Даян дээрхийн агуй жуулчдын нүдийг хужирлаж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Даян дээрхийн агуй жуулчдын нүдийг хужирлаж байна

Монгол эх орны маань өргөн, уудам тал, онгон дагшин байгаль, сүрлэг өндөр уул, үелзэн урсах гол мөрөн, цэлмэг хөх тэнгэр, цэнгэг сайхан агаар энэ бүгдийг харсан үзсэн хүн бүхний сэтгэл тэнийж, бишрэхгүй байхын аргагүй билээ.
Түүнчлэн манай улсын үзэсгэлэнт сайхан байгаль дэлхийн улс орнуудын гайхширал, бишрэлийг төрүүлсээр байна. Тухайлбал: Монголын төдийгүй гадны жуулчдын очиж үзэхийг хүсдэг аялал жуулчлалын бүс Монголын Швейцарь гэгддэг Хөвсгөл аймгийн нутагт байдаг Даян Дээрхийн агуйн талаар “Nomadgreen” байгаль орчны сайтын уншигч та нартаа зориулан товч танилцуулгыг нийтэлж байна.
Даян дээрхийн агуй нь сүүлийн үед судлаачдын тогтоосноор Монголын хамгийн том агуйд зүй ёсоор орж байна. Уг агуй нь Хөвсгөл аймгийн нутаг Цагаан-Үүр сумын төвөөс 35 км зайд орших Үүрийн голын баруун цутгалын дунд хавьд Номхон уулын дунд орчим зүүн урагш хандсан дөрвөлжин хаалга хэлбэртэй том, жижиг 3 амтай. Агуун том ам хэмжээгээрээ 3х4 метр ба бусад амууд нь дээрхээс хэмжээний хувьд бага.
Даян дээрхийн агуйн аманд 2 метр өндөр чулуун овоо байдаг ба уг чулуу нь агуйн амсар нь юм. Агуйн их ам дотор талдаа 1м орчим чулуун босготой, босгыг даван ороход төвөгтэй учир зориуд чулуун шат тавьсан байдаг. Уг босгыг давангуут 7 метр орчим өргөнтэй, 15 метр өндөр дөрвөлжин хэлбэртэй том хөндий хэд хэдэн тасалгаатай. Том тасалгааны нийт урт 32.5 метр. Хоёр дахь тасалгааны эцэст эгц дээш өгсөж ордог хоёр дахь давхарын тасалгаа бий. Уг давхар нь баруун хойш чиглэсэн 4 метрийн өндөр, 3-5 метрийн өргөнтэй 24 метр урт том тасалгаатай. Эл тасалгаа нь шил мэт тунгалаг өнгөтэй гурван том баганатай, шалан талын хэсэг гүн худаг мэт жижиг нүхтэй, тал тал тийш салбарласан олон жижиг хонгилоос бүрддэг.
Агуйг дээр үеэс тахин шүтэж байсан ба Даян дээрхийн хийд гэж нэрлэгддэг тус агуйд 300 орчим лам, 1000 орчим шавьтайгаа байнга сууж тахидаг байжээ. Өдгөө ч жил бүр Цагаан сарын шинийн нэгнээс шинийн 15-ны хооронд Хөвсгөл аймаг болон ойролцоох нутгийн лам нар ном хурж Даян Дээрхийн агуйг тахидаг байна. Энэхүү агуйн бас нэгэн сонирхолтой зүй тогтоц хэлмэгдүүлэлтийн үед лам хуврага нар агуйгаар дамжин Зөвлөлт холбоот улс руу хил гарч дүрвэдэг байсан хэмээн тэмдэглэгдсэн нь бий. Гэсэн хэдий ч сувгуудыг тухайн үед дэлбэлж уг гарцыг хаасан байна.
Мөн агуйг үзэж сонирхохоор жилдээ гадаадын 100-200 орчим хүн, шинийн нэгнээс 15-ны хооронд өдөртөө хот, хөдөөгөөс өдөртөө 200-гаад хүн ирж овооны тахилгад оролцож, эхийн умай, алтан хурын тагтын рашаанд орж ариусан, ирж буй жилийнхээ ажил үйлс, хийморь лундаагаа сэргээн уул, усаа тахидаг заншилтай юм. Агуйн хажууд шинээр зуслангийн байрны шав тавьсан нь үзэж сонирхохоор зорин ирэх гадаад, дотоодын жуулчдын тав тухтай байх нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн агаад Даян дээрхийн агуйг сонирхож ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж