Хууль зөрчиж шүүх байгуулна гэв үү

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Хууль зөрчиж шүүх байгуулна гэв үү

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаан нэлээд ширүүхэн боллоо. Тус байнгын хороогоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Байнгын хорооны гишүүд бүгд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах хэрэгтэй хэмээн үзэж байгаа хэдий ч зарим асуудалтай санал нийлсэнгүй. Үүнээс үүдэн бага зэрэг маргаан үүссэн юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх зургаан шүүгчтэй. Тэдний гурав нь давж заалдах шатны хурлаа хийдгээс үүдэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүх байгуулах санаачилга гаргасан аж. Харин хэлэлцсэн асуудалтай санал нийлэхгүй байгаа гишүүд болох УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Д.Одбаяр, С.Эрдэнэ, Ч.Сайханбилэг, Ц.Мөнх-Оргил нар “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шинэ шүүх байгуулах тухай санал гаргасан нь Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1-т заасан Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ гэсэн заалтыг зөрчиж байна. Энэ нь эргээд Үндсэн хуулийн Цэц дээрээс буцаж ирнэ. Тиймээс уг алдааг засах хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлж байв. Харин уг саналыг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хэлснээр “Хуульд УИХ-д өргөн мэдүүлнэ гэж заасан байдаг. Үүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх байгуулах саналыг өргөн мэдүүлсэн” хэмээлээ. Ийнхүү гишүүдийн зарим нь “Хууль зөрчин байж шүүх байгуулах ёстой юм уу” гэж байгаа бол зарим нь “Хууль зөрчсөн асуудал байхгүй” гэв. Ямартай ч уг асуудлыг ажлын хэсэг дахин судалж, байнгын хороогоор хэлэлцэхээр боллоо.

Ц.ЭНХЦЭЦЭГ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж