УИХ-ын дарга орон нутгийнхантай уулзав

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга орон нутгийнхантай уулзав

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарыг өнөөдөр хүлээн авч уулзан хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны талаар товч мэдээлж, орон нутгийн өмнө тулгамдаж буй зарим асуудлын талаар санал бодлоо хуваалцав.

     УИХ-ын дарга тэдэнд хэлэхдээ, УИХ бүрэн эрхийн хугацааны хоёр жилд 20 гаруй томоохон хууль баталж, 80 гаруй хуулийн шинэчилсэн найруулгыг хийж, улс орны хөгжил, иргэдийн амьдралын чухал шаардлагатай асуудлаар олон тогтоол шийдвэр гаргалаа. Бидэнд эрх зүйн акт хангалттай болсон. УИХ цаашдаа олон хууль тогтоол батлахдаа биш нэгэнт баталж гаргасан хуулиа хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулах зорилт тавьж байгаа. Иймээс хууль хэрэгжүүлэх талаар орон нутгийн удирдлагууд ихээхэн анхаарал тавих шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрээд байна гэлээ.

     Тэрбээр УИХ-ын ойрын үеийн хууль тогтоох үйл ажиллагааны талаар хэлэхдээ, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг УИХ ойрын өдрүүдэд батлахаар хэлэлцэж байна. Цаашдаа рон нутгийн эрх мэдэл, хотын статус, засаг захиргааны нэгжийн холбогдолтой эрх зүйн шинэчлэл хийхэд Үндсэн хуульд заагдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь энэ хуулиар зохицуулагдах учиртай юм. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх гэж байна. Засаг захиргаа, орон нутаг харгалзсан төлөөлөлтэй байх, сонгогчдын саналыг бүрэн хангасны үндсэн дээр парламентыг бүрдүүлэх, нэр дэвшигчдийн хариуцлагыг сайжруулах, санал тоолох аргыг боловсронгуй болгох гол зарчмыг энэ хуульд тусгахыг эрмэлзэж байгаа. Түүнчлэн Хөдөө аж ахуйн бараа, түүхийн эдийн бирж байгуулах замаар малчдын орлогыг нэмэгдүүлэх, бараа, бүтээгдэхүүнээ биржээр борлуулдаг байх зарчимд шилжүүлэхээр ярилцаж байна. Ингэснээр мал аж ахуйн түүхий эдээ ченжүүдэд хямд үнээр өгч ашиг орлогын үлэмж хэсгээ завшуулдаг явдал арилж, олон шат дамжлага ч цөөрөх юм гэдгийг онцлов.

     УИХ-ын дарга улсын төсөв ихээхэн тэлж байгаа, цаашид ч  эдийн засаг өсөхийн хэрээр төсөв улам нэмэгдэх хандлагатай байгаа, тухайлахад улсын төсөв 2005 оноос хойш тав дахин нэмэгдээд байгааг дурьдаад 2011 улсын төсвийн онцлогийн талаар зарим зүйлийг тодруулж хэллээ. Тэрбээр ирэх оны төсөв нь нэгд, иргэнээ дэмжсэн төсөв болсон. Тухайлахад иргэддээ хүртээх хишиг хувь, оюутны сургалтын төлбөр гээд 800-гаад тэрбум төгрөгийг иргэддээ олгохоор төсөвт тусгалаа. Хоёрт, аж ахуйн байгууллагуудад төсвөөс дэмжлэг үзүүлэхэд ихээхэн анхаарсан. Харин төрөөс хувийн секторыг дэмжихэд үзүүлж буй энэ арга хэмжээг орон нутгийн удирдлагууд сайн зохион байгуулах шаардлагатай. Гуравт, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сум хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийн  хөгжүүлэх сангийн хөрөнгийг нэмэгдүүлснээр нийтдээ 150 тэрбум төгрөгийг ажлын байр нэмэгдүүлэхэд зарцуулахаар тусгалаа. Манай улсад одоо 40 мянга орчим ажилгүй хүн байдаг гэсэн тоо байдаг бол хоёр сая төгрөгөөр нэг ажлын байр бий болгоно гэж тооцвол энэ мөнгөөр наад зах нь 70 мянган хүнийг ажилтай болгож болох нь. Иймээс 2011 онд ажилгүйдлийг ихээхэн бууруулахад та бүхний гол ажил чиглэх ёстой. Дөрөвт, орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөв болсон. Нийслэлийн төсвөөс татаж төвлөрүүлэх хөрөнгийг 80 тэрбумаар багасгасан, аймаг болгонд өмнөх оныхоос бараг хоёр тэрбум төгрөгийн төсөв нэмж өгч байгаа. Өнгөрсөн жилийн зудын хохирлыг арилгах үүднээс 80 шахам тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн гээд энэ бүх санхүүгийн асар их нөөцийг үр өгөөжтэй захиран зарцуулахад орон нутгийн удирдлагууд ихээхэн санаачлагатай, хариуцлагатай хандах учиртайг анхааруулав.    

     Орон нутгийн эрх хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ цаашдаа томоохон арга хэмжээ авч төвлөрлийг сааруулах асуудлыг мөнгө санхүүгийн эрх мэдэл олгох, хүний нөөцөө мэдэх хоёр чиглэлээр хэрэгжүүлэх зарчим баримталж байгаа. Орон нутагт эрх нэмэгдэхийн хэрээр хариуцлага улам нэмэгдэнэ. Нийгмийн халамж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мал аж ахуй, газар тариалангаа хөгжүүлэх, эрчимжүүлэх, малаа ээрүүлжүүлэх, бэлчээрийн менежментийг зөв зохицуулах, малын тэжээлийн нөөц бэлтгэх, зам гүүр, сум, дүүргийн тохижилт, дотоод дахь эрчим хүчний хангамж гээд өмчөө захиран зарцуулах эрх мэдэл орон нутагт шилжих болно гэдгийг УИХ-ын дарга хэлээд тодорхой чиг үүрэг нэмэгдэж буйтай холбогдуулан дараахь асуудалд анхаарлаа хандуулж ажиллахыг орон нутгийн удирдлагуудад зөвлөлөө.

     Нэгд, хүний нөөцөө зөв ашиглахад анхаарах. Манай улсын 150 мянга шахам төрийн албан хаагчийн бараг 100 мянга нь орон нутагт байгаа. Төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, цалин хөлсийг нь нэмэхэд УИХ анхаарч байгаа. Иймээс хүний нөөцөө бүрэн дүүрэн ашиглах замаар орон нутагт очиж буй нэмэлт ачааллыг зөв зохицуулах нь чухал.

    Хоёрт, санхүүгийн нөөцийг зөв ашиглах. Төсвийн хөрөнгийн зарцуулалт, үр ашигт тавих хяналтыг сайжруулж хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарах.
    Гуравт, хууль хэрэгжүүлэх ажлыг иргэд олон нийтэд хүртээмжтэй зохион байгуулах нь орон нутгийн удирдлагуудын гол үүрэг. Хууль хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар УИХ-ын өмнө хариуцдаг. Иймээс энэ ажлын гол ачааг та бүхэн үүрэх учиртай.

     Дөрөвт, шат шатандаа хариуцлагыг өндөржүүлэх явдал чухал байна. Хариуцлагаа дээшлүүлэхийг Засгийн газарт ч шахаж шаардаж байгаа. Төрийн албан хаагчдын нөөц бүрдүүлэх, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх замаар хариуцлагыг сайжруулахад анхаарах хэрэгтэй. Цалин нь нэмэгдэхийн хэрээр хариуцлага нь дээшлэх зарчим бүх шатанд хэрэгжих ёстой.

    Тавд, санаачлагатай ажиллах. Орон нутгийн удирдлагууд төсөв нэмэгдэхийн хэрээр  хариуцлагаа дээшлүүлж, ихээхэн идэвх санаачлагатай ажиллах ёстой. Одоо орон нутагт төсөв дутах тухай яриа байхгүй учраас үүнтэй нэгэн адил төвийн гар харах асуудал байхгүй шүү.

     Зургаад, хяналтыг сайжруулахад анхаарч иргэдийн төлөөллийг хяналтын үйл ажиллагаанд аль болох өргөн хүрээтэй оролцуулж байх нь чухал гэдгийг хэлэв. Мөн иргэдтэйгээ ойртож, тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдтэйгээ нягт хамтарч ажиллахыг зөвлөлөө.

     Уулзалтад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, УИХ-ын даргын Ажлын хэсгийн ахлагч С.Банзрагч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжав нар байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж