Уулзалт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Ерөнхийлөгч хэлэхдээ “Улиран хоцорч буй оны амжилт бүтээлээ бахдан харж, алдаа сургамжаа эргэн дэнслэж, ирж буй шинэ оны босгон дээр Та бүхэнтэй уламжлал ёсоор уулзаж байгаадаа туйлын таатай байна. Та бүхний дэмжлэг, хамтын ажиллагааны үрээр 2010 оны нэгэн хатуу өвлийг монголчууд бид даван туулж гарлаа. Гэсэн хэдий ч 2010 онд манай улсын эдийн засгийн өсөлт нилээд сайн гарах төлөвтэй байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт ажиглагдаж, түүний дотор манай өмнөд хөрш – БНХАУ болон Азийн бусад улс орны эдийн засгийн өсөлт бидэнд сайнаар нөлөөллөө. Энэхүү таатай мэдээг Монголын уул уурхайн салбаргүйгээр төсөөлөх аргагүй. Бид уг салбарыг түшиглэн эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгохын төлөө та бүхэнтэй цаашид нягт хамтран ажиллах болно” гэж тэмдэглэлээ.
Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ Монгол Улсын гадаад харилцаа 2010 онд олон сайхан үйл явдлаар дүүрэн жил байлаа. Бид гадаад бодлогын нэгдмэл, залгамж чанарыг хадгалан, энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогоо тууштай үргэлжлүүлж, гадаад харилцааны үр өгөөжийг дээшлүүлэх замаар үндэсний хөгжлөө тэтгэхэд чиглэсэн үйл ажиллагааг идэвхтэй явуулж ирлээ” гэв.
Ерөнхийлөгч үгийнхээ төгсгөлд “Миний бие дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд онцгой анхаарал тавьж ирлээ гээд Монгол Улс 2011 оны 7 дугаар сараас Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жилийн хугацаатайгаар даргалах юм. Ардчилсан хөдөлгөөний 20 жилээ энэ онд тэмдэглэж буй манай улсын хувьд энэ ажил манай улсын нэр хүндийг олон улсын тавцанд улам өргөж, ардчиллыг бэхжүүлэх үйлсэд чухал хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Энэхүү хариуцлагатай, нэр төртэй үүргийг Та бүхний дэмжлэг туслалцаатайгаар гүйцэтгэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллах болно” гэж онцлон тэмдэглэв.
Ерөнхийлөгч эцэст нь “Монголчууд бидэнтэй үргэлж эв найртай хамт ажиллаж, аж төрж ирсэн Та бүхэнд талархаж байна. Та бүхний ажил үйлс ирэх он жилүүдэд өөдрөг сайхнаар үргэлжилнэ хэмээн итгэж, мөн ийм байхыг ерөөе. Та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлье” гэлээ.
Дипломат корпусын ахлагч, ХБНГУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фишэр хүрэлцэн ирсэн Элчин сайд, Хэргийг түр хамаарагч, Олон улсын байгууллагын төлөөлөгчдийг төлөөлөн шинэ жилийн мэнд дэвшүүлж үг хэлэхдээ ”Ноён Ерөнхийлөгч Та өөрийн үг болон үйлдлээрээ хүний эрх, улс төр болон хууль тогтоох явц дахь иргэний оролцоог хөхиүлэн дэмжихэд, мөн шүүх эрх мэдлийг бэхжүүлэх, авилгатай тэмцэхэд чухал хувь нэмэр оруулсан билээ” гэж онцлон дурьдлаа.
Монгол Улс 2010 онд гадаад бодлогоо маш идэвхтэй өрнүүлэн сайн хөршийн харилцааг хөрш хоёр оронтойгоо цаашид хөгжүүлэн, мөн гурав дахь хөрш орнуудтай харилцаагаа тэлэн, олон улсын энхийг сахиулах хүчний үйл ажиллагаанд, идэвхтэй оролцож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, түүний Монгол Улсад үзүүлж буй сөрөг нөлөөний талаар дуу хоолойгоо дэлхийн нийтэд хүргэсэн юм гэж тэр бас хэлэв.
Тэрээр цааш нь хэлэхдээ “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таны Япон, Европын орнуудад хийсэн айлчлал, мөн Ази-Европын Брюсселийн дээд хэмжээний уулзалтын үеэр хийсэн мэдэгдлүүд тань Монгол Улс нь энхийг сахиулах болон олон улсын хэмжээний ач холбогдол бүхий бусад сорилтыг даван туулахад чиглэсэн олон талт хүчин чармайлтад тууштай оролцох болно гэдгийг тодоор нотолсон юм. Монгол Улс олон улсын нийгэмлэгээс өндрөөр үнэлэгддэг нэгэн гишүүн улс билээ” хэмээн тэмдэглээд дипломат корпусын нэрийн өмнөөс монголын ард түмэнд цэцэглэл хөгжил, сайн сайхныг хүсэн ерөөе гэлээ.