Өндөр өсгийт байнга өмсөх аюултай

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Өндөр өсгийт байнга өмсөх аюултай

Хэрвээ та сүүлийн үед гутлын их дэлгүүрүүдээр хэссэн бол туфлын өсгийний хэмжээ улам өндөрссөнийг ажигласан байх. Хэт өндөр платформ болон хадаасан өсгийт гутлын зах зээлд ноёрхож, бараг бүх загвар зохион бүтээгчид болон алдартнууд загварын энэ чиг хандлага рүү хошуурцгааж байна. Загварын шоу, улаан хивсний ёслол, алдартай загварын сэтгүүлүүд ч энэ түрэлтийг шүүрэн авч байна. Мэргэжлийн загвар өмсөгчдийн өмсөхөөс татгалзсан Александр Мак Квиний 12 инчийн өндөр өсгийтийг хэзээний этгээд зүйлд дуртай Лейди Гага “Bad romance” дууныхаа клипэнд өмсчээ.
Мэргэжилтнүүд гутлын өсгий өндөрсөх болсныг эдийн засгийн  уналттай холбоотой гэж тайлбарлаж байна. “Өндөр өсгийтийн түүх” номын зохиолч Элизабет Семелэк  CNN-д  өгсөн ярилцлагадаа “Гутлыг хэт өндөр болгох бүтэшгүй санаа зонхилсон үе ирээд байна” гэжээ. Эмэгтэйчүүдийн гутал хэзээ ч одоогийнх шиг өндөр байгаагүй юм. Гэвч хүмүүсийн бодит байдлаас тасархай байх гэсэн тэмүүлэл нь аюул дагуулж мэдэх юм. Өндөр өсгийт хөлд эвтэйхэн байна гэж хэзээ ч байдаггүй. Үүний үр дагаварыг амссан эмэгтэйчүүдийн тоо улам нэмэгдэж байна. Эмч, мэс засалчид эмэгтэйчүүдийн дунд хөл, шагайны өөрчлөлттэй холбоотой энэ төрлийн эмгэг нэмэгдэж байгааг анхааруулсаар байна. Хоёр инчээс илүү өндөр өсгийтэй ямар ч гутал аюултай гэнэ. Индүү эсвэл дөрвөлжин ултай гутал нь өндөр өсгийтээс илүү эвтэйхэн байдаг нь даралт бага үүсдэгтэй  холбоотой. Намхан өсгийт хамгийн тохиромжтой загвар гэнэ. Эмч нар өндөр өсгийтээс болж зовж буй өвчтөнүүддээ оффист эсвэл чухал уулзалтад л үүнийг өмсөхийг зөвлөж байна. Хэрвээ та байнга явган алхдаг бол өндөр өсгийт өмсөх гэсний хэрэггүй. Мөн өндөр өсгийттэй хурдан хөдөлгөөнт бүжиг хийх тухай бодсоны ч хэрэггүй. Мөн жин ихтэй, үе мөчний өвчтэй эмэгтэйчүүд өндөр өсгийт тогтмол өмсөх нь  хөл шагайны эмгэг хамгийн их тохиолддог. Өндөр өсгийт өмсөхөд зовиуртай байдаг нь  бие махбодь уг өмсгөл огт таарахгүй гэдгийг анхааруулж буй хэрэг. Эмэгтэйчүүд өсгийтэй гутал өмсөхөө бүр болихгүй ч өсгийг нь багасгаж өдөр тутам өмсөхөө хязгаарлах нь хамгийн зөв алхам болно. Мөн хөлөндөө массаж хийж гольфын бөмбөг дээр гишгэн мөсөөр арчиж байх нь хөлөө амраахад тус болно. Өндөр өсгийтөө хэдэн хором ч болов тайлж, хөлөө жийж суниаж байгаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж