А.Бүтэдийн оргилуун он жилүүд

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

А.Бүтэдийн оргилуун он жилүүд

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын Гавьяат жүжигчин А.Бүтэдийн "Оргилуун он жилүүд" уран бүтээлийн тайлан тоглолт болж өнгөрлөө. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжимчид яаманд байрлалаа эзэлхэд үзэгчид алга ташин, урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүүг урив. Хөгжим эгшиглэж, хөшиг нээгдэхэд Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүрд гавьяат жүжигчин, дуучин А.Бүтэд, Юндэнд гавьяат жүжигчин А.Дашпэлжээ, цуутай Хоролмаа нарын нэг гавьяат жүжигчин Б.Цэцэг Хоролмаад театрын залуу дуучин гоцлооч Э.Бумхүү Балган дуулж тоглолт ийнхүү үндэсний дууриар эхлэв. Нансалмаа амраг хайрт Юндэнгээ аян замд үдэж, энэ хооронд Хоролмаа Балганыг Нансалмааг хүчээр эхнэрээ болгохыг ятгаж сууна. Нансалмаа Юндэндээ үнэнч хэвээр гэдгээ хэлэх боловч балгад ноён Балган түүнийг хүчээр авч явснаар тоглолтын эхний хэсэг өндөрлөв. Хэдийгээр 60 гарсан ч тайзнаасаа буух болоогүй гэдгээ батлах шиг түүний хоолой уянгалаг, хүчирхэг хэвээр.   

Тоглолтын хоёрдугаар хэсэг бүхэлдээ А.Бүтэдийн шавь нарын мэндчилгээгээр үргэлжилсэн. А.Бүтэд нь чадварлаг дуучнаас гадна, олон дуучдыг сургасан шилдэг багш юм. Багшийнхаа тайлан тоглолтод оролцохоор олон дуучид энэ үдэш ирсэн байв. Тэдний дунд “Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх “Чи наддаа ганц” дуугаар, баглаа цэцгийн хамт багшдаа бэлэг барив. Мөн “Universe best Songs-2010” наадмын тэргүүн дэд байрын шагналт П.Өнөржаргал гэх бүсгүй уран бүтээлээрээ үзэгчидтэй мэндчилсэн. А.Бүтэд Хөгжим бүжгийн коллежид багшилдаг, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт зөвлөхөөр ажилладаг. Урлагт 50 жил зүтгэсэн түүний хамгийн хайртай шавийг дуурийн дуучин Ш.Наранчимэгийг гэдгийг бүгд мэдэх байх. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг энэ үдшийн бас нэгэн чимэг нь байсан.   
Ш.Наранчимэгтэй өмнө ярилцлаж байхад “Миний багш надад дуурийн дуучин юу сурах ёстой, яаж алхах, юу идэж уух хэрэгтэй гээд бүх зүйлийг минь зааж өгсөн. Эцэг эхээс салаад дахиад нэг ээж дээрээ ирж байгаа юм шиг санагдаж билээ. Тухайн үед би 20 настай юугаа ч мэдэхгүй хөдөөний оюутан охин байлаа. Багш маань намайг Хөгжим бүжгийг төгссөний дараа СУИС-т ороход дагаад СУИС-т багшилдаг болсон. Одоо ч надад сургамжтай зөвлөгөөгөө өгсөөр байдаг. Би зохиолын дуучин бололгүй эргэж буцалтгүйгээр дуурийн дуучин болсон минь миний багшийн гавьяа. Хүн болгон хийчихдэггүй, ийм нарийн, гоё мэргэжилтэй болгосонд багшдаа хамгийн их баярлаж явдаг” хэмээн ярьж байсан. 

Тайзнаа гавьяат жүжигчин, дуучин А.Бүтэд шавь Ш.Наранчимэгийн хамт намирсан урт цагаан даашинзаар ижилсэн Б.Шаравын “Аав ээж хоёр” дууг дуулсан нь үзэгчдийн сэтгэл хөөрлийг дээд цэгт нь хүргэсэн гэхэд болно.  Харамгүй алга ташилтыг хүртсэн. А.Бүтэдийн сургасан шавь нар олон, Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын чуулга, хийлийн чуулга тайзнаа гарч ирэн Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг” аялгууг тоглож, “Voice” хамтлаг,  дуучин Р.Дэлгэрмаа, Д.Хишигбаяр нар ая дуугаа өргөв. Энэ үдшийн гол эзэн гавьяат жүжигчин, дуурийн дуучин А.Бүтэд дэлхийн сонгодгуудыг тайзнаа эгшиглүүлсэн. Тэрбээр П.И.Чайковскийн ”Евгений Онегин” дуурийн төгсөлийн ариг,  А.Андреев “Ижий минь”, A. Ponchielli “La Gioconda”, P. Mascagni “Ave Maria”, Б.Дамдинсүрэн “Амарсанаа” дуурийн Гэрэлгуагийн ари, И.О.Дунаевский “Энх мэндийн дуу”-г симфони найрал хөгжмийн хамт дуулж үзэгчдийг бишрүүлсэн бол тоглолтын төгсгөлд гавьяат жүжигчин, дуурийн дуучин М.Найдалмаа, Ардын жүжигчин, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуурийн гоцлол дуучин Б.Жавзандулам нартай хамтран алдарт М.Булганы “Хан шувуу” дуугаар өндөрлөсөн, үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа. “Хан шувуу” дууны зохиогч М.Булган хэлэхдээ “Одоогоор энэ дууг М.Найдалмаа, А.Бүтэд, Б.Жавзандулам гэх гурван мундаг дуучнаас өөр дуулж чадах хүн гарч ирээгүй байна” хэмээн хэлж байсан удаатай юм. Үнэхээр гурван гавьяат дуучдын хоолойны чадал шалгадаг энэ дууг бахдам сайхан дуулсан.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж