Юань ам.долларыг удахгүй ардаа орхино

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Юань ам.долларыг удахгүй ардаа орхино

Хятадын үндэсний мөнгөн тэмдэгт болох юанийг ам.доллар, еврогийн үүрэг гүйцэтгэх олон улсын валют болохыг олон улсын санхүүгийн мэргэжилтнүүд ба­талж эхэллээ. Энэ таамаг ч эх­нээ­сээ манай санхүүгийн зах зээлд мэдрэгдэх болсон. Хятадын төв банк мөнгөний бодлогоо өсгөж, юанийн ам.доллартай харьцах ханшийг чангаруулж, хү­чээр барьж эхлэхэд төгрөгийн ам.доллартай харьцах ханш дагаад өсөх хандлага ажиглагдах болсон. Үүнийг эдийн засагчид Монгол Улсын валютаар хийх арилжаанаас ам.доллар аажмаар шахагдаж байгаатай холбоотой хэмээж байгаа. Тухайлбал,  Монгол Улсын гадаад худалдааны төлбөр тооцооны 74.6 хувийг ам.доллар, 17.4 хувийг нь юань эзэлж байсан бол юанийн хэмжээ ам.долларын хувийг аажмаар доош цохиж эхэлсэн байна. Энэ оноос манай хятадтай хийх гадаад худалдаа идэвхжиж, юаниар гүйлгээ хийсэн нүүрс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын орлого өссөн, мөн юанийн гуйвуулгын хэмжээ нэмэгдсэн аж. Улмаар, Монголын эдийн засагт орох юанийн урсгал эрс нэмэгдсэн байна. Тиймээс манай зах зээл дэх нийт валютын эргэлтийн дийлэнх хэсэг нь удахгүй юань болохыг ч эдийн засагчид баттай хэлж байгаа. Ийм эгзэгтэй үед юань олон улсын валют болчихвол манай эдийн засагт сөрөг гэхээсээ эерэг талтайг ч тэд дуулгаж байгаа. Харин дан ганц юаниас хараат эдийн засагтай болох нь эрсдэл дагуулах учир валютуудын эзлэх хувийг баланслах ёстойг анхааруулж байна. Юань олон улсын валют болох магадлал өндөр байгааг шинжээчид доорх баримтаар тайлбарлажээ.

Дэлхийн санхүүгийн хямралаас болж, ам.доллар, евро хоёрт итгэх гүрнүүдийн итгэл суларснаас их гүрнүүдийн төсвийн алдагдал болон төрийн өр нэмэгдсэн. Үүний уршгаар ам.доллар, евро хоёр дэлхийн санхүүгийн тогтвортой байдлыг хангаж чадахгүйд хүрчээ. Тиймээс дээрх хоёр мөнгөн тэмдэгтийг орлох валютыг хүчирхэг гүрнүүд хайж эхэлснийг БНХАУ-ын мэргэжилтнүүд овжноор ашиглаж чадсан аж. Энэ орон зайг нөхөхийн тулд Хятадын төв банкныхан мөнгөний бодлогоо шинэчилж байгаа аж. Тэд юанийг олон улсын төлбөр тооцоонд өргөн хэрэглэхийг дэмжиж эхэлсэн бөгөөд  юанийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь олон улсын худалдаанд валютын эрэлтийг нэмэгдүүлнэ гэж мэдэгдээд байгаа. Үүнийгээ ажил хэрэг болгохын тулд Хонконг болон Зүүн өмнөд Азийн орнуудтай юаниар худалдаа хийх  зөвшөөрлийг өнгөрсөн онд үндэсний томоохон компаниуддаа олгосон байна. Одоогоор хятадын 365 компани энэхүү эрхийн дагуу зөвшөөрөгдсөн бүсүүдэд бизнес эрхлэхдээ юаниар арилжаа хийж байгаа юм. Олон улсын судлаачид БНХАУ өөрийн мөнгөн тэмдэгтээ азийн “евро” буюу олон улсын валют болгох эхлэлээ энэ үйл явцаар дамжуулан тавилаа гэж тайлбарлаж эхэлсэн. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт өдөр ирэх тусам тэлж, дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч гүрэн болж хувирсан учир хятадын юань олон улсын валют болох гэж евро шиг удаан дуншихгүй бололтой. Европын холбооны улсууд еврог олон улсын валют болгон ашиглахын тулд 1991 оноос дансны гүйлгээний мөнгө хэлбэрээр ашиглаж, арван жил туршсаны эцэст бэлэн мөнгө хэлбэрээр хэрэглэж эхэлсэн. Гэтэл БНХАУ ганцхан жилийн дотор юанийг Азийн мөнгөн тэмдэгт болгох эхлэлийг тавьж чадлаа. Энэ нь тун удахгүй юань дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн валют болох нь гэдгийг баталж байна.

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж