Энэ зорилтын хүрээнд оны эхэнд идэвхтэн байгаль хамгаалагчид, ЕБСургуулийн сурагчдын байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа клубуудын дунд болзолт уралдаан зарласан юм. Түүнчлэн, аймгийн хэмжээнд ЕБСургуулийн V-VII ангийн сурагчдын дунд "Байгаль эхээ хайрлая" сэдэвт гар зургийн уралдаан зарласан.
Эдгээр ажлыг дүгнэх комисс энэ сарын 16-ны өдөр болзолт уралдааны хошуучлагчдаа тодрууллаа. Тэргүүний идэвхтэн байгаль хамгаалагчаар Ноён сумын Д.Тулгазана, Ханхонгор сумын А.Сугиа нар шалгарсан бол Манлай сумын Л.Болормаа, Ханбогд сумын А.Улам-Өрнөх, Н.Цогнэмэх, Баян-Овоо сумын Г.Жаргал нар удаахь байранд шалгарчээ. Харин ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Баяндалай сумын "Ёл" клуб, Даланзадгад сумын "Шонхор" клуб, Мандал-Овоо сумын "Онги" клуб тус тус тэргүүлжээ. Болзолт уралдаанууд зарлан урамшуулж байгаа нь хүүхэд багачууд, иргэдийн байгаль хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулах, дэмжих, сурталчлах, экологийн мэдлэгийг дээшлүүлсэн үр дүнтэй ажил боллоо гэж уралдааныг зохион байгуулагчид онцолж байна.