Дорнодын залуус сагсан бөмбөгөөр уралдав

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Дорнодын залуус сагсан бөмбөгөөр уралдав

Дорнод аймгаас Улаанбаатар хотод сурч байгаа оюутан залуусын дунд сагсан бөмбөгийн тэмцээн болж өндөрлөлөө. Засаг дарга Ц.Жанлав оюутан залуусынхаа дунд олон сонирхолтой тэмцээн, наадам санаачилсны нэг нь энэхүү сагсан бөмбөгийн тэмцээн юм. Энэ сарын 20-ны өдөр спортын ордонд болсон Дорнодын залуусын дундах сагсан бөмбөгийн тэмцээнд нийт 30 баг, тамирчид оролцжээ. Багууд сумдаараа хуваагдаж, тоглосон нь тэмцээнийг улам сонирхолтой, хөгжөөнтэй болгож байсан бөгөөд бүтэн өдрийн турш үргэлжилсэн Дорнодын залуусын халз тулаанд эрэгтэйчүүдээс нэгдүгээр байрт “Дорнод бокс”, хоёрдугаар байрт Хан-Уул сургуулийн “Хөгжилтэй залуус” баг, гуравдугаар байрт Чулуунхороот сумын баг оржээ. Харин эмэгтэй багуудаас нэгдүгээр байрт Хан-Уул сургуулийн тамирчид, хоёрдугаар байрт I сургуулийн тамирчид, гуравдугаар байрт Халхгол сумын баг буухиалсан бол эрэгтэй шилдэг тамирчнаар О.Олзбаатар, эмэгтэй шилдэг тамирчнаар Б.Отгонтуяа нар шалгарсан байна. Тамирчдыг цом, мөнгөн шагналаар шагнаж, урамшуулжээ.     

Дорнодын залуусыг амь нэгтэй, эв нэгдэлтэй байхад чухал үүрэг гүйцэтгэж буй энэхүү спортын наадмын нээлтэд УИХ-ын гишүүн Д.Одбаяр болон Дорнод нутгаас гаралтай алдартнууд хүрэлцэн ирсэн байлаа. Мөн “МАК” корпорацийн дэргэдэх “МАК сан” тэмцээнийг ивээн тэтгэсэн аж. “МАК сан”-гийн тэргүүн Н.Номтойбаяр нээлтэд үг хэлэхдээ “Улс эх орны тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд их бүтээн байгуулалт шаардагдсан энэ цаг мөчид залуучууд бидний оролцоо хамгаас чухал. Хөгжил рүү хөтлөх их бүтээн байгуулалтын үндсэн суурь болсон Монгол залуус бид эрүүл бөгөөд эрүүл төлөвшил, эв нэгдэлтэй бөгөөд эх оронч үзэлтэй байх ёстой” гэж онцолсон юм. Дорнодын залуусын цөсийг хөөргөсөн түүний үг тэмцээн үзэхээр ирсэн зочдод ихэд таалагдсан бололтой, алга нижигнүүлэн хүлээн авч байв.

“МАК сан”-гийн тэргүүн Н.Номтойбаяр спортыг анх удаа дэмжиж, санхүүжүүлж байгаа нь энэ биш аж. Багаасаа спортод элэгтэй байж, спортоор хичээллэж ирсэн тэрээр “МАК” корпорацийнхаа тусламжтайгаар эзэнгүй хаягдаад байсан энэхүү салбарт чамгүй хөрөнгө хаяж ирсэн тухай дуулддаг юм билээ. Тийм ч болохоор  Дорнодын залуусын дундах сагсан бөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгээд зогсохгүй өөрөө ч бас эвлэгхэн тоглодог болохоо үзэгчдэд сонирхуулаад авсан юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын хувьд тэмцээний нээлтэд уригдсан боловч тэрээр спортын ордноор шагайж ч харагдаагүй билээ.
 
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж