү. Уг нь Сангийн сайд танай тойргоос УИХ-д сонгогдсон?

-Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хэмжээнд хоёр ч удаа санал авсан. Ажлын хэсэг гаргаж ИТХ-ын тэргүүлэгчдээр хэлэлцүүлээд, албан ёсны болгож гурван гишүүнийхээ ажлын хэсэгт  ирүүлсэн. Дараа нь аймгуудын Засаг дарга нарын семинар хийх үеэр санал тавьж байгаад  Төсвийн байнгын хорооны Ц.Даваасүрэн,  аймгаас хоёр хурлын дарга, хоёр Засаг дарга оролцуулан ажлын хэсэг байгуулсан.   Харамсалтай нь,   тэр ажлын хэсэг ажиллаж эхлээгүй байтал хуулийн төсөл хэлэлцэгдэх шинжиндээ орчихлоо. Ажлын хэсэг ажиллаж эхлээгүй болохоор ямар санал орж байгааг бүү мэд.  Ер нь бидэнд хуулийн төслийг танилцуулаагүй  л дээ.  Би гэхэд санхүүгийн нөхдөө шахаж байж, флашаар авчрүүлж харсан.  Өнгөрсөн есдүгээр  сард нутгийн өөрөө удирдах ёсны чуулга уулзалт Дорноговьд болоход тэнд энэ талаар огт яриагүй. Бид өөрсдөө олж аваад танилцаад байна. Төсөл дөнгөж яригдаж эхлэх гэж байна. 

-Гэхдээ хуулийн төсөлд авууштай заалтууд байгаа байлгүй дээ?

-Нааштай өөрчлөлтүүд гарсан  харагдсан. Төсвийн байгууллагууд туслах аж ахуй эрхлэх эрх нээгдэж байна. Тендер зарлах эрхийг орон нутагт өгч байна.

-Алтанбулагийн чөлөөт бүс байгуулах  ажил ямар шатандаа яваа вэ?

-Алтанбулагийн чөлөөт бүс 1992 онд яригдаж эхэлсэн, 18 жил болж байна.  Сонгууль бүрийн дараа л нэг хэсэг яригдаж байгаад жаахан жаахан юм тусгадаг. Олон газар юм эхлээд хэзээ дуусах нь мэдэгддэггүй,  ямар үр дүн гарах нь мэдэгддэггүй. Тэр Цагаан нуур,  Замын-Үүд гээд л. Тэрэнд орвол аль эрт эхэлснээ эцсийг нь хараад хөрөнгийг нь өгөөд хийгээд болох болохгүйг нь мэдээд авбал зүгээр юм. Харин Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг энэ асуудлыг хариуцаж авснаас хойш нааштай хандаж, практик шийдэл гаргаж, ирэх онд овоо мөнгө хуваарилсан.  Нөгөө талаас удирдлагууд нь хотод амьдардаг, орон нутагтай холбоо сүлбээ багатай байсанд бид шүүмжлэлтэй хандаж, ИТХ-ын хурлаараа чөлөөт бүсийн захиргааны сонсголыг авч хэлэлцсэн. Тэд ч мэдээллээ хийж,  асуудлаа тавьсан. Ер нь нэг юм хэлэхэд манайхан обьектын ажлаа эхлэхээс өмнө хяналтын тогтолцоогоо байгуулчихдаг нэг муу тал байна.  Чөлөөт бүсэд гэхэд гааль нь, мэргэжлийн хяналт нь байж байна.  4-5 жил ажиллаж байгаа.  Уг нь чөлөөт бүс гэхээр бүх юм чөлөөтэй байж давуу эрх үүсэх ёстой. Гэтэл яагаа ч үгүй хяналтын тогтолцоог байгуулсан. Чөлөөт бүсээс гадна байгаа хүнээс чөлөөт бүс дотор байгаа хүн хамгийн их анхаарал татахаар болчихоод байна. 

-Чөлөөт бүсэд хэдий хэмжээний хөрөнгө тусгасан юм. Түүгээр ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа вэ?

-Ирэх жил чөлөөт бүсүүдэд найман тэрбум төгрөг өгөх юм билээ. Манайд дөрвөн тэрбум орчим нь ирэх байх. Гадны компаниуд захиалга өгч, газраа аваад дууссан. Одоо “Та нар дэд бүтэц бүрдүүлээд өг. Тэгвэл бид оффисоо барьж, агуулахаа бэлдэж, ажлаа эхэлмээр байна” гэж байгаа. Дөрвөн тэрбум хөрөнгөөр  цэвэр ус татах, бохироо хааш нь зайлуулах зэрэг дэд бүтцийн асуудлыг шийднэ.  Өнгөрсөн жил зам тавьж, цахилгаан татан, усны эх үүсвэрийг шийдсэн. Дотоод байршил шийдэгдсэн байгаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж