“ТЭЦ-2”-ын дэргэд 210 мянган тонн коксжсон түлш хийх үйлдвэр байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

“ТЭЦ-2”-ын дэргэд 210 мянган тонн коксжсон түлш хийх үйлдвэр байгуулна

Үндэсний аудитын газрын дарга Ч.Раднаагаас дараах тодруулгыг авлаа.

-Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн аудитын дүгнэлтийн талаар тодруулахгүй юу. Юунаас болоод ямар зөрчил гарчих вэ?

-Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд жилдээ 12 мянган тонн үртсэн шахмал түлш боловсруулах үйлдвэр байгуулах тендер зарлаж барьж байгуулсан байсан. 2010 оны хувьд орон нутгаас хөрөнгө тусгаагүй. Улсын төсвөөс таван тэрбум төгрөг тусгасан. Түүгээр “ТЭЦ-2” дулааны цахилгаан станцыг түшиглээд жилд 210 мянган тонн хагас кокосжсон түлш үйлдвэрлэх цогцолбор байгуулахаар шийдвэрлэсэн. Хөрөнгийн зарцуулалтыг авч үзэхэд Хялганатад үртсэн түлшний үйлдвэр ашиглалтад орсон ч, жигдрээгүй байна.

-Ажил нь одоо болтол жигдрээгүй байгаа шалтгаан нь юу юм бол?

-Зураг төсөлгүйгээр ажлаа эхлүүлсэн, барих газраа сонгохдоо үртэсний нөөцийг тодорхойлоогүйгээс шалтгаалж чирэгдэл нэлээд гарсан. Жишээ нь, иж бүрэн үйлдвэр гэдэг дотроо юу юу байх вэ гэдгийг тодорхой заагаагүйгээс сүүлд нь хашаа барих, нүүрс бултлагч тавих, агуулах барих, зөөврийн ачааны машин авах, төмөр замын салаа дээр буулгах төхөөрөмж байгуулах зэрэг ажил үлдэж, дахин 250-260 сая төгрөг гаргаж гүйцээсэн байх жишээтэй. Өнгөрсөн есдүгээр сард биднийг аудит хийхэд хүчин чадалдаа хүрэхгүй ажиллаж байсан, одоогийн байдлаар нийтдээ 400-500 тонн үртсэн шахмал түлш үйлдвэрлэж байна. Энэ хүчин чадлаар ажиллавал, төсөлд заасан жилдээ 12 мянган тонн үртсэн түлш үйлдвэрлэх хэмжээнд хүртэл яагаа ч үгүй. Тиймээс энэ ажлыг  шуурхайлах, инженер техникийн ажилтнуудаар хангах, ажлыг нь жигдрүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан.  Улсын төсвөөс өнөө жил гаргаж байгаа таван тэрбум төгрөгийн хувьд “ТЭЦ-2” дулааны цахилгаан станцыг түшиглээд хагас коксжсон нүүрс үйлдвэрлэх ажлыг түргэлэхгүй бол болохгүй гэж дүгнэлт гаргасан.

-Гэхдээ 2010 он дуусч байна шүү дээ?

-2010 он дуусч байна. Биднийг есдүгээр сард энэ ажлыг шалгахад таван тэрбум төгрөгөөс зарцуулаагүй байсан. Өөрөөр хэлбэл, Техник эдийн засгийн үндэслэлээ хийх гэж,  зураг төсвөө хийх гэж гэрээгээ байгуулах гээд цаг нэлээд алдсан юм билээ.

-Энэ үйлдвэрийг байгуулснаар нийслэлийн утааг багасгахад хэр дэмжлэг болох юм бол?

 -Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад энэ үйлдвэр үнэмлэхгүй нэмэр болно гэж үзэж байгаа. Жижиг, жижиг үртсэн шахмал түлш ч бай, нүүрсэн шахмалууд гэр хорооллын иргэдийг хангаж чадахгүй байна. Жилдээ 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулагдчихвал, гэр хорооллынхон түүнийг нь ашиглаад сурчихвал Улаанбаатар хотын утаа багасна. Тиймээс энэ ажлыг түргэтгэх шаардлагатай гэж үзсэн.

-Тендер шалгаруулалт дээр будилаан гарсан гэж УИХ-ын гишүүн Ц.Батбаяр хэлээд байгаа. Юунаас болж тендер будилчихав?

-Тендер шалгаруулалт дээр нэг зөрчил байгаа. Нэг тэрбум төгрөгөөс дээшхи өртөгтэй тендерийг шалгаруулахдаа олон улсын худалдаанд гардаг хэвлэлүүдээр тендерийг зарлах заалт бий. Үүнийг зөрчөөд дотооддоо байдаг өдөр тутмын сонинд тендерийг зарласан. Мөн Сангийн яамны вэб сайтад тавигдсанаас өөр ноцтой зөрчил байхгүй л дээ.

-Шахмал түлшний чанарт шалгалт хийсэн үү?

-Хялганатын үртсэн түлшийг үзсэн. Үртсэний хувьд хор нь бага байж болно, гэхдээ утаа нь багасаагүй шинжтэй байгаа. Яагаад гэвэл коксжоогүй, үртсийг шахчихсан учраас тэр хэвээр харагдаад байгаа. Үртэс нь тодорхой температурт халаад, бодис нь дэгдээд дэгдэмхий бодис нь гараад ирэхээрээ кокс маяг руу ордог. Өөрөөр хэлбэл цогшдог хэлбэр лүү ороогүй шатдаг хэлбэртэй байгаа. “ТЭЦ-2” дулааны цахилгаан станцыг түшиглэж барих үйлдвэрийн хувьд хагас коксжсон нүүрс байх юм. Бүтэн коксжсон нүүрсийг гэр хороололд түлж болохгүй, зуухыг нь хайлуулчихна. Тиймээс гэр хорооллын зууханд түлэх хэмжээнд тохируулж, татаж авах ёстой. Энэ нь маш нарийн технологи шаарддаг учраас урьд өмнө энэ төрлийн түлш хийж байсан компаниудтай хамтарч хийхээр төлөвлөөд байгаа юм билээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж