Д.Дамба: Нефть импортлогчдод цохилт өгч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Д.Дамба: Нефть импортлогчдод цохилт өгч эхэллээ

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамбыг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.

-”Уул уурхайгаа аваръя” хөдөлгөөнөөс УИХ-ын дарга, гишүүдэд удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн. Монголын уул уурхайн үндэсний ассоциаци энэ хөдөлгөөнтэй хэрхэн хамтарч байгаа вэ?

-Тэд өөрсдийн эрх ашгийг хамгаалж хөдөлгөөн зохион байгуулж байгаа. Гэхдээ Уул уурхайн үндэсний ассоциацийн хувьд хоёр жилийн өмнө уг хуулийг анх хэлэлцэж байхаас нь л сайн судалж байж батлах ёстой гэдгийг ярьж эхэлсэн. Хэдийгээр бид салбарынхаа эрх ашгийн төлөө эсэргүүцсэн байр сууриа хангалттай илэрхийлж байсан ч судалгаа тооцоо муутай, сөрөг үр дагавар олонтой, түүхий хуулийг УИХ яаран баталсан. Тиймээс хууль баталсны дараа ч бид шүүмжилж байлаа. Үнэн хэрэгтээ иргэний хөдөлгөөнийхний шаардлага, шахалтаар, тэдний боловсруулж өгсөн төслийг л бараг тэр чигээр нь өргөн барьсан. Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж УИХ ч ул суурьтай, олигтой хэлэлцэлгүй баталсан. Уг нь байгаль орчноо хамгаалах гэсэн санаа нь зөв хууль. Гэхдээ ардчилсан нийгэмд хуулийг ийм аргаар хэрэгжүүлэх боломжгүй шүү дээ.

-Одоогоор лицензийг нь цуцлаад байгаа компаниудын хэчнээн нь гадаадын хөрөнгө оруулалттай вэ. Хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй, Монголын нэр хүндийн талаарх үнэлэмж хэрхэн өөрчлөгдөж байгааг хамгийн сайн мэдэх хүмүүс бол танай ассоциаци. Ямар хандлага ажиглагдаж байна?

-Хөдөлгөөнд оролцож буй аж ахуйн нэгжүүдийн 30-аад хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай, бусад нь үндэсний  компани юм. Гадны хөрөнгө оруулагчдын хувьд тун хүлээцтэй хандаж, байдлыг анхааралтай ажиглаж байгаа. Зарим нь “Уул уурхайгаа аваръя” хөдөлгөөнд нэгдсэн.

-Нэгэнт танай ассоциацийн зүгээс уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагуудыг дэмжих, эрх ашгийг нь хамгаалах үүрэг хүлээдгийн хувьд лицензийг түдгэлзүүлснээс бизнесмэнүүдэд учруулах хохирлын хэмжээг урьдчилан тооцоолсон байх. Ямар тоо гарсан бол?

-Яг нарийвчилж гаргасан тооцоо алга. Уг хуулийг хэрэгжүүлснээр лиценз эзэмшигч компаниудад ямар хэмжээний нөхөн олговор өгөхөд хүрч байна вэ гэдгийг урьдчилан тооцоолж үзсэн. Олон янзын тоо гарч байсан. Ямар ч байсан 4.7 их наяд төгрөгийн нөхөн олговор зайлшгүй олгох ёстой гэсэн тооцоо бий. Дээр нь  банкуудад лицензээ барьцаалан 160-аад сая ам.долларын зээлийг яаж төлөх вэ гэсэн асуудал үүсч байна. Төлөвлөгөөг нь баталж өгөөгүйгээс болоод өнгөрсөн жилээс хойш үйл ажиллагааг нь зогсоосон зарим компанийн алдагдлыг тооцоод үзэхэд улсын төсөвт асар их хохирол учрахаар байгаа юм. Уг нь эдгээр компани улсад төлдөг татварын орлогоороо ч, нийгмийн хариуцлага хүлээдгээрээ ч дээгүүрт ордог. Энэ мэтчилэн  материаллаг болон материаллаг бус хохирол ихээхэн учрах болж байна. Байгаль орчныг сүйтгэдэг, нөхөн сэргээлт хийдэггүй компаниуд нь аль хэдийнэ лицензээ зараад, шилжүүлээд алга болсон. Хууль журмын дагуу явдаг компаниуд нь ингэж хохирч үлдлээ.

-Лицензийг түдгэлзүүлснээр нөөц нь тогтоогдсон талбайнуудыг эзэнгүйдүүлж байна гэдэгтэй та санал нийлэх үү. Төр ямархуу менежер вэ гэдгийг иргэд мэднэ шүү дээ. Цаашид яах вэ?

-Мэдээж үүнтэй санал нийлнэ. Бидний хүсч байгаагаар бол уг хуулийг хэрэгжүүлэхийн тулд одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг ажиллуулаад, нөхөн сэргээлтийн шалгуурыг өндөрсгөн, биелэлтэд нь хяналт тавиад явах хэрэгтэй. Тэгэхгүй бол компаниуд ч ажилласан юмгүй, улсад оруулах орлого ч үгүй ийм хүлээлт үүсгэснээр хохирол улам ихэснэ. Аж ахуйн нэгжүүд дампуурснаар олон хүн ажилгүй болно гээд сөрөг нөлөөлөл л нэмэгдэнэ шүү дээ. Үүнийг бодолцохоос аргагүй.

-Танай ассоциаци хариуцлагатай уул уурхайн талаар ихээхэн ярьдаг. Энэ хариуцлагын талаар тодруулна уу. Тухайлбал, хөрсийг хучаад мод тарьсан л бол нөхөн сэргээлт гэж үзэх үү, ямар шалгуур байна вэ?

-Хариуцлагатай уул уурхайн үндсэн найман шалгуур байдаг. Бид гишүүн компаниуддаа тэр шалгуурыг л тавьдаг. Нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлагын гэхчлэн олон шалгуур бий. Наад зах нь лицензийг түдгэлзүүлсэн компаниуд талбайгаа орхих нь орон нутагт хүртэл багагүй хохирол учирч байна.

-Ямар хохирол?

-Тэдгээр компанид нутгийн иргэд   мах, сүү, хүнсний бү­тээгдэхүүн нийлүүлж амьжиргаагаа залгуулдаг байсан. Мөн тухайн компаний зүгээс сум, орон нутагт үзүүлж байсан тусламж, дэмжлэг байхгүй болох нь. Орон нутгийн иргэдийн хамгийн их айж байгаа зүйл бол хариуцлага хүлээж байсан компаниуд нь талбайгаа орхиж гараад, оронд нь ямар ч хариуцлага хүлээдэггүй, хуульд захирагддаггүй “нинжанууд”  орж ирж байгаль орчныг сүйтгэх, гэмт хэрэг газар авч болзошгүй.

-Хөдөлгөөнийхөнтэй, эсвэл танай ассоциацийнхантай шийдвэр гаргах түвшнийхэн, салбарын яамныхны зүгээс уулзаж, цаашид яах тухайгаа ярилцсан уу?

-Бараг алга даа. Харин саяхан уул уурхайн салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн хурал дээр ЭБЭХ-ний сайд Д.Зоригт ирж үг хэлсэн. Түүний ярианаас харахад асуудлыг ингээд орхиж болохгүй, сөрөг үр дагавар их гарч байгаа юм байна гэдгийг ойлгож байгаа бололтой байсан. Ер нь бид өнгөрсөн гуравдугаар сард Уул уурхайн нэгдсэн чуулганы үеэр салбарын яам, Ашигт малтмалын газар, ассоциаци, холбогдох бүх байгууллагууд оролцсон томоохон хурал зохион байгуулсан. Тэр хурлын уур амьсгал ерөөсөө “урт нэртэй” хуулийн сөрөг үр дагаврыг шүүмжлэхэд чиглэж байлаа. Ингээд байхад огт хэлэлцэхгүй, анхаарахгүй байна шүү дээ.

-Гадаадын хөрөнгө оруулагчид лиценз цуцлах шийдвэрийг ихэд гайхаж, бухимдаж хүлээж авсан нь лавтай. Цаашид хөрөнгө оруулалтын хэмжээгээ багасгах, Монголыг сонирхож буй хөрөнгө оруулагчдад нөлөөлөх зэрэг сөрөг нөлөө гарч болох юм?

-Ямар ч байсан сайнаар нөлөөлөхгүй. Лондонд саяхан Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болсон. Түүнд би оролцоод ирлээ. Монголд лиценз цуцлах  шийдвэр гараад хоёр хонож байхад тэрхүү хурал дээр “Танай уул уурхайд хөрөнгө оруулчихвал гэнэт нэг өдөр лицензийг маань хурааж авах эрсдэл ойрхон байдаг юм байна.  Бидэнд ямар баталгаа байна” гэсэн асуудлыг хөрөнгө оруулагчид тавьж, ямар нэг баталгаа нэхэж байсан. Үүний хариуг хэлэхэд бидэнд хэцүү л байлаа. Өөрөөр хэлбэл лиценз цуцлах шийдвэр гармагц хөрөнгө оруулагчид Монголд итгэхээ больж байгаа нь шууд ажиглагдсан. Өнөөдөр Монголыг дэлхий нийтэд таниулж байгаа нэг томоохон хүчин зүйл нь газрын баялаг, уул уурхайн салбар шүү дээ. Гэтэл энэ салбарт иймэрхүү цоорхой хууль хэрэгжиж, дэлхий нийт таагүй мэдээлэлтэй болж байгаа нь харамсалтай. Энэ бол улс орны нэр хүндийг зайлшгүй унагана.

-Алт олборлогч үндэсний компаниудын гадаад түншүүдийн хувьд нөхцөл байдалд эргэлзэх, хамтын ажиллагааны идэвхжлээ сулруулах тохиолдол гарч байна уу?

-Лиценз цуцалсан нь зөвхөн алтны шороон ордод хайгуул олборлолт хийдэг компаниудад нөлөөлөөд зогсохгүй, уул уурхайн салбарын компаниудад тоног төхөөрөмж, бараа материал нийлүүлдэг, үйлчилгээ үзүүлдэг бусад компанид цохилт өгч байна. Хамгийн эхлээд түлш шатахууны нийлүүлэлт дээр энэ байдал ажиглагдаж эхэллээ.

-Нефть импортлогчдод цохилт өгч эхэлсэн гэсэн үг үү?

-Ийм байдал ажиглагдаж эхэлсэн. Хамгийн их хэрэглэдэг зүйл нь түлш, шатахуун шүү дээ. Улмаар банкууд, техник, сэлбэг хэрэгслийн хангамжийн байгууллагууд, хүнсний үйлдвэр, ажлын хувцасны үйлдвэрийн борлуулалт хүртэл тодорхой хэмжээгээр багасч байна. Ийм олон байгууллага, хүнийг хохироосон хууль байж болохгүй биз дээ.

-Өнөөдөр энэхүү шийдвэрийн улмаас хохирч байгаа алт олборлогч компаниудын эрх ашгийг хамгаалдаг ямар байгууллага байдаг вэ. Тухайлбал хувийн хэвшлийнхэн, татвараа байнга төлдөг аж ахуйн нэгж гэдэг утгаараа МҮХАҮТ ч энэ талаар дуугүй баймааргүй санагдах юм?

-Манай ассоциациас гадна МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбоо гээд олон байгуулага бий. Энэ бүх холбоод дээрх асуудалд эмзэглэж, санаа зовж байгаа. Засгийн газрын энэхүү шийдвэр буруу гэдэг дээр санал нэгтэй зөвшөөрөх байх. “Уул уурхайгаа аваръя” хөдөлгөөнийхнийг  мэдэгдлээ гаргах үеэр дээрх холбоодын удирдлагуудаас ихэнх нь гадаадад ажлаар явчихсан байсан. Тиймээс манай ассоциаци идэвхтэй хамтарч оролцсон. Мөн саяхан дээрх байгууллагуудын удирдлагуудтай уулзахад дэмжинэ гэдгээ илэрхийлж байгаа юм. Манай ассоциацийн хувьд уг хуулийг батлахаас өмнө л уг асуудлыг холбогдох байгууллагуудад тавьж байсан болохоор энэ байр суурин дээрээ хатуу зогсоно. Гэхдээ нэгэнт уул уурхайн үндэсний хэмжээний ассоциацийн хувьд зөвхөн алтныхан төдийгүй, аль ч салбарын компаниудын эрх ашгийг хамгаална. Хурал, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулахаас эхлээд олон талын үйл ажиллагаа явуулдаг.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж