Улсын тэргүүний жишиг сум удахгүй тодорно

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Улсын тэргүүний жишиг сум удахгүй тодорно

Энэ сарын 3,4-нд Дорнод аймагт Зүүн бүсийн аймгуудын дарга нарын уулзалт зөвлөгөөн болж өнгөрлөө.

Уг зөвлөгөөнөөр Монгол Улсын засгийн газрын 193-р тогтоолоор Улсын тэргүүний жишиг сум шалгаруулах болзлыг хэрхэн дүгнэх талаар зарчмын асуудлуудаа ярилцан тохирсон байна. Аймаг болгоноос 2 сум шалгаруулж улсын хэмжээнд өрсөлдүүлэх гэнэ. Сумдуудын ирүүлсэн  материалыг  12-р сарын 24-ны дотор битүүмжилж авах бөгөөд энэ нь ямар нэгэн үүсч болзошгүй маргаан хардалтаас сэргийлж байгаа юм байна. Аймгийн засаг даргаар ахлуусан 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нэр дэвшсэн сумдуудаар явж танилцах бололтой.   Шалгарсан сумдын материалыг 1-р сарын 15 –ны дотор шалгаруулан Засгийн Газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэх юм байна. Шалгарсан суманд 100 сая төгрөгийн шагнал өгөх бөгөөд шагналын мөнгөний 90 хувийг тухайн суманд захиран зарцуулах эрхтэйгээр өгөх бөгөөд үйлдвэрлэл үйлчилгээ, ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд бизнесийг хөгжүүлэхэд зээл олгох, сумын хөгжил тохижилтонд зарцуулах зэргээр Сумын ИТХ-д нь бүрэн эрхийг нь олгохоор тогтжээ. Уламжлалт сар шинийн баяраар шалгарсан сумын шагналыг гардуулах гэнэ.

Мөн Зүүн бүсийн хөгжлийг дэмжих санд аймаг бүр 5 сая төгрөгийг хандивлахаар болсон байна.

Үүнээс гадна Зүүн бүсийн 2011 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталж, Бүсийн зөвлөлийг Аймгуудын дарга нар, ИТХ-ийн дарга, Тамгын газрын дарга, Бүс хариуцсан мэргэжилтэн зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй байгуулахаар шийдвэрлэжээ. 

Зүүн бүсийг хөгжүүлэх зорилгоор 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “ Зүүн бүсийг хөгжүүлэхэд Шинжлэх Ухаан технологийн хөгжлийг төвлөрүүлэх” зөвлөгөөнийг зохион байгуулахаар болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж