Хан-Уул дүүрэг “Иргэний танхим”-тай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүрэг “Иргэний танхим”-тай боллоо

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд өчигдөр тойрогтоо ажиллав. Тэрээр Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургуульд иж бүрэн компьютерийн лаборатори хүлээлгэн өгч, Яармагийн үйлдвэр үйлчилгээний төвийн барилгын явцтай танилцав. Мөн тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх “Иргэний танхим”-ын нээлтийг ёслолд  оролцлоо. Түүнтэй хамт Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын тамгын газрын дарга  Ц.Отгонбямба, Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”ын дарга н.Аззаяа болон бусад холбогдох албаныхан байлцав.

Нийслэлийн 41 дүгээр сургуулийн мэдээлэл зүйн танхимд  сүүлийн үеийн иж бүрэн 20 ширхэг компьютер бүхий лаборатори хүлээлгэн өглөө. Тус сургуульд энэхүү лабораторийг нээснээр сурагчид мэдээлэл зүйн хичээлийг шинэ хуучин хоёр танхимд зэрэг суралцах боломжтой болж байгаа аж. Учир нь тус сургуульд өмнө нь 15 ширхэг хуучин компьютер бүхий мэдээлэл зүйн ганц танхимтай байжээ.

Яармагийн үйлдвэр үйлчилгээний төв буюу “Худалдааны төв”-ийн барилгын явцтай танилцав. Тус худалдааны төвийг энэ сарын сүүлээр ашиглалтад өгөхөөр товлоод байсан ч ирэх оны хоёрдугаар сард хүлээлгэж өгөхөөр болжээ. 650 мкв талбайтай, нэг давхар, халаалтыг 38 квт-ын уурын зуухаар шийдсэн тус объектын гүйцэтгэл 98 хувьтай байгаа аж. Худалдааны төв ашиглалтад орсноор Яармаг орчмын 50 иргэн ажлын байраар хангагдах бол иргэд хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг зардал багатайгаар шууд худалдан авалт хийх боломжтой болох юм.

Хан-уул дүүргийн соёлын ордонд байрлах дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дэргэдэх “Иргэний танхим”-ын нээлтийн ёслолоос өмнө тус соёлын ордонтой танилцав. Хан-уул дүүргийн соёлын ордон анх 1936 онд ашиглалтад орсон аж. Уг барилга хуучирч муудсан тул эргэн төлөх нөхцөлтэйгээр 184 сая төгрөгийн зээл авч шинэчлэн засварлажээ. Соёлын ордонд ахмад уран сайханчдын хамтлаг болон хүүхэд залууст зориулсан морин хуур, гитарын сургалт, дуу, бүжиг зэрэг есөн дугуйлан ажилладаг ба нийт 400 орчим суралцагчтай гэнэ.  Соёлын ордоны дарга Б.Минжүүр “Соёлын ордныг өнгөрсөн оноос шинэчлэн засварлаад энэ оны зургаадугаар сараас ашиглаж эхэлсэн.  Байнгын ажиллагаатай болсоноор хүүхэд залуусын ирэх дуртай газрын нэг болсон гэдэгт итгэлтэй байна” гэв.

“Иргэний танхим”-ын нээлтийн үеэр тус дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг “ Дүүргийн зүгээс ард иргэдэд чиглэсэн олон ажил хийдэг. Тухайлбал,  “Иргэдээ сонсъё” аян өрнүүлж, Яармагийн дэнжид үйлдвэрлэл үйлчилгээний төв,  Агро парк байгуулах зэрэг ажлыг эхлүүлсэн.  Харин “Иргэний танхим” нээгдсэнээр УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, дүүргийн тулгамдсан асуудлыг ард иргэд нйитээс хэлэлцэж тэдний байр суурийг тусгах боломжтой боллоо. Мөн хууль тогтоох,  бодлого боловсруулах, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, нээлттэй, хяналттай  хариуцлагатай иргэний нийгмийг төлөвшүүлэх эхлэл нь болж  байна.” гэв.

 Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд дүүргийнхээ иргэдэд тус танхимд хүрэлцэн ирж өөрийн дуу хоолойг төр засгийн удирдлагуудад хүргэх боломжтой болж буйд баяр хүргэлээ. Тэрээр соёлын ордоны гадна талбаыд алслагдсан гурван хорооны өрхийн эмнэлэгт автомашин, цагдаагийн тасагт дөрвөн мотоцикл хүлээлгэн өгч, төгсгөлд нь хорооны ахмадуудад гарын бэлэг өглөө. Тэрээр дээрх ажлуудыг УИХ-ын гишүүний багц болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Хан-Уул” хөгжил хөтөлбөрийн хүрээнд хамран санхүүжилт гаргаж байгаа аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж