Хувь хишгээр асуулга тавилаа

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Хувь хишгээр асуулга тавилаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайд  С.Батболдод хандан өнөөдөр асуулга тавьсан байна. Асуулгад эрхэм гишүүн “2008 оны УИХ-ын сонгуулиар “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” хэлбэрээр иргэн бүрт 1-1,5 сая төгрөг олгохоор улс төрийн хоёр том нам амлалт өгч, мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн. Амлалтаа биелүүлэх үүднээс “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийг санаачлан боловсруулж, эхний ээлжинд 120 мянган төгрөгийг иргэн бүртээ энэ онд “Хүний хөгжил сан”-гаас бэлнээр олгож байна. Харин 2011 онд Монгол Улсын иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөгийг хувь, хишиг хэлбэрээр олгохоор тооцсон бөгөөд иргэд өөрсдийн санаачлагаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх болон бусад хөрөнгө оруулалтын хэлбэрээр авах тохиолдолд бэлэн бусаар бөөн дүнгээр нь олгохоор Улсын Их Хурлаас шийдвэрлэлээ. Энэ нь иргэдийнхээ амьжиргааны түвшин, хишиг хувь олгосноор эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, улс орны цаашдын хөгжлийн бодлого зэргийг харгалзан үзсэн шийдвэр билээ.

Зах зээлийн эдийн засагтай нийгэмд иргэд бэлэнчлэх сэтгэлгээнээс ангижирч, хөдөлмөрийн үр шимээр амьдрах ёстойг ойлгож, түүнийхээ төлөө тэмцдэг нь нэг том ололт юм. Үүнийг ч төрөөс дэмжиж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ойрын 10-15 жилд жижиг дунд үйлдвэрлэлийг тууштай дэмжин хөгжүүлэхээр бодлого зорилтоо тодорхойлсон. Уг зорилтын хүрээнд 2009, 2010 онд л гэхэд нийтдээ Улсын төсвөөс 60 тэрбум төгрөгийг зөвхөн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэхэд зарцуулж, уг үйл ажиллагаа нь тодорхой үр дүнгээ өгч байна.

Мөн “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”, “Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл” зэрэг бодлогын баримт бичгүүдийг Засгийн газраас боловсруулан гаргасан бөгөөд гагцхүү хэрэгжилтийг хангахад хөрөнгө санхүүжилтын асуудал тулгарч байдаг. Ирэх 2011 оны хувьд жижиг дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт тодорхой хөрөнгө тусгагдаагүй, зөвхөн өмнө олгогдсон зээлийн эргэн төлөлтөөс санхүүжихээр болсон нь жижиг, дунд бизнес эрхлэх хүсэлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүйд хүрээд байгаа.

Тиймээс ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын зориулалтаар хувь, хишгээ зарцуулах хүсэлтэй иргэдээ дэмжиж, хамтарч бизнес эрхлэх боломжийг нь бүрдүүлэхэд онцгой анхаарч, 2011 онд олгохоор төлөвлөсөн 702,5 тэрбум төгрөгийг үр дүнтэй зарцуулах шаардлагатай байна.

“Бид сонгуулийн амлалтаа биелүүлж байгаа, харин ард иргэд та бүгд маань хувь, хишгээ сар сардаа бэлнээр нь авна уу, бөөнөөр нь аваад бизнес эрхэлнэ үү та бүгдийн сонголтын асуудал” гэсэн байдлаар хандаж, тодорхой бодитой зүйлд хөрөнгө оруулалт хийх арга замыг нь зааж өгөхгүй цаг хугацаа алдах юм бол дээрх 702,5 тэрбум төгрөг 2010 онд тараагдаад дуусч байгаа 337 тэрбум төгрөг шиг үр дүнгүй зарцуулагдахад хүрнэ. Иймд энэ асуудал дээр хэрхэн анхаарч байгаа талаар мэдээлэл аваыг хүсч, асуулга тавьж байна.  

Нэгдүгээрт, 702,5 тэрбум төгрөгийг жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр олговол ойролцоогоор 200-гаад мянган ажлын байр бий болгох боломжтой гэсэн эдийн засгийн тооцоо байна. Иймээс хувь хишгээ хөрөнгө оруулалтанд зарцуулах үйл ажиллагаанд аль болох олон иргэдийг хамруулах, иргэд оршин суугаа нутаг дэвсгэр болон өөрсдийн саналаараа нэгдэн, хамтран хөрөнгө босгож үйлдвэр байгуулах, оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хувьцаа эзэмшиж, өөрсдийн оролцоо, ажлын байрыг бий болгох зохицуулалт хийх, ингэхдээ зах зээлийн багтаамж сайтай салбарт, хүчин чадал өндөртэй үйлдвэрүүд байгуулан ажлын байрыг олноор бий болгоход түлхүү анхаарч, менежмент, зохион байгуулалт, төрийн үйлчилгээ талаас нь дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэсэн өөрийн саналыг тэмдэглэж, анхааралдаа авахыг хүсч байна.

Хоёрдугаарт, Хөрөнгө оруулалт хийж, ажлын байрыг бий болгох зориулалтаар бөөнөөр нь олгох хувь хишгийн зохицуулалтыг яаралтай хийхгүй бол иргэд хөрөнгө оруулалт хийх, бизнес эрхлэх арга ухаанаа олж ядаж байхаар төвөг чирэгдэлгүй бэлнээр авах сонголтыг хийж, үр дүн муутай зарцуулагдахаар байна. Иймээс хувь хишгийг бэлэн бусаар бөөнд нь олгох асуудлыг хэдийд, ямар арга замаар, ямар субъектуудын оролцоотойгоор, хэрхэн шийдвэрлэх гэж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Гуравдугаарт, Монгол Улсын хэмжээнд болон бүс, аймаг, сумын хэмжээнд байгуулах боломжтой үйлдвэрүүдийн жагсаалт, тооцоо судалгаа цаасан дээр гарчихсан байдаг боловч эдгээрийг байгуулах, хэрэгжүүлэх төлөвлөлт, стратеги тодорхойгүй байгаа. Үүнээс үүдэн энэ чиглэлд явуулж буй үйл ажиллагаанууд бодлого чиглэлтэйгээ төдийлөн уялдаагүй хийгдэж, үр нь хангалтгүй гардаг. Иймээс Монгол Улсад үйлдвэрлэл хөгжүүлэх төлөвлөлт, тооцоо судалгааг нарийвчлан гаргаж, үйлдвэрлэлийн ямар салбарыг хөгжүүлэх, хэдэн ажлын байр бий болгох, хөрөнгө санхүүжилтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэрэг олон чухал асуудлыг тодорхой болгож, эдийн засгийн бусад бодлого хөтөлбөртэйгээ уялдуулах шаардлага эн тэргүүнд тулгарч байна. Энэ тал дээр тодорхой төлөвлөсөн буюу хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өгнө үү?

Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж, улмаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг хүсье” гэжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж