Газар хөдлөлтийн үед хэрхэн ажиллахаа харууллаа

Хуучирсан мэдээ: 2010.04.03-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтийн үед хэрхэн ажиллахаа харууллаа

Нийслэлийн мэргэжлийн бүх албадыг хамруулсан “Команд штабын сургууль”  Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Цэргийн 44 дүгээр байранд боллоо. Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, мэргэжлийн албадын хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн харилцан ажиллагааг сайжруулах зорилготой энэхүү үзүүлэх сургуульд 300 орчим хүн, 50 гаруй техниктэй оролцсон бөгөөд Улаанбаатарт өмнө нь ийм өргөн хэмжээний сургууль болж байгаагүй юм.  Газар хөдлөлтөд нэрвэгдсэн гурван давхар нийтийн орон сууцанд амьдарч буй иргэдийг гамшгийн бүсээс гаргах ажлыг гүйцэтгэжээ. Мөн нурангид дарагдсан хүмүүсийн амь насыг аврах, тэдэнд эмнэлгийн болон хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, гамшгийн бүсэд байгаа дэлгүүр хоршоог тонон дээрэмдэх үйл ажиллагааг таслан зогсоох гээд газар хөдлөлт болж, гамшигт өртлөө гэхэд ямар үйл ажиллагаа явуулах бүхий л үйлдлийг харуулсан 40 минутын тоглолтыг мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэсэн байна.  
Энэ үеэр Улсын болон нийслэлийн Онцгой комиссын удирдлагууд мэргэжлийн байгууллагуудын ур чадварт үнэлэлт дүгнэлт өгчээ. Үзүүлэх сургуулийн дараа мэргэжлийн албадын дарга нар нийслэлийн Онцгой комиссын дарга болон Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад гамшгийн үед ажилласан дүнгээ илтгэж, үүрэг даалгавар авсан байна. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр үзүүлэх сургуулийг дүгнэж хэлсэн үгэндээ “Газар хөдлөлийн идэвхитэй бүсэд оршдог нийслэлийн хувьд мэргэжлийн албадынхаа бэлэн байдал, хүчин чадлыг шалгасан өргөн хэмжээний үзүүлэх сургууль зохион байгуулсан нь цаг үеэ олсон ажил болсон” гэдгийг онцлон тэмдэглээд цаашид ийм төрлийн сургалтыг үе шаттайгаар иргэдийн дунд зохион байгуулж, гамшгийн үед иргэд ямар бэлтгэл хангасан байх ёстой вэ гэдгийг тодорхой болгож өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж