Хэрэгтэнг хаацайлсан цагдаа уучлалт гуйгаад л өнгөрөх гэж үү

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Хэрэгтэнг хаацайлсан цагдаа уучлалт гуйгаад л өнгөрөх гэж үү

Балчир охиноо бусдын гарт зэрлэгээр алдсан Ц.Гончиг гэх өнчирсөн эцгийг таних­гүй хүн үгүй болж. Арван дөрөвхөн настай охи­ных нь аминд хүрсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхээр гутлынхаа улыг ханзартал явж байгаа болохоор тэр. 2008 оны долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Ө.Хэрлэнчимэг найз залуу Ж.Оч-Бадрахдаа хайртай гэдгээ батлахын тулд 14 настай Б-ийн хоолойг  боон амь насанд нь  хүрсэн аймшигт хэрэг гарсан юм. Тэр өдрөөс хойш хоёр жил таван сар өнгөрчээ. Харин гэмт этгээдэд  өнөөдрийг хүртэл хариуцлага тооцоогүй. Шүүх хурал зургаан удаа хойшилж, мөрдөн байцаалтад буцаж хоёр жил зургаан сар сунжирсны гогцоо  сая нэг олдов. “Уучлаарай. Бидний буруутай үйлдлээс болж та хохирлоо” гэх утгатай үг хэлээд ажиллаа хийж яваа албан тушаалтнууд буруугаа сая л хүлээн зөвшөөрлөө. Энэ үгийг хэлүүлэх гэж талийгаач охины аав Ц.Гончигт яваагүй, хандаагүй газар үгүй. Шударга байхыг уриалан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүртэл ил захидал бичиж байв.  Аргаа барахдаа төр түмнээсээ хүртсэн алтан гадас одон, хашаа байшингаа шатааж гудамжинд амьдрахаа мэдэгдсэний эцэст “хууль зөрчсөн албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулсан” гэх үгийг сонсов. Шударга ёсны төлөө өөрийнхөө амьдралыг ч гаргуунд нь хаяхаа мэдэгдсэн Ц.Гончигийг өнгөрөгч долоо хоногт  УМБГ-ын дарга Ө.Энхтөр хүлээн  авч уулзаад дэд хурандаа Б.Соёлмаа, цагдаагийн ахмад  Б.Нэргүй нарт сахилгын шийтгэл оногдуулсан тухай “таатай” мэдээ дуулгажээ. Албан тушаалаа ашиглаж хүний амины хэргийг хаацайлсан дээрх хоёр албан тушаалтанг ажлаас нь шууд халахыг тэрбээр шаардаж байсан юм. Гэвч “уучлаарай” гэх үг хэлээд албан тушаалдаа тогтож үлдлээ.

Ажилдаа алдаа гаргасан хүнд “дахиад тэгэж болохгүй шүү” гэж хүүхэд загнаж байгаатай л адил шийдвэр гаргадаг бол Б.Нэргүй, Б.Соёлмаа нар албан ту­шаалдаа үлдэхийн тулд “уучлаарай” гэж хэлсэн мэт санагдана. Тэдний хууль бус үйлдлээс болж Ц.Гон­­чиг хоёр жил зүдэрсэн. Тэдний үгний хариуд “на­даас уучлал гуйх яах вэ.

Охиноо алуурчдын гарт алдсан эцэг хү­ний сэтгэлийг ойлгодоггүй юмаа гэхэд хамт ажилладаг байцаагчдаасаа, тэдний ажилд саад болж мөрдөн байцаалтыг удааш­руул­сан­даа, хамт олныхоо нэр хүндийг уна­га­сандаа уучлал гуйвал шударга болно” гэж хэлжээ.

Гэвч дээрх шийтгэл даан ч хангалтгүй, нүд хуурсан хуурмаг. Хуурмаг гэж байгаагийн учир нь мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд удаа дараа саад учруулсан албан тушаалтнуудыг ШШГЕГ-аас шалгахад УМБГ-ын ахлах мөрдөн байцаагч Б.Соёлмаа дэд хурандаа Б.Нэргүйн ээлжтэй үед Ө.Хэрлэнчимэг нартай удаа дараа уулзсан болохыг тогтоосон юм. Хүний амь санаатай хөнөөсөн хэрэгтнийг хаацайлсан албан тушаалтнууд бүх зүйл нь нотлогдоод ирэхийн цагт уучлаарай  гээд л болчихдог юм байна. Энэ мэт хуулийг гууль болгож уландаа гишгэх нь энгийн үзэгдэл болсныг  энэ хэргийн жишээ нотоллоо. Үүний дараахан Ө.Хэрлэнчимэг нар батлан даалтад гарч талийгаач Б-ийн хоолойг боомилсон даашинзаа шатааж эд мөрийн баримтаа устгасан. Тодруулбал энэ хэрэгт холбогдогч С.Гантуяа “Б.Хэрлэнчимэг намайг  нөгөө даашинзаа устгачих. Бидэнд гай болно” гэсэн болохоор зуслангийн байшиндаа байсан даашинзыг зуухандаа хийгээд орхисон” гэж мэдүүлсэн нь бий. Түүнээс гадна хэрэгт холбогдогч Ө.Хэрлэнчимэг нарын найман хүнээс Д.Сарантуяа хэргээ хүлээж, тухайн өдөр юу болсон, хэн хэрхэн оролцсон талаар мэдүүлсэн бол бусад нь хэргийн газар байгаагүй гэж нэгэн дуугаар хариулаад зогсож байсан.  Уг хэргийн шүүх хурал өмгөөлөгчийн гэдэс өвдсөн гэх мэт аар саархан шалтгаанаар зургаан удаа хойшилж  өнгөрөгч аравдугаар сарын 27, 28-нд болсон ч нэмэлт мөрдөн байцаалтад буцсан юм. Талийгаач охины аав Ц.Гончигийн тэмцлийн үр дүнд уг хэргийг будлиантуулсан хүмүүс буруугаа хүлээж, хэргийн зангилаа тайлагдах эхлэл тавигдлаа. Нэмэлт мөрдөн байцаалтад буцсан уг хэрэг удахгүй шүүхэд шилжинэ. Хэргийг будлиантуулсан албан тушаалтнууд нь гэм буруугаа өөрсдөө хү­лээн зөвшөөрсөн тул гэмт этгээдэд хариуцлага хүлээл­гэнэ гэдэгт талийгаачийн аав Ц.Гончиг итгэж байгаа.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж