Хямрал дахин нүүрлэх үү?

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Хямрал дахин нүүрлэх үү?

Газрын тосны үнэ дахин хяналтаас гарлаа. Баррель Брент нефтийн хоёрдугаар сарын урьдчилсан гэрээт үнэ Лондонд 91,89 ам.доллар болсон бол Нью-Йоркийн бирж дээр “WTI” нефть 88 ам.доллараас давсан байгаа билээ. Олон ч шинжээч хар алтны үнийг удалгүй 100 ам.доллар болно гэж үзэж байгаа бол зарим эдийн засагчид үүнээс ч давж магадгүй гэж байна. Хамгийн сүүлд нефтийн үнэ 100 ам.доллараас давахад юу болж байсан гэдгийг бид бүгд мэднэ. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал. “Wall Street” дээрх хахууль, моргэжийн зах зээл дэх асуудал, тэр бүү хэл удирдлагаас гарсан өр ч энэ хямралд газрын тос шиг нөлөөлөөгүй гэхэд болно. Дэлхийн эдийн засгийг сүйрүүлэх дөхсөн явдалд нефтийн оролцоог эдийн засагчид дутуу үнэлдэг.

2008 оны долдугаар сард нэг баррель нефтийн үнэ 147 ам.доллараас давсан. Хэдхэн сарын дотор дэлхийн хөрөнгийн зах зээл там болон хувирч, хөрөнгө оруулагчид асар их алдагдал хүлээж эхэлжээ. Харин үүний гол шалтгаан нь газрын тосны үнийн хэлбэлзэл байсан гэдгийг төдийлөн дурдаад байдаггүй. Олон улсын эдийн засагт 147 ам.доллар болж өссөнийхөө дараа удалгүй 30-40 ам.доллар болж хямдарсан газрын тос санхүүгийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан юм. Гэхдээ үнэ хямдарсан нь хөрөнгийн биржүүдийг харьцангуй тогтворжуулсан гэж хэлж болно.

Тэгвэл одоо нефтийн үнэ дахин өсч эхэллээ. Одоо харин юу болох вэ? Эдийн засгийн асуудал үүсэх нь бараг тодорхой. Нефть бол эдийн засгийг сэлбэгч “цус”. Газрын тосгүй бол юу ч хөдлөхгүй төдийгүй эдийн засгийн хөдөлгөөн алга болно. Эдийн засгийн систем бүхэлдээ хэрэглэгчид болон бараа бүтээгдэхүүнийг бага зардлаар, ашигтай хөдөлгөх үүрэгтэй. Харин нефтийн үнийн өсөлт инфляцийн асуудал үүсгэхээс гадна нийгэм дэх бүх бараа бүтээгдэхүүнд хөдөлгөөн оруулдаг. Үнэ хямд байгаа бол тоглоомын дүрэм эсрэгээрээ эргэнэ. Доорх хүснэгтээс та 1996 оноос хойш нефтийн үнийн хэлбэлзлийг харж болно. Хэдийгээр үүнд сүүлийн үеийн үнийн байдал харагдахгүй ч одоогийн зах зээл дээр баррель нефть хэдийнээ 100 ам.доллар руу дөхөж байгааг мэдэхэд амархан. Олон ч хөрөнгө оруулагч АНУ-ын эдийн засгийн “сэргэлт”-ийн талаар асуулт тавьж байна. Энэ улс бол нефть бүтээгдэхүүний хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч. Тэгвэл тус улсын иргэд нэг галлон бензинд 4-6 ам.доллар зарцуулж эхэлбэл юу болох билээ? Тээвэрлэлтийн үнэ хэрхэн өөрчлөгдөх вэ? Үүнээс улбаалаад хүнсний бүтээгдэхүүний үнэ яаж өөрчлөгдөх бол?  АНУ-ын Статистикийн хорооны мэдээллээс харахад хүнсний инфляци тус улсын сүүлийн нэг жилийн инфляциас 1,5 дахин илүү байгааг харуулж байна. Гэхдээ энэ нь цаашид үүсч болох нөхцөл байдлын хажууд юу ч биш.

2010 оны байдлаар газар тариалангийн бараг бүх бүтээгдэхүүний үнэ өссөн байгаа. Үнийн энэхүү өсөлт хэрэглэгчдийн амьдралд нөлөөлөөд эхэлсэн. Тэгвэл баррель нефть 100, 120 тэр бүү хэл 150 ам.доллар болчихвол юу болох вэ?

Нефтийн хэрэглээ цаашид ч өсөх нь тодорхой. Гэхдээ эдийн засгийн хурдаар дэлхийд толгой цохиж яваа БНХАУ нефтийн хамгийн том хэрэглэгч болох нь бараг тодорхой болоод байна. Хөгжиж буй бусад орнуудад ч мөн адил хэрэглээ асар ихэсч байгаа билээ. Гэхдээ одоогийн үнэ байх ёстой хэмжээнээс хамаагүй өндөр байгаа. Өөрөөр хэлбэл үнийг зохиомлоор өсгөж байгаа гэхэд болно.

Хэрэв нефтийн үнэ цаашид өссөөр байвал дэлхийн эдийн засагт улам л их нөлөөлөх болно. Харин нефть экспортлогчид үүнээс асар их ашиг олох юм. Түүнчлэн байгаль хамгаалагчдад ч энэ нь таатай. Учир нь үнэ ихсэх тусам хэрэглээ багасч, нэг ёсондоо байгаль орчинд үзүүлэх хор хөнөөл буурах юм.

Харин хэрэглэгчдэд энэ хэрхэн тусах вэ? Шатахууны үнэ өсөхөөс эхлээд дэлгүүрт зарагдаж буй өдөр тутмын бараа бүтээгдэхүүний ч үнэ нэмэгдэхийн хэрээр ажилгүй иргэдийн тоо ч ихсэнэ. Одоо л харанга дэлдэх цаг ирээд байна. Нефтийн борлуулалт болон худалдан авалтын харьцаа хэдийнээ 2008 оны санхүүгийн хямралын өмнөх үетэй ижилхэн болоод байна. Олон хөрөнгө оруулагчид “хатуу бараа”-г сонирхох болж байна. БНХАУ л гэхэд маргааш гэж өдөр байхгүй мэт л асар их хэмжээний алт худалдан авч байгаа билээ. Нэг үгээр хэлвэл хятадууд урд ямар нэг зүйл байгааг мэдэрч байна. Дэлхийн хамгийн шилдэг эдийн засагчид ч мөн адил хямралын дохио ойрхон байгааг хэлж байна. Европын орнуудад тулгараад буй банк санхүүгийн салбарын асуудал, Засгийн газрын өр бусад орнуудад ч таагүй нөхцөл үүсгэж байгаа. Ирландыг дагаад Грек, Испани, Португаль, Бельги зэрэг Европын холбооны орнууд хямрал руу “шуурхайлан” орж байна. Евро хэмээх гол мөнгөн тэмдэгт нь хүртэл нуран унахад ойрхон байна. Энэ нь америкчуудад ашигтай.

Дэлхийн санхүүгийн систем одоо дахин нэг хямралын ирмэгт ирээд байна. Газрын тосны үнийн хөөрөгдөл ч үүнд зохих хувь нэмрээ оруулах нь тодорхой. Хэрэв баррель нефть 100 ам.доллараас давах л юм бол түгшүүрийн дохио өгөх хэрэгтэй. Харин 2011 онд баррель нь 150 ам.доллараас давчихвал паникийн дохио өгөх хэрэгтэй. Ийм зүйл болохгүй л гэж найдахаас өөр замгүй.

Газрын тосны үнэ цаашид өссөн хэвээр байвал дэлхийн эдийн засгийн 2011 оны төлөв “сүйрэл” биш юм аа гэхэд хамгийн сайндаа л “баргар” байхаар байгаа гэдгийг бодууштай юм.

Э.Очирт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж