Эмнэлгүүд ханиад нь хүндэрсэн өвчтөнүүдээр дүүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Эмнэлгүүд ханиад нь хүндэрсэн өвчтөнүүдээр дүүрчээ

Сүүлийн үед бүх насныхны дунд ханиад, томуугийн вирусийн өвчлөл эрс нэмэгдэж байна. Тиймээс хүйтний улиралд ханиад, томуугаас хэрхэн сэргийлэх талаар холбогдох газруудаар явж сурвал­жиллаа. Олны нэрлэж заншсанаар “хүүхдийн хоёр” буюу Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэл­гээр орсон юм. Тус эмнэлгийн хүлээл­гийн танхимд бага насны хүүхдээ үзүүлэхээр ирсэн эцэг, эхчүүд олон байв. Тэдний хэлж буйгаар хүүхдүүд нь ханиад хүрч, өндөр халуурч байгаа аж. Тус эмнэлгийн гуравдугаар давхрын тасгууд ханиад нь хүндэрсэн, хат­гал­гаа авсан хүүхдүүдээр дүүрчээ. Уг нь тус эмнэлгийн хүүхдийн тасагт хамгийн ихдээ 90 хүн хэвтэж эмч­лүү­лэх багтаамжтай аж. Гэсэн ч өчигд­рийн байдлаар 160 хүүхэд, асран хамгаалагчийн хамт хэвтэн эмч­лүүлж байгаа хэмээн эмнэлгийн суви­лагч нар нь хэлсэн юм.

 Өдөрт ойрол­цоогоор ханиад нь хүндэрсэн, хатгаа авсан 50 орчим хүүхэд тус эмнэлэгт хандаж байгаа юм байна. Тэдгээрийн заримд нь гэрээр эмчлэх заавар өгч, зайлшгүй хэвтэх шаардлагатай хүмүүсийг хэвтүүлэн эмчилж байгаа ажээ. Тасгуудад ор хүрэлцэхгүйн улмаас за­рим өвчтөнүүдийг кори­дортоо ор тавьж, эмчилж байлаа. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд ихэвч­лэн 0-3 насныхан бай­гаа юм байна. Тус эм­нэл­гийн эмч нараас ха­ниад, томуугаас хэрхэн сэргий­лэх талаар зөвлөгөө авах гэсэн боловч дар­гын зөвшөөрлөөр өг­дөг, завгүй байна гээд халгаасангүй. Эмчилгээ эр­хэл­сэн орлогч дарга Т.Буянжаргалаас зөвшөөрөл авч, хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх ёстой юм билээ. Гэвч тэрбээр “Ажилтай, завгүй байна. Тэгээд ч өчигдөр /уржигдар/ сонин, телевиз хоёрт энэ талаар ярилцлага өгчихсөн” гээд биднийг эмнэлгээс гаргахыг ажилтандаа үүрэгдсэн юм. Манай сонины уншигчдад эмч нарын зөвлөгөө хэрэгтэйг ойлгуулахыг оролдсон ч тэр хувцсаа өмсөөд гарч одсон. Ханиад, томуугийн вирусийн тархалт нэмэгдсэн энэ үед иргэдэд зөвлөгөө өгөхөөс чухал ажил түүнд байсан бололтой.

Улирлын томуу нь бие тавгүйрхэх, хоолой өвдөх, ханиалгах, нусгайрах, хамар битүүрэх, толгой өвдөх, булчингаар шархирах, бөөлжих, суулгах, тамирдах, сульдах, нүд улайх зэрэг шинж тэмдгээр илэрч байгаа юм байна. Шинж тэмдэг нь  өөр ч бүгд улирлын томуугийн нэг хэлбэр хэмээн эмч нар хэлсэн юм. ХӨСҮТ-ийн хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ч.Уртнасан “Эдгээр шинж тэмдэг илэрвэл бусдад халдвар тараахаас сэргийлж, өвчнөө хүндрүүлэхгүй, хурдан эдгэхэд анхаарах хэрэгтэй. Дархлаагаа сайжруулж хэвтрийн дэглэм сахивал 2-3 хоногт л эдгэнэ” хэмээсэн юм. Ханиад хүрсэн тохиолдолд сайн амарч, тайван байх хэрэгтэй ажээ. 

Дүүргийн эмнэлгүүд төдийгүй өрхийн эмнэлгүүдийн ачаалал ердийнхөөс хэд дахин нэмэгдсэн байна. Эмч нар эмнэлэгтээ үзлэг хийж, зөвлөгөө өгөхөөс гадна дуудлагад яваад завгүй байгаа гэж байв.
Сүхбаатар дүүргийн “Манай эмч” өрхийн эмнэлгийн их эмч Д.Оюунцэцэгээс  энэ талаар тодрууллаа

-Ханиад, томуугийн тархалт ихэсч байна. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Одоо газар аваад  байгаа ханиад нь улирлын томуугийн вирусийн өвчлөл юм. Уг нь шинэ жил, баяр ёслолын үеэр хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавих нь нэмэгдэж томуугийн өвчлөл эрс багасдаг. Харин энэ жил буурахгүй байна. Цэцэрлэг, сургуулийн сурагчид, нярай хүүхдүүд гээд ер нь бүх насны хүмүүс маш их ханиад хүрч байгаа. Гэхдээ жил бүр л ийм байдалтай байдаг юм. Өнгөрсөн жил харьцангуй гайгүй байсан. Энэ нь томуугийн цар тахал гарсантэй холбоотойгоор эрүүл мэнддээ ихээхэн анхаарал тавьж байсантай холбоотой. Дүүргийн төдийгүй өрхийн эмнэлгүүдийн ачаалал ихэссэн. Бага насны хүүхдүүдийн ханиад хүндэрч өндөр халуурч байна. Өвчин агаар дуслын замаар ихэвчлэн халдаж байгаа бололтой. Тиймээс олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүх хэрэгтэй.  Ер нь шинж тэмдэг илэрвэл антибиотек хэрэглэхээс илүүтэй дархлаа сайжруулах эмчилгээ хийх хэрэгтэй. Хоолой өвдөх, нус гоожих, халуурах гээд ханиад, томуугийн шинж тэмдэг илэрсэн даруйд биеийн дархлаагаа сайжруулах арга хэмжээ авах нь зүйтэй. Халуун аарц, чацарганы шүүс зэргийг ууж хөлөрвөл амархан эдгэрч байгаа.

-Энэ жил өмнө нь төдийлөн гарч байгаагүй нүд улайх шинж тэмдэгтэй ханиадаар олон хүн өвчилж байна?

-Нүдний ханиадаар өвчлөх тохиолдол өмнөх жилүүдэд мэр сэр л илэрдэг байсан. Энэ жил харьцангуй их байгаа. Гэр бүлийн нэг гишүүн өвдөхөд л бүгд тусчих жишээтэй. Нүдэнд юм торох, улайх шинж тэмдгээр илэрдэг. Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл харъяа өрхийн эмнэлэгтээ үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж