Манай засгийн газар төсөв батлах тал дээрээ арай л маруухан байна гэж мөнгө төгрөгний асуудлыг ойлгодог хэн хүнгүй шаагилдах болсон. Улсын төсөв гэж жил бүр айхтар их мөнгөний тоо хэлчихээд түүгээрээ хийсэн бүтээсэн нь эгээ л гарын хуруунд багтах төдий байх юм. Тэр мөнгийг ихэвчлэн хэрэгтэй хэрэггүй юманд зарцуулчихдаг болохоор төсвийн мөнгө усанд хаясан чулуу мэт алга болчихсон юм шигээр иргэдэд санагдана. Ингэж ойлгоход буруу ч гэж юу байх вэ. Ер нь Монгол Улсын Засгийн газраас ирэх жилийн төсвийн төчнөөн төгрөг хэмээн тогтоолоо гээд сүржин дуулианаар зарладагаас биш өмнөх жилд төсвийн хөрөнгөөр нүдэнд харагдаж, гарт баригдахаар юм хийдэггүй мэт. Тийм биш л юм бол төсвийн зарцуулалтаа юунд зориулснаа ард иргэддээ тайлагнаад явмаар даа. АНУ-д гэхэд тав, зургадугаар сарын үед л ирэх оныхоо төсвийг гаргачихдаг аж. Харин манайд ингэж өмнө нь урьдчилсан байдлаар төсвөө гаргадаггүй юм аа гэхэд жил бүрийн төсөв дээрээ сайтар хэлэлцэж, ярьж баймаар санагдах юм. Тухайлбал, нэг аймаг, сумд ирэх онд 200 сая төгрөг төсөвлөлөө гэхэд энэ мөнгөний тухай яриа тэр нутагт улсаас авах мөнгөөр бид нутгийн оршин суугчиддаа ач тустай, ашиг өгөөжтэй ямар юм хийх вэ гэх зэргээр хэлэлцэх нь зүйтэй. Ер нь зөвхөн аймаг, сумдад хэлэлцэж байхаар бүх нийтийн хэлэлцүүлэг, уулзалт зохиож, төсвөө хэрхэн зарцуулах вэ гэдэг асуудал дээр санал бодлоо хуваалцах хэрэгтэй юм. Гэтэл үүний оронд хот, хөдөө орон нутагт хэрэгтэй хэрэгггүй юманд өчнөөн сая төгрөгөөр зарлагадаж, улсын хөрөнгийг үрэн таран хийх нь ч бий. Тухайлбал, хар усан тохойд цэвэр усны ундаргыг хамгаалах зорилгоор хааш хаашаагаа 1.5 метрийн хэмжээтэй сэндвичэн байр барихад л гурван сая төгрөг төсөвлөсөн гэдэг. Цэвэр усны ундаргаа хамгаалж байгаа нь сайн хэрэг. Гэвч энэ жижигхэн байрыг барихад гурван сая төгрөг гэдэг дэндүү ахадмаар сонсогдохгүй байна гэж үү. Тийм ээ, үүнийг барихад зарцуулсан гурван сая төгрөгөөр өөр юм хийж болох л байсан. Өнөөдрийн байдлаар орон сууцны 1 мкв хэмжээг ихээр бодоход 800 мянган төгрөг байгаа. Гэтэл ийм жаахан “муурын” байшинд гурван сая төгрөг төсөвлөдөг нь ч юув дээ. Уг нь хамгийн ихдээ л гэхэд ганц сая төгрөгөөр бүтчих ажил баймаар юм. Үлдсэн хоёр саяыг нь хэн нэгэн дарга халаасалчихсан л байх даа. Тэгсэн хэрнээ ажилчдадаа өгч байгаа мөнгө нь хумсын толион чинээ. Хатуухан хэлэхэд төсвийн хөрөнгийг дундаас нь “цавчдаг” дарга нарын л балгаар Монгол Улс маань феодализмын замаар л явж байна шүү дээ. Манайхаас бусад оронд хамгийн их цалингаа ажилчиддаа өг. Үлдсэн хэсгийг нь эзэн ав. Үлдэхгүй бол яахав дээ гэсэн зарчмыг дагаж мөрддөг. Яг үүний эсрэг буюу Монгол Улсад 100 сая төгрөгийн орлоготой компани байлаа гэхэд 80 хувийг нь эзэн аваад, 20 хүрэхтэй үгүйтэйг нь ажилчдад өгдөг учраас л феодал гээд байгаа юм. Хамаг муу муухай, хүнд хүчир ажлыг нь хийчихээд хэдхэн бор цаас аваад сэтгэл хангалуун яваа ажилчин тун ч жаргалтай. Харин ажилчдынхаа цалингаас хумсалж, түүгээр ч зогсохгүй улсаас төсөвлөсөн мөнгөний ихийг нь авч өвөртөлсөн “бүдүүн” даргын сэтгэл нь ханаж цадахаа үзэхгүй юм даа. Эцсийн дүндээ Улсын төсвийн зарцуулалтыг нарийн шалгаж, хяналт тавих хэрэгтэй байна гэдгийг анхаарах цаг ирсэн юм биш үү.
Л.ДӨЛГӨӨН
"Монголын мэдээ" сонин