Ерөнхий сайд хувийн хэвшлийнхэнтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд хувийн хэвшлийнхэнтэй уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 4-р сарын 2-ны өдөр “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд хувийн хэвшлийнхэнтэй 4 дэх удаагаа уулзлаа.

    Ерөнхий сайд уулзалтад оролцогчдод хандаж сүүлийн үед Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гаргасан томоохон шийдвэрүүдийнхээ талаар танилцуулав.
     Энэ хүрээнд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Тавантолгойн ордыг ашиглах шийдвэр,  2010-2012 онд багтаан Монгол Улсын иргэн бүрт хүртээх 1.5 сая төгрөгийг олгох арга зам, Төмөр зам болон дэд бүтцийг хөгжүүлэх талаар гаргасан шийдвэр, төлөвлөсөн арга хэмжээ, Орон сууцжуулах хөтөлбөр зэрэг 5 томоохон ажлын чиглэл  багтаж байгаа юм.
     Тэрбээр эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийнхэн идэвхи санаачлагатай оролцон хамтран ажиллах боломжийг хангах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж буйгаа онцлон тэмдэглээд уулзалтад оролцогчдыг санал бодлоо хэлэхийг  хүсэв.
     Засгийн газраас хэрэгжүүлж томоохон арга хэмжээнүүдтэй холбогдсон салбар уулзалтуудыг тухайн яам болон мэргэжлийн байгууллагуудтай тасралтгүй, системтэй, тогтмол хийх нь цаашдын ажлаа төлөвлөх хамтран ажиллах гарцаа оновчтой тодорхойлон ахиухан үр дүнд хүрэх боломж бүрдэнэ гэж Ерөнхий  сайд хэллээ.
     Уулзалтад оролцогчид санал бодлоо илэрхийлэн сонирхсон асуудлаараа Ерөнхий сайд болон бусад сайдаас хариулт авлаа.
     Уулзалтад Сангийн сайд С.Баярцогт, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, ГХ-ны сайд Г.Занданшатар, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай болон Ерөнхий сайдын зөвлөхүүд, албаны хүмүүс оролцлоо гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж