Байнгын хорооны сонгуулийг яаравчлахыг даалгажээ

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны сонгуулийг яаравчлахыг даалгажээ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хаалттай хуралджээ. Түүгээр УИХ-ын байнгын хороодын дарга нарын нэг жилийн бүрэн эрх дуусгавар болж буй тул шинээр сонгууль явуулах талаар хэлэлцсэн байна. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл уг сонгуулийг энэ долоо хоногт багтаан явуулахыг УИХ дахь Ардын нам, Ардчилсан намын бүлгийн дарга нарт даалгажээ. Гэвч бүлгийн дарга нар бүлгийн хурлаар уг асуудлыг хэлэлцэж нэг мөр шийдвэрт хүрч чадаагүй тул ирэх долоо хоногт болгон хойшлуулж өгөхийг хүссэн байна. Гэвч УИХ-ын дарга Д.Дэмбэрэл бүлгүүдийн ээлжит бус хуралдааныг яаралтай хийж уг асуудлыг нэн даруй шийдэхийг даалгажээ.

Одоогоо ямар гишүүдийн нэрийг байнгын хороодын даргын сонгуульд дэвшүүлэх нь тодорхой бус байгаа ч МАН-ын бүлгийнхэн өнгөрсөн жил улираан сонгосон Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшинг сэлгэж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Арвин, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ,Төсвийн байнгын хорооны дарга  Ц.Даваасүрэн нарыг хэвээр үлдээхээр ярьж буй бололтой. Харин Ардчилсан намын бүлгийнхэн өөрийн мэдлийн гурван байнгын хорооны даргыг 2009 онд хэвээр улираан үлдээсэн билээ. Тэгэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд, Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны байнгын хорооны дарга Батж.Батбаяр, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан нарыг дахин үлдээх, эсвэл солих талаар шийдвэр гаргах ёстой болоод буй аж. Төрийн ордонд дуулдаж буйгаар бол Ардчилсан намын бүлгээс гишүүн Д.Зоригтыг Эдийн засгийн, Р.Амаржаргалыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшүүлж магадгүй байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж