ФиТч үнэлгээний Байгууллага нь Хасбанкны үнэлгээг “тогтвортой” болгон сайжруулан үнэллээ
Нью-Иорк болон Лондонд төвтэй Фитч Рейтингс Олон Улсын Үнэлгээний Байгууллага 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ХасБанкны урт хугацааны гадаад валют болон төгрөгөөр хүлээсэн үүргээ гүйцэтгэх чадварыг үнэлсэн “B-” үнэлгээг “B” буюу ТОГТВОРТОЙ болгон сайжруулан үнэллээ.
Фитч Рейтингс Олон Улсын Үнэлгээний Байгууллага нь энэхүү үнэлгээг макро эдийн засгийн өсөлт болон ХасБанкны зээлийн эрсдэлийн удирдлагын чанартай үйл ажиллагаанаас үүдэн өсөж буй ашигт ажиллагаа, мөн түүнчлэн зээлийн чанарын тогтвортой байдлыг харгалзан үзэж өгсөн билээ.
Ийнхүү ХасБанкны 2010 оны хөндлөнгийн үнэлгээ нь дараахь байдлаар сайжран өөрчлөгдлөө:
- Урт хугацаанд гадаад валютаар хүлээсэн үүргээ гүйцэтгэх чадвар: “B+” буюу “ТОГТВОРТОЙ”
- Богино хугацаанд гадаад валютаар хүлээсэн үүргээ гүйцэтгэх чадвар: “B”
- Урт хугацаанд төгрөгөөр хүлээсэн үүргээ гүйцэтгэх чадвар: “B+” буюу “ТОГТВОРТОЙ”
- Бие даасан үнэлгээ: “D/E”
- Дэд үнэлгээ: 5
- Дэд үнэлгээний босго: “B-”
Фитч Рейтингс Олон Улсын Үнэлгээний Байгууллага нь ХасБанкны Дэд үнэлгээ болон Дэд үнэлгээний босгыг тогтоохдоо Монгол Улсын саяхан шинэчлэгдэн сайжирсан үнэлгээг суурь болгоогүй тухайгаа мөн дурьдсан байна. 2010 оны 11-р сарын 23-ны өдөр Фитч Рейтингс Олон Улсын Үнэлгээний Байгууллага нь Монгол улсын урт хугацаанд гадаад валютаар болон төгрөгөөр хүлээсэн үүргээ гүйцэтгэх чадварыг өмнөх “B” үнэлгээнээс “B+” буюу “Тогтвортой” болгон сайжруулан үнэлсэн нь цаашид Засгийн Газрын зүгээс банкны салбарт шаардлагатай үед дэмжлэг үзүүлэх санхүүгийн чадвар сайжирсантай холбоотой юм.
Фитч Рейтингс Олон Улсын Үнэлгээний Байгууллага нь энэхүү үнэлгээндээ “Санхүүгийн байгууллагуудыг үнэлэх олон улсын үнэлгээ” болон “Байгууллагын санхүүжилтийн богино хугацааны үнэлгээ” хэмээх аргачлалуудыг тус тус ашигласан байна. Эдгээр аргачлалтай www.fitchratings.com цахим хуудсаар танилцах боломжтой.
ХасБанк нь Фитч Рейтингс Олон Улсын Үнэлгээний Байгууллагаар 2008 оноос хойш 3 дахь жилдээ хөндлөнгийн үнэлгээ хийлгэж байгаа бөгөөд уг байгууллагаас тус Банкийг “ТОГТВОРТОЙ” гэж сайжруулан дүгнэсэн нь ХасБанкны зүгээс олон улсын хэмжээнд олж авсан нэр хүнд, компаний засаглал, эрсдэлийн удирдлагын ур чадавхийг улам баталгаажуулж байгаагийн зэрэгцээ тус Банкинд ихээхэн үүрэг хариуцлага, итгэл хүлээлгэж байгаагийн илрэл юм.
ХасБанк нь өөрийн үйл ажиллагаандаа хөндлөнгийн буюу гуравдагч этгээдийн үнэлгээ хийлгэж дүгнэлт, зөвлөмжийг нь ажил хэрэг болгож байх явдлыг туйлын чухалд авч үздэг. Тус Банк 2000-2002 онуудад Планет Рейтинг (www.planetrating.org), 2006 оноос Mууди’з хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар (www.moodys.com) үнэлгээ хийлгэж байгаа ба 2010 онд нийгмийн хариуцлагын үнэлгээг Планет Рейтинг байгууллагаар дахин хийлгээд байна.
ХасБанк нь сүүлийн 10 жил дараалан өөрийн санхүүгийн тайлангаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 3 том хөндлөнгийн аудитын компаниар шалгуулсан ба энэ жилийн хувьд мөн энэ уламжлалаа хадгалан ПрайсуотерхаусКуперс Аудит ХХК (PricewaterhouseCoopers Audit LLC)-ийг (www.pwc.com) сонгон хөндлөнгийн аудитаа хийлгэж байна.
Мөн 2010 оны Монголбанкны газар дээрх ээлжит шалгалтаар “САЙН” үнэлгээ авсан бөгөөд 6 жил дараалан банкны салбарын хэмжээнд хамгийн сайнаар үнэлэгдсэн байна.