“Челси” клубын залуу довтлогч онцолбол, Францын залуучуудын шигшээ багийн бүх насанд улсаа төлөөлсөн Гайл Какута Лондонгийн “Цэнхрүүд”-ийн бүрэлдэхүүнд үлдэж чадсан байна. Хоёр жилийн өмнө “Челси” клубт үүссэн гол асуудлын эзэн маань багтайгаа дөрвөн жил хагасын гэрээг үзэглэж, ирээдүйн шилдэг довтлогч болох үүд хаалгаа бага багаар нээлээ. Одоо 19 настай Какута нь Францын нэгдүгээр дивизоны “Ленс” клубын хүүхдийн академид хамааралтай байсан ч 2007 онд “Челси” болон “Ленс” клубуудын хооронд болсон наймааг солилцооны дүрэм зөрчсөн гэж Олон улсын хөлбөмбөгийн холбоо үзсэнээр бүх тал торгууль хүлээсэн юм. Гэхдээ 2009 оны есдүгээр сард энэ бүхнийг илрүүлсэн бөгөөд Какутад дөрвөн сар талбайд гарах эрхийг нь хасч, 780 мянган еврогийн торгууль ногдуулсан юм. Харин “Челси”-г 2011 оны өвлийн солилцооны цонх хүртэл ямар нэгэн наймаа хийх эрхийг нь зогсооно гэж байсан боловч хуулийн цоорхойг ашиглан Оросын тэрбумтны клуб өнгөрсөн зун ч багтаа хэд хэдэн тоглогч аваад амжсан билээ. Юутай ч ах нарынхаа сайшаалын үгийг сонсч, зааж сургасан зүйлийг нь сайн биелүүлж яваа Франц хүүгийн хувьд 2007, 2010 оны Английн хөлбөмбөгийн холбооны залуучуудын аваргын цомыг “Челси”-д авчирч чадсан юм. Мөн энэ жилээс эхлэн Европын хамгийн том тэмцээн аваргуудын лигт хөл тавьж хэсгийн зургаан тоглолтоос тавд нь оролцоод амжжээ. Клубын хамгийн ойр дотны хүн нь одоо Герамнд байгаа Баллак байсан гэнэ. Баллак ч Германдаа очоод нэгэн сэтгүүлчид Какута бол Францын төдийгүй Премьер лигийн хамгийн өсөх ирээдүйтэй шилдэг тоглогч гэж хэлжээ.
Score Studio